logo
Луврын музейд Мона Лизагийн хуулбар зургийг тавьжээ

Луврын музейд Мона Лизагийн хуулбар зургийг тавьжээ

2012/03/31
Хамгийн нууцлаг инээмсэглэлийг дуурайлган зурсныг та харж байна. Энэ бол Леонардо Да Винчигийн алдарт Мона Лизагийн хуулбар зураг юм. Хуулбарыг Парисын Луврын музейд түр хугацаагаар тавьжээ. Хуулбарыг Да Винчигийн туслахуудын нэг зурсан ч музейн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэ зургаас жинхэнэ эх зургийн тухай их зүйлийг мэдэж авч болох юм байна.
Хуулбар зургийг Луврын музейд зохион байгуулж байгаа үзэсгэлэнд зориулж Мадридын Прадо музейгээс түр хугацаагаар авчирсан байна. Луврын музейд түүнчлэн Да Винчигийн өөр нэг зургийг тавьжээ. Луврын музейн уран зураг хариуцсан ажилтан Вансан Дэлиуван ярихдаа "Гэгээн Анн бол Леонардо Да Винчигийн хамгийн сүүлийн зураг, зөвхөн энэ зураг бидэнд түүнийг хэрхэн ажилладаг байсныг бүрэн судлах боломжийг олгодог" гэжээ.
Леонардо болон түүний шавь нарын ажлын арга барил, зураг зурах үйл явцыг харуулсан хар зураг болон судалбар зургуудыг музейд мөн тавьсан байна.
Леонардо Ди Винчигийн уран зургийн үзэсгэлэн гуравдугаар сарын 29-нөөс зургадугаар сарыг дуустал үргэлжилнэ.
Францын хамгийн алдартай газруудын нэг нь Луврын музей юм. Лувр гэдэг нь “Чонын ой” гэсэн үг бөгөөд энд Францын хаадуудын ангийн шилтгээн байрладаг байжээ. Тавдугаар Карл Парисыг хотын дүр төрхөнд оруулж тэндээ өөртөө зориулан хуучин ордны өмнө талд дахин шилтгээн бариулсан байна. “Франциск I”-ын үед тэр хуучин шилтгээнийг буулгах зарлиг буулгаж, оронд нь 1541 онд шинэ том ордон бариулсан нь одоогийн Луврын музей болжээ. Музей 1793 оны наймдугаар сарын 10-нд олон нийтэд үүд хаалгаа нээж байсан түүхтэй. Луврын музейд тавигдсан бүтээлүүд маш сонирхолтой, уран хийцтэй, хэний ч бахархлыг төрүүлэхүйц байдгаас гадна музейн барилга нь ч өөрөө урлагийн бүтээл болон оршиж байдаг юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш