logo
Индонезид дандут хөгжмөөс болж маргаан дэгдээд байна

Индонезид дандут хөгжмөөс болж маргаан дэгдээд байна

2012/03/31
Дандут хөгжим бол Индонезичуудын амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Лалын шашинтай орнуудын дунд хүн амаараа тэргүүлдэг Индонезийн удирдлагууд дандут хөгжмийг Юнескогийн соёлын өвд бүртгүүлэх хүсэлтэй байна. Дандут нь техно юмуу Болливүдийн хөгжимтэй төстэй сонсогддог ч 100% Индонези хөгжим юм. Ажилчин анги, бага орлоготой иргэдийн сонсох дуртай энэ хөгжимд Энэтхэг, Араб, Малай хөгжмийн нөлөө байдаг.
Гэсэн хэдий ч зарим шүүмжлэгчид, консерватив Муслимчуудын хэлж байгаагаар сүүлийн хэдэн жилийн хугацаанд энэ стилээр дуулж байгаа дуучид эротик бүжиг бүжиглэж,  зүйд нийцэхгүй бүдүүлэг утга бүхий үгтэй дуу дуулах болсон гэнэ. Саяхан Индонезийн нэгэн мужид 10 алдартай дууг садар самуун утгатай хэмээн хоригложээ.
 
Дандут стилээр дуулдаг энэ залуу дуучин лалын шашинтнуудтай ихээхэн зөрчилдөж байгаа хүн юм. Жүпэ нэрээрээ танигдсан Жулиа Перез Индонезийн хамгийн олон хүн үздэг телевизийн шоу болох Dahsyat -д оролцдог байна. Түүний дуулдаг "Жүпэд юу хамгийн ихээр таалагддаг вэ?" нэртэй дууг нэгэн мужийн радиогоор явуулахыг хоригложээ. Учир нь энэ дуунд сексийн байрлалын тухай гардаг байна. Индонезийн "секс бөмбөг" гэгддэг Жулиа Перезийг залуу үеийнхнийг буруу зүйлд татаж байна хэмээн санаа зовох хүн олон байгаа юм.
Жулиа ярихдаа "Манай Индонези улсад тачаангуй байдал гаргасан хүнийг гэмт хэрэгтэн гэж хүмүүс буруу ойлгодог, намайг хараад этгээд бүдүүлэг гэж бодож байгаа хүн эрүүл биш байх, зарим хүмүүс намайг өөрийнхөөрөө байх ёсгүй гэж үздэг, харин би хүмүүсийг баяр жаргалтай болгохын тулд ийм зүйлийг хийж байна" гэжээ.
Зарим дуучид дандут хөгжмийг гажуудуулж байна, бүжгийн хөдөлгөөн нь хэтэрхий эротик тачаангуй байдлыг илэрхийлж байгаа нь зохисгүй гэж лалын шашны санваартнууд үзэж байгаа юм.
Харин шүтэн бишрэгчид үүнтэй санал нийлэхгүй байж магадгүй. Дандут нь Индонезид олон нийтийн дуртай хөгжим байсаар иржээ. Бүр хүүхдүүд хүртэл энэ хөгжимд дуртай. Тиймээс зарим нэг консерватив бүлгүүд дандут хөгжмийг барууны рок, хип хоп, R&B, хөгжмүүдтэй хослуулан  шинэлэг хэв маягийг гаргаж ирж байгаа дуучдыг буруутгаж, тэд энэ хөгжмийг үндсэн хэлбэрээс нь гажуудуулж байна гэж үзэж байна. Харин дуу хөгжимд дуртай ихэнх Индонезичууд дандут хөгжийг таалан сонссоор байна.
Э.АМАР
Эх сурвалж BBC.co.uk
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш