Америкийн “National geographic” нийгэмлэг, Сан Диего дахь Калифорнийн их сургуулийн судлаачид хамтран Чингис хааны онгоныг хайх төслийг өнгөрсөн оноос хэрэгжүүлжээ. “Хааны хөндий” хэмээх энэхүү төслийг “National geographic”-ын судлаач Альберт Лин удирдаж, судалгааны багийн 30 гаруй хүн Монголд ирсэн байна. Тэднээс гадна олон улсын 700 гаруй хүн хиймэл дагуулаас авсан Монголын газрын 85.000 орчим зургийг судлах ажилд оролцжээ. Тухайн бүсэд оршдог гол, ус, зам зэргийн байршлыг тэд цахим сүлжээгээр байнга мэдээлдэг байжээ. “Майя, азтек зэрэг эртний иргэншлийн тууриуд олдож, 3000 жилийн өмнө амьдарч байсан хүний булшийг ч нээсэн.Тэгвэл Чингис хааны булш 800 жилийн настай учраас бидэнтэй харьцангуй ойр байх учиртай. Дэлхийн түүхэн дэх агуу удирдагчийн бунхныг олно гэдэгтээ итгэлтэй байна. Олон хүний хүч, ухаан, компьютерийн өргөн мэдээлэл бидэнд энэ боломжийг олгоно” хэмээн Альберт Лин ярьж байсан удаатай. Уг судалгааны багийн аяллын тухай “Чингис хааны хориотой булш” нэртэй баримтат кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Их хааны онгоныг олох эрэл хайгуулын адал явдал, үр дүнг харуулах уг кино ням гаригийн 20.00 цагт (АНУ-ын цагаар) “National geographic” сувгаар анх удаагаа гарна.
Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин
Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин