Өвөр Монголын малчин Мэргэнийг дайрч алсан Хятад жолоочид цаазаар авах ял оноожээ. Харин түүний смен жолоочид бүх насаар нь хорих ял оноосон байна. Өнгөрсөн лхагва гаригт нүүрсний уурхайн тоос шороо, дуу чимээ, бэлчээр, газар шороондоо санаа зовсон Мэргэн 20 гаруй өвөр монгол малчин нөхдийнхөө хамт газар шороо, малын бэлчээрээ хамгаалахаар нүүрсний тээврийн замыг хаан зогсжээ. Гэтэл ачааны тэрэгний Хятад жолооч хүнд даацын машинаараа малчдын хаалтыг сэтэлж гаран Мэргэнийг дайрчээ. Хятадын цагдаа нарын мэдэгдэж байгаагаар ачааны тэрэгний жолооч Мэргэнийг машинаараа бараг 145 метр чирч явсан байна. Жолооч Ли Линдонг болон Лу Шиандонг нартай холбогдох шүүх хурал Шилийн Хотод болжээ. Улсын мэдлийн Синхуа агентлагийн мэдээлснээр санаатайгаар хэрцгийгээр хүний амь хөнөөсөн гэх үндэслэлэээр Ли Линдонгд цаазаар авах ял, түүний смен жолооч Лу Шиандонд бүх насаар нь хорих ял оноожээ. Шүүх хурал бараг 6 цаг гаруй үргэлжилсэн байна. Шүүх хуралдаанд талийгаач Мэргэний ар гэрийнхнийг оролцуулаад нийтдээ 160 гаруй хүн оролцсон байна. Харь нутагт иргэнийх нь амийг санаатай хорооснийх нь төлөө цаазаар авж байхад манай нутагт Монгол иргэнийг нь санаатай алсан хятадад 2 жилийн хорих ялыг оноож сууна.