БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао 1989 оны зургадугаар сарын 4-нд Тяньаньмэний талбайд болсон үйл явдалд өгсөн албан ёсны дүгнэлтийг дахин хянаж үзэхийг удаа дараа санал болгосон тухай “Financial Times” сонинд Хятадын Коммунист намын нэрээ дурдаагүй эх сурвалжийн хэлснийг иш татан бичжээ.
Шинжээчид Британийн сонинд нийтлэгдсэн дээрх мэдээлэл лавтай эсэхэд янз янзын дүгнэлт өгч байна. Зарим нь үүнийг цуу яриа төдий гэж үзэж байгаа бол зарим нь чухам Вэнь Зябао л ийм зүйлийг уриалж чадна гэж үзэж байна. Тэрбээр 1987-1989 онд Тяньаньмэний талбайд жагссан оюутнуудыг дэмжсэнийхээ төлөө албан тушаалаасаа огцорч байсан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зыяны ойрын ажилтан байсан юм.
Интернэтэд Вэнь Зябаогийн Жао Зыянтай хамт оюутнуудын дунд зогсож байгаа 1989 оны гэрэл зургийг байрлуулжээ. Үнэлэлт дүгнэлтийг дахин хянах нь магадгүй Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн ээлжит хурлын төгсгөлд Вэнь Зябаогийн зүгээс идэвхтэй явуулахыг уриалсан улс төрийн шинэчлэлийн нэг хэсэг нь байж болох юм.
Эрт орой хэзээ нэгэн цагт Тяньаньмэний талбайд болсон үйл явдалд харьцангуй бодит дүгнэлт өгөх нь гарцаагүй. Хятадад Тяньаньмэний талбайд болсон жагсаал цуглаанд оролцсон хүмүүсийг цагаатгах асуудлыг бусдаас түрүүлж хөндөхийн төлөөх нэг ёсны уралдаан эхэлсэн байж магадгүй гэдгийг үгүйсгэх аргагүй. Тэгснээрээ улс төр болоод түүхэнд зохих байр суурь эзэлж болно.
Дээрх явдалд өгсөн хуучин дүгнэлтийг Хятадын одоогийн удирдагчид магадгүй Си Зиньпинь тэргүүтэй дараагийн 5 дахь үеийн удирдагчид ч дахин хянаж үзэхгүй байж магадгүй юм. Харин Вэнь Зябао албан тушаалаасаа буухдаа энэ асуудлыг хөндөж, тэгснээрээ түүнийг шийдэх явцыг түргэтгэсэн хүний хувиар түүхэнд бичигдэхийг хүсч байж болох юм. Ямартаа ч гэсэн тэртээх үйл явдалд өгсөн дүгнэлтийг дахин хянаж үзэхийг сануулсан ялихгуй дохио ч санал шүүмжлэл явуулах орон зайг өргөжүүлж чадна. Хэрвээ 1989 оны үйл явдлын дүгнэлтийг чухалчлан дахин хянаж үзвэл энэ нь Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын зайлшгүй хийх ёстой гэж яриад байгаа улс төрийн шинэчлэлд үнэхээр хүчтэй түлхэц болно.
Хятадын нийгмийн либерал хэсэг нь зоримог шинэтгэлийн төлөө байна. 1989 оны үйл явдалд оролцогчдыг цагаатгах нь нэлээд эмзэг алхам болох бөгөөд тус улсын дээдсийнхний хооронд хүчний тэнцвэр алдагдахад хүргэж мэднэ. Энэ нь Хятадын удирдлага солигдох үед тийм ч хүсүүштэй зүйл биш юм.
Хятадын Коммунист намд үүнийг хийгээсэй гэж хүсэгчид ч байгаа. Учир нь тус нам мэдээллийг монопольчилж чадахаа больсон. Гэхдээ нөхцөл байдлыг тогтоон баригчид ч бий, яагаад гэвэл тэдний дийлэнх нь эрс өөрчлөлтөөс айж байгаа. Хятадын удирдлага “арабын хаврын” салхи улс оронд нь сэвэлзэх вий гэдгээс айж байгаа бөгөөд ямар нэгэн өөрчлөлтийг аажмаар явуулахыг илүүд үзэж байгаа. Гэвч аливаа зүйлийг аажмаар, тууштай хийх ёстой гэсэн санаа субьектив үзэл санаатай тулгардаг уламжлалтай. Ямар нэг үйл явдлыг удирдахын төлөө амбиц, бас өрсөлдөөн ч байдаг. Энэ нь ихэвчлэн бүлэг хоорондын тэмцэл эсвэл удирдагчдын ашиг сонирхлын төлөөх тэмцэлд хүргэдэг. Хэдийгээр өнгөрсөнд өгсөн дүгнэлтийг өөрчлөхийг олон нийт хүсч байгаа ч үүнийг зөвхөн намын элитүүд харилцан буулт хийсэн тохиолдолд хийх болно. Гэхдээ дүгнэлт аажмаар өөрчлөгдөнө. Учир нь Хятадад тогтвортой байдлыг маш их эрхэмлэдэг. Энд үзэл суртлын төдий бус материаллаг шалтгаан гол үүрэг гүйцэтгэдэг.
Хятадын дээд тушаалтнууд өөрчлөлтөөс айж байна. Яагаад гэвэл тэд эдийн засгийн шинэчлэлийн үр дүнд бизнесийг хяналтандаа авсан юм. Үйлдвэр эрхлэгчид болоод түшмэд хоорондын далд харилцаа нь авлигын түвшинд явагддаг бөгөөд энэ систем нь нэг ёсондоо «төлбөр түрээс авах эрхийг» хамгаална. Хятадад улс төрийн шинэчлэл маш удаан явагдаж байгаагийн гол шалтгаан үүнд л оршино.
Албан ёсны баримт бичгүүдэд Тяньаньмэний талбайд болсон үйл явдлыг “хувьсгалын эсрэг эргэлт” гэж тэмдэглээгүй байна. Гэхдээ энэ үйл явдлын талаарх үнэнийг дэлгэх цаг нь ирнэ. Ингэхдээ Хятадын эрх баригчдын нүдэнд ЗХУ-ын жишээ байнга харагдах болно. Чухам хэт ил тод байсан нь эцсийн дүндээ ЗХУ-ын Коммунист нам болоод ЗХУ задран унахад хүргэсэн гэж тэд үздэг ажээ. Харин Хятадын эрх баригчид түүхийн үнэнийг өгүүлэх “эмзэг бус” арга замыг олж чадах эсэхийг цаг хугацаа харуулна гэж Оросын дуу хоолой радиостанцийн сайтад бичжээ.