logo
Ямар хэлийг сурахад хамгийн хэцүү вэ?

Ямар хэлийг сурахад хамгийн хэцүү вэ?

2012/04/02

Дэлхийд сурахад хамгийн хэцүү ямар хэл байдаг бол гэж гадаад хэл судалдаг хүмүүс сонирхдог. Тогтсон хариулт байхгүй, таны төрөлх хэл болоод бусад хэд хэдэн хүчин зүйлээс бүгд шалтгаална гэж хэл шинжлэлчид үздэг. Тэгвэл тухайн хэлээр яригч хүмүүсийн тархи хүлээж авахад хэцүү тийм хэлийг сурахад хэцүү хэл гэж хэлнэ хэмээн мэдрэлийн эмч нар үзэж байна. Жишээлбэл, хятад болон араб хэлийг энд нэрлэж болох аж.

Гадаад хэл судалж байгаа хүмүүсийн тавих дуртай, сурахад хамгийн хэцүү ямар хэл байдаг вэ гэсэн сониуч асуултад хэл шинжлэлчид тодорхой хариулт өгөх боломжгүй хэмээн хариулдаг. Тэдний үзэж буйгаар, юуны түрүүнд, хэл судалж буй хүнээс, тодруулбал, тухайн хүний төрөлх хэлний аялгаас шалтгаална. Сурахад тийм ч хялбар бус орос хэл нь чех болон украинчуудад хүнд бус, харин турк эсвэл япончуудад тийм ч амар байхгүй.

«Төрөл» гэдэг үүднээс нь аваад үзвэл сурахад хамгийн хэцүү хэлүүдийн нэгийг баск хэл /эускара/ гэдэг. Энэ хэл эдүгээ тодорхой болсон, мөхсөн болон мөхөөгүй хэлний бүлгүүдийн нэгтэй нь ч холбоогүй аж. Гиннессийн дээд амжилтын номд Канад болон АНУ-ын индианчуудын ожибвэ ястны чиппева, Хойд Америкийн баруун хойд нутагт оршин суудаг индианчуудын хайда ястны хайда, Дагестаны уугуул ард түмний нэгний табасаран хийгээд эскимос, хятад хэлийг сурахад хамгийн хүнд хэл гэжээ. Эдгээр хэл уугуул түмэнд ч хүнд байдаг аж. Жишээ нь, Японд дунд сургуулийн боловсрол бүхэл бүтэн 12 жил үргэлжилдэг. Энэ хугацааны талыг төрөлх хэл болон математик гэсэн хоёрхон хичээлийг судлахад зориулдаг. Сургуулиас өмнөх насны япон хүүхдүүдэд ой ухааныг дасгалжуулдаг хөгжүүлэх хичээлүүд ордог. Төгсөлтийн шалгалтаа өгөхийн тулд тэд 1850 дүрс үсэг, сонин уншиж ойлгоход 3000 орчим дүрс үсэг цээжилсэн байх шаардлагатай байдаг.

АНУ-ын Калифорн муж улсын Монтерей хот дахь Хэлүүдийг хамгаалах хүрээлэнгийн эрдэмтэд хүмүүст заадаг бүх хэлийг хүндрэлийн түвшнээр нь ангилжээ. Оюутнууд, ялангуяа, англи хэлтэйчүүд тодорхой түвшинд хүртэл сурахад хэдий хугацаа зарцуулахыг харж байгаад ангилсан байна.

Англи хэлтнүүдийн хувьд сурахад хамгийн хялбар хэлний бүлэгт африк, дани, холланд, франц, Гаитийн креоль, итали, норвеги, португали, румын, испани, суахили, швед хэл оржээ. Дараагаар нь болгар, дари, фарси, герман, шинэ грек, хинди-урду, индонез, малай хэл орсон байна.

Эдгээрээс арай илүү хэл хүнд хэл хэмээн амхар, бенгал, бирм, чех, фин, орчин үеийн иврит, унгар, лаос, балба, польш, орос, серб-хорват, сингал, тай, тамил, турк, вьетнам хэлийг Америкийн багш, оюутнууд нэрлэжээ. Англи хэлтэй хүмүүсийн хувьд сурахад хамгийн хүнд нь араб, хятад, япон, солонгос хэл аж.

Төрөл хэлээс гадна маш ойролцоо бичлэгтэй, семитийн бүлэгт хамаардаг хэдий ч иврит болон араб хэл сурах явцад учирдаг хүндрэлийн хувьд их ялгаатай. Энэ хоёр хэлээр ярьдаг хүмүүст ч мөн адил ялгаатай тусдаг байна. Хайфын их сургуулийн эрдэмтдийн судалгаанаас үзвэл, арабуудад төрөлх хэлээрээ юм унших нь еврейчүүд болон англи, америкчууд араб хэлээр уншихаас хүнд тусдаг байна. Шалтгаан нь энгийн боловч гайхалтай аж. Тархи эдгээр хэлний бичлэгийг өөрөөр хүлээн авдаг аж.

Тархины зүүн болон баруун тал бөмбөлгийн үйл ажиллагаа өөр байдаг. Баруун нь жишээ нь, орон зайн даалгавар гүйцэтгэх, дуураймал мэдээлэл боловсруулахад «мэргэшсэн» бол, зүүн нь хэл яриаг ойлгох, бичгэн мэдээллийг нарийвчлан боловсруулах ажиллагааг хариуцдаг байна. Бас баруун тал бөмбөлөг зөн билгийг хариуцдаг ба далд утгатай үгсийг «ойлгох» чадвартай, харин зүүн тал нь тодорхой утгыг л ойлгодог аж.

Израилийн эрдэмтэд төрөлх хэл нь англи, араб болон иврит хэл болох хүмүүс үгийг ухаж ойлгох болон уншихад тархи нь хэр идэвхжиж байгааг судалжээ. Сайн дурынхны дунд хоёр туршилт явуулсан байна. Эхлээд дэлгэцэн дээр тэдэнд төрөлх хэлээр нь үгс болон утгагүй холбоо үгс харуулжээ. Судалгаанд оролцогчид тухайн үг нь утга илэрхийлж байгаа эсэхийг тодорхойлж, харин судлаачид хариулт өгөх хурд болон нарийвчлалыг бүртгэсэн байна.

Хоёр дахь туршилтаар сайн дурынханд баруун болон зүүн талд байрлуулсан дэлгэцэн дээр хоёр талд давтаж бичсэн болон зөвхөн нэг дээр нь бичсэн үгсийг нэг зэрэг харуулжээ. Тийнхүү тархинд зүүн болон баруун тал бөмбөрцгүүдэд үзүүлсэн тэмдгүүдийг боловсруулах зорилт тулгарсан байна. Үүнээс сонирхолтой дүр зураг харагджээ. Англи хэлтнүүд болон төрөлх хэл нь иврит болох хүмүүс аль нэг тал бөмбөрцгөөрөө төвөггүй «уншиж» байв.

Харин арабуудад хүндрэлтэй байсан буюу араб хэлээр юм уншихад баруун тал бөмбөрцөг нь ажиллахгүйн дээр зүүн бөмбөрцгийнхөө нөөцийг ашиглахгүй байжээ. Араб бичгийн дүрсүүдийг уншихад тархины танин мэдэхүйн тогтолцоо идэвхжиж байсныг эрдэмтэд анзаарсан байна. Ой ухаанаа хөгжүүлэхийг хүсвэл араб хэл судлаарай!

Дашрамд хэлэхэд, судалгааны ийм дүн урьд нь хятад хэлийг англи хэлтэй харьцуулахад илэрч байжээ. Судалгааны явцад эрдэмтэд хятад болон англи хэлтэй хүмүүс төрөлх хэлээ сонсох үеийн тархины ажиллагааг ажигласан байна. Туршилтад орсон англи хэлтнүүдийн тархины зөвхөн зүүн тал бөмбөрцөг, харин хятадуудын тархины хоёр тал хоёулаа идэвхжиж байв.

Тайванийн оршин суугчдын ярьдаг хятад хэлийг туршилтад ашигласан эсэхийг дээрх мэдээлэлд тодруулаагүй байна. Хятадын хаан удмынхны ярьдаг байсан, бүр ХХ зууны эхээр устсан аялгыг «мандарин» гэж эндүүрдэг. Тайвань аялгын орчин үеийн дуудлага болох «бай-хуа» аялга нь Хятадын нэгдсэн аялга бий болгох гэсэн засгийн газрын туршилтын анхны оролдлого байсан юм.

Гэхдээ учир нь үүнд байгаа юм биш. Дундад улсын бусад олон аялгын адил энэ аялга нь утга бүхий дөрвөн дуудлагатай. Эдгээрийг «боловсруулахын» тулд тархи хоёр тал бөмбөрцгөө ажиллуулах шаардлагатай болдогт гайхах явдалгүй юм. Гэсэн хэдий ч хятад хэлний дүрэм дэлхий дээр хамгийн хөнгөн нь буюу үгс нь огт хувирдаггүй байна.

Хэл судлаач англи хүмүүсийн нотолж буйгаар, тэдний төрөлх хэл сурахад тийм хялбар биш гэнэ. Англи хэл түүхэн тохиолдлоор «олон үндэстний» хэл гэсэн статустай болсныг Их Британийн хэл бичгийн мэргэжилтэн Филип Сеймур ярьжээ. Англи хэлний дүрэм маш хүнд аж. Европын 15 орны хүүхдүүдийн уншиж сурах хурдыг харьцуулсан Сеймурын судалгаанаас үзвэл, роман бүлгийн буюу франц, итали хэлтэй орнуудын хүүхдүүд хамаагүй түргэн амжилтад хүрсэн бол, герман, англи гэсэн германы бүлгийн хэлтэй орнуудын хүүхдүүдийн амжилт тааруу байв.

Магадгүй, иймээс англи хэлээр ярьдаг орнуудын хүүхдүүдэд уншсан зүйлээ ойлгодоггүй бэрхшээл тулгардаг байна. Энэ нь нэг үсгийн дуудлага янз бүр байдагт эх хэлнийх нь хүндрэл оршдогийг харуулж байгаа юм.

З.Амгалан

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш