logo
Америк цэрэг Афган хүүхдийг аварсан ч өөрөө амь эрсэджээ

Америк цэрэг Афган хүүхдийг аварсан ч өөрөө амь эрсэджээ

2012/04/03
Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан цэрэг Деннис Вайкал одоогоос гурван сарын өмнө урьдчилж хэлэлгүйгээр гэртээ ирж хүүхдүүдтэйгээ уулзжээ. Харин өнгөрөгч долоо хоногт гурван хүүхдийн аав, 29 настай Вайкал Афганистаны зүүн хэсэгт үүрэг гүйцэтгэж байхдаа Афган хүүхдийн амийг аварсан ч өөрөө харамсалтайгаар амь эрсэджээ. Америкийн армиас мэдээлснээр хуягт машины цувааны зам дээр хүүхдүүд гарч ирэх үед Вайкал болон бусад цэргүүд машинаас гарч ирэн хүүхдүүдийг замаас холдуулсан байна. Гэвч сүүлийн мөчид нэгэн бяцхан охин юмаа авахаар зам дээр буцаад гарч иржээ. Вайкал охиныг машины урд байхыг хараад түүнийг сүүлийн мөчид амжин замаас холдуулж, амийг нь аварч чадсан байна. Гэхдээ тэрээр өөрөө машинд дайруулж, удалгүй амьсгал хураажээ.
Вайкалтай хамт Иракт үүрэг гүйцэтгэж байсан Кристофер Жон Олмайер түүний үхлийг цочирдон хүлээж авсан байна. Тэрээр ярихдаа би эхлээд сэтгэлээ барьж чадаагүй, би өмнө нь түүнтэй хамт томилогдож байсан, тэр миний удирдлаган доор ажилладаг залуусын нэг байсан, тэр хэний ч төлөө тийм зүйл хийж чадахаар хүн байсан, тэр Афган хүүхдүүдэд чин сэтгэлээсээ ханддаг, үзэг дэвтрээс эхлээд тэдэнд байгаа зүйлээ өгдөг байсан гэжээ.
Деннис Вайкалд түүний эр зоригийг үнэлэн түрүүч цолыг нөхөн олгохоор болжээ.
Холбоотны хүчин Афганд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш 1800 гаруй Америк цэрэг амь үрэгдсэн юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш