Сибирийн Тюмень хотын ойролцоо зорчигч тээврийн АТR-72 онгоц нисэх буудлаас хөөрөх үедээ осолдсон байна. “ЮТэйр” нисэх онгоцны компанийн энэ онгоц Сургут хот орох ёстой байжээ. Урьдчилсан мэдээллээс үзэхэд онгоцонд 39 зорчигч, багийн 4 гишүүн нийт 43 хүн байсан бололтой. Анхны мэдээнээс харахад 12 хүн амьд гарсан ба 31 хүний цогцсыг олоод байна. Энэ онгоц нисэх буудлаас 35 километрийн зайд унажээ. Хөөрөлтөөс хойш хоёр минутын дараа тус онгоцтой холбоо тасарчээ. Сүйрэл болсон газар луу бүх шуурхай албаныхныг явуулсан байна. Аврагчид болон сэтгэл судлаачдыг суулгасан ОХУ-ын ОБЯ-ны тусгай онгоц Москвагаас Тюмень руу нисчээ. Хоёр мотортой, турбинэн хөдөлгүүртэй дунд зайн АТR-72 онгоц 80-аад оны сүүлчээр ашиглалтад орсон байна. Энэ онгоц 74 зорчигчийг тээх хүчин чадалтай юм. Ийм төрлийн онгоцыг ашиглах хугацаанд өнөөдрийг хүртэл 13 удаа осол гарчээ.