logo
Соёмботой нөүтбүкийнхээ дээжийг УИХ-ын Тамгын газарт өргөн барилаа

Соёмботой нөүтбүкийнхээ дээжийг УИХ-ын Тамгын газарт өргөн барилаа

2012/04/03
Мигма Электроникс ХХК Монголын анхны технологийн брэнд MGM соёмботой нөүтбүкийнхээ дээжийг өнөөдөр УИХ-ын Тамгын газарт өргөн барилаа.
Байгуулагдаад 11 жил болж буй тус компанийнхан монгол инженерийн ур ухаанаар бүтсэн анхны зөөврийн компьютер - МARS 1 буюу Ангараг 1 нөүтбүкээ УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнд гардуулахдаа Монголын анхны зөөврийн компьютерийн анхдагч хэрэглэгч байгууллага болж үндэсний компани, үндэсний үйлдвэрлэл, үндэсний бүтээгдэхүүнээ дэмжих үйлсэд манлайлан оролцсонд нь Монгол Улсын Их хурлын Тамгын газарт талархлаа илэрхийлсэн юм.
МGM группийн ерөнхийлөгч Б.Анхныбаяр энэ үеэр хэлсэн үгэндээ “Манай компани Монголын анхны технологийн брэнд – MGM зөөврийн компьютер бүтээгээд 6 жил болж байна. 2011 оны 10-р сарын 5-ны өдөр Монголын анхны нөүтбүк - соёмботой брэндийнхээ нээлтийн үеэр уг компьютерийнхээ анхны дээжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөн барьсан. Монголын хатуу ширүүн уур амьсгалд тохирох, цахилгаанаас хамгаалагдсан хамгийн бөх бат материалаар бүтсэн, хүний хараанд сайнаар нөлөөлөх HD LED дэлгэцтэй, 12 вольтын хүчин чадлаар ажилладаг энэ нөүтбүкээ бид нарны аймгийн 9 гарагаар нэрлэсэн нь тэнгэрлэг монгол түмэн маань бусдаас өвөрмөц бүтээгдэхүүн хэрэглэж байхыг бэлгэшээсэн юм.
Үндэсний брэнд болсон энэ нөүтбүктээ өсөж төрсөн Монголынхоо газар нутаг, онгон дагшин уул усныхаа дүр төрхөөс аваад хүсэл мөрөөдөл, шүтэн биширч бахархан бахдаж явдаг бүхнээ байрлуулснаар өөрийнхөө цорын ганц илэрхийлэл болгохын зэрэгцээ нөүтбүк худалдан авагч хүссэн зураг, логогоо авчран дуртай дизайнаараа чимэглүүлэх захиалгаа өгөх боломжтой юм” гэлээ.
Хүний нутагт хөл тавьж буй хэн боловч үндэсний үйлдвэрлэл, үндэсний брэндээрээ бахархъя гэвэл босоо монгол бичиг, алтан соёмбоороо гоёсон МGM нөүтбүк үнэхээр содон харагдах юм билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш