logo
Генерал Ж.Баатар: Ц.Нямдорж Хятадын тусгай албадтай холбогдож байсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон зүйл

Генерал Ж.Баатар: Ц.Нямдорж Хятадын тусгай албадтай холбогдож байсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон зүйл

2012/04/04
Төрд насаараа зүтгэсний хүчинд энэ орны генерал цолд нь хүртэл дэвшсэн, өөрийнхөө төлөө гэхээс улс орон гэж гүйсээр өмссөн хувцаснаасаа өөр юу ч үгүй хоцорсон, хэдийгээр До яаманд насаараа ажилласан боловч хүн сүрдэхээр юмгүй болтлоо насандаа дарагдаж, үе нь өнгөрсөн өвгөн генерал Ж.Баатартай ярилцлаа. Тэрээр одоогоос долоон жилийн өмнө улсын нууц задруулсан хэргээр шоронд хоригдож байв. Тухайн үед ямар үйл явдал болсныг уншигчид одоо ч санах байх.

1990 оны эхээс Ц.Нямдорж хятадын тагнуулын албаны ажилтнуудтай холбогдох болсон, тэднээс бэлэг сэлт авч, үе үе Бээжин нисдэг байсан тухай Тагнуулын газрын нууц материал 2000 оны эхээр олон нийтэд ил болж, тэр цагаас хойш өөрийнхөө буруугүйг нотлох гэсэн Ц.Нямдорж, хэрэг явдлыг шалгуулахыг хүссэн генерал Ж.Баатарын хооронд хүчтэй тэмцэл өрнөсөн юм.

Энэ цагаас генерал Ж.Баатарыг олон нийт сонирхож ирсэн. Түүний ярьсан зүйл юу байв, тэр ямар хүн бэ. Ямар нөхцөлд хоригдож байна, яагаад чимээгүй болчихов гээд олон асуулт эргэлдэнэ. Энэ бүхэнд хариу авахаар өвгөн генералын гэрийг зорив. Тэр хуучин байрандаа, хоёр ачтай болчихсон, хөгшинтэйгээ тэднийгээ эрхлүүлсэн шигээ сууж байв. Жаахан шуугдсаныг эс тооцвол санасныг бодоход бие хаа нь тэнхлүүн, өдөртөө сонингоо авахаар шуудан явдаг ажилтай, өөр хийсэн зүйлгүй гэсээр биднийг угтав. Үе үе хий ханиалгаж, хэр баргийн эмэнд дарагдахаа байсан гэхдээ “Хар цай ууна биз дээ, ах нь бол хэр баргийн юм тоохгүй шүү дээ” гээд инээх. Юутай ч ярилцлага авах хүсэлтэд минь тийм ч аятай хандсангүй. Гэвч социализмын үед ард түмнийхээ аюулгүй байдлыг хангах арын фронтод зүтгэж явсны хэлтэрхий нь арилаагүй, улс орныхоо өнөөгийн байдалд зовж буйгаа сэтгэлээсээ уудалж яриа өрнүүлэв. Бид генералуудын баярын үеэр ярилцлаа.

-Генералуудын өдөр болж өнгөрлөө. Мөр зэрэгцэж явсан, мөрдэс нэг нөхөдтэйгээ уулзахад сайхан байсан байх. Та хэдэн онд, хаанаас төрсөн генерал вэ?
-Сүүлийн үед л энэ өдрийг тэмдэглэдэг болж. Арга хэмжээнд нь оролцож, нөхөдтэйгээ уулзахад сайхан л байлаа. Гэхдээ бид ганц удаагийн цугларалтаар уулзаад байдаггүй л дээ. Таньж мэддэг, ойр дотно генералуудтайгаа санал бодлоо солилцож, ярилцах үе бишгүй гардаг. Миний хувьд 1990 оны аравдугаар сард Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар /УАБХЕГ/-ын даргаар томилогдсоныхоо дараа генерал цол авсан. Тэр үед /1990-1993 он/ одоогийн ТЕГ, Хил хамгаалах ерөнхий газар УАБХЕГ-ын бүтцэд харьяалагдаж байсан болохоор асуудал их гардаг, ид бужигнаантай үе байлаа.

-Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий гэдэг. Энэ цолд хүрэхийг та хүсч, мөрөөдөж явсан байх?  
-Генерал болчих юмсан гэж мөрөөдөж, зүүдэлж байсангүй. Цэргийн цол бүхэн эрхэм хүндтэй. Ахлагч, бага дэслэгч гэх мэтээр шат дараалан цэргийн цолыг хүртэж явлаа. Цэргийн цолыг гол төлөв эрхэлж буй албан тушаал, ажилтай нь холбон дүйцүүлж олгодог. Цэргийн байгууллагын генерал зэрэглэлийн албан тушаалд томилогдсон хүнд энэ цолыг олгож ирсэн. Өнөөдөр ч тийм байна. Энэ тогтсон жишиг, журмын дагуу генерал гэдэг эрхэм цолыг надад хүртээсэн. Генерал цолтой гээд өөрийгөө өргөмжилж хөөргөөд, бусдаас илүүд үзэж дөвийлгөөд байх сонирхолгүй.

-УАБХЕГ гэдэг шалгуур өндөртэй, хэр баргийн аавын хүү орох газар биш. Та хэдийнээс ажилласан юм бэ?
-Анх 17 настай цагдаад орж, удалгүй Улсын Аюулаас Хамгаалах Байгууллага намайг сонгож авсан. Би өөрийн сонирхол, хүслээр энэ байгууллагад ороогүй юм. Тэр цагаас хойш хүйтэнд нь хөрч халуунд нь халж явсаар хийгээгүй ажил цөөхөн үлдсэн шүү. Арай л цэвэрлэгчийг нь хийгээгүй байх. Гэрэл зургийн лаборант хүртэл хийж байлаа. Одоогийнх шиг гэрэл зураг шууд угаана гэх биш. Хоёр гар хорон дотор өдөр шөнөгүй дүрээстэй, өнгөт, хар ямар ч хальсыг гараараа угаадаг байлаа. Дараа нь гэрэл зураг авдаг болсон. Аюулаас хамгаалах байгууллагын үйл ажиллагаандаа зохицсон, өвөрмөц зураг авна. Удирдлага харанхуй шөнө зураг ав гэвэл гаргадаг л байсан. Бороо, шороотой, гэрэлтэй гэрэлгүй гээд нөхцөл хамаарахгүй зураг ав, гарга, угаа гэнэ. Энэ мэтчилэн хот, хөдөөгүй гол төлөв хар, бор, хүнд хүчир ажил хийж байгаад сургуульд явсан.

-Мэдээж генерал болтлоо их зам туулсан байх?
-Тэр үеийн сайд, дарга нарын хэнээс нь ч үүрэг авсан ягштал биелүүлдэг байсан. Ийм үүрэг, даалгавар дутуу дульмаг гүйцэтгэсэн гэсэн зэмлэл сонсож байгаагүй. Над шиг насаараа зүтгэсэн хүмүүс энгэрээрээ дүүрэн, зай завсаргүй одон медальтай байдаг. Харин би албан тушаал, алдар нэр, одон медалийн төлөө тэмцэж яваагүй. Шударга бус асуудал байвал сайд, дарга хэн ч байсан шууд хэлчихдэг болохоор хүний дургүйг их хүргэнэ. Зөвлөлтийн мэргэжилтэнтэй таарахгүй ам зөрж, сайд руу матагдаж байлаа. Гэхдээ НАХЯ-ны үе үеийн сайд нар энэ занг маань мэднэ.  В.Санжмятав, П.Дэчин, С.Лувсангомбо, А.Жамсранжав, Ө.Чойжилсүрэн гээд шударга, хүнлэг, сайхан генералууд биднийг удирдаж байлаа.

-Тэр үеийн НАХЯ ямар төвшинд ажиллаж байсан бэ?
-1990-ээд оноос өмнө НАХЯ улсын аюулгүй байдлыг хангах тогтолцоонд чухал үүрэгтэй оролцдог байсан. Чиг үүрэг нь өргөн хүрээтэй. Улс орны хэмжээнд төрөл бүрийн мэдээ, мэдээлэл цуглуулах хүчирхэг сүлжээтэй. Мэдээнүүдээ нарийн боловсруулж, дүн шинжилгээ хийж, удирдах дээд байгууллагад илгээдэг байсан. Улс орны хэмжээн дэх нөхцөл байдлыг үндсэнд нь хянаж чаддаг байсан. НАХЯ-ны мэдээлэл, тухайн үеийн удирдлагад их үнэ цэнэтэй байдаг. Бодлого шийдвэрт нь тусгалаа олдог байсан.

НАХЯ социализмын үеийн Монгол Улсын аюулгүй байдлыг хангах тогтолцооны жинхэнэ төв байлаа. Тэр үеийн удирдлагууд НАХЯ гэдэг нэг цонхоор Монгол Улсыг харж, түүгээрээ мэдээлэл цуглуулдаг байсан. Иймд энэ улсын өнцөг булан бүрт юу болж байгааг алган дээрээ харж байгаа юм шиг мэддэг байсан. Уур амьсгалыг бүрэн хянаж, асар өргөн хүрээнд мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж Ю.Цэдэнбал дарга, Улс төрийн товчоо, намын төв хорооны нарийн бичгийн дарга нарт танилцуулна. “Улс орны аюулгүй байдалд ийм ийм сөрөг хандлага гарах гэж байна” гэдгийг мэдээлэхэд тэр бүхнийг бодитоор ашиглана. Ю.Цэдэнбал гуай НАХЯ-ны мэдээллийг бодлого шийдвэртээ тусгаж, гарамгай ашигладаг байсан. Тэр зиндаанд ашиглаж чадах хүн тухайн үеийн улс төрийн товчооны гишүүдэд байгаагүй.  

-Үргэлж тагнаж чагнаад байсан хэрэг биш байх нь ээ?
-НАХЯ улс орны гадаад, дотоод бодлого, улс төрийн нөхцөл байдалтай холбоо бүхий өргөн цар хүрээтэй мэдээллээр намын дээд байгууллагыг тасралтгүй хангаж ирсэн. Нэн ялангуяа дотоод асуудлаар байнга мэдээ бэлтгэнэ. Жишээ нь, цаг үеийн ажил гэж байна. Хаврын тариалалт, төл хүлээн авалт, ноос, ноолуур, мах бэлтгэл, сүү тос, мал эрүүлжүүлэх ажил, худаг ус, хадлан тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл гэх мэт олон асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулж,  нэгтгэн дүгнэж, мэдээлдэг байсан. Уг чанартаа ХААЯ-ны хийх ажлыг НАХЯ шүүрч авч, давхар хяналт тавьдаг байж. Үүний зэрэгцээ улс орны аюулгүй байдлыг хангах, хил хамгаалах, тагнуул туршуултай тэмцэх ажлыг гардан хийж, урьдчилан сэргийлж чаддаг байсан.  

-Дээшээ мэдээлэхгүй өнгөрөх асуудал байсан уу?
-Цаг үеийн бодлоготой холбогдуулж үнэн бодит мэдээллийг дарах зүйл бишгүй байсан. Эрдэнэт үйлдвэрийн баяжмалыг гаргахад дагалдах маш үнэтэй, ховор элементийг хэдий ах дүүгийн найрамдалт орон ч гэсэн Зөвлөлт рүү гаргаж, Монгол Улс юмаа алдаад байна гэдгийг НАХЯ мэддэг байсан ч энэ тухай дээш танилцуулахгүй орхичихдог байсан. Зөвлөлтийн цэрэг Монголд экологи, ан амьтан сүйтгэж, айлын хоттой хонийг дайрч, амьтан хүн буудаж алж байсан, эрчим хүч ашиглалтын асуудал гээд олон зүйл бий. Гэвч энэ тухай мэдээ бичвэл найрамдлын эсрэг зүйл болно гээд хав дарна. Жишээ нь, НАХЯ Монголд олборлох биш боловсруулах үйлдвэр хэрэгтэйг мэддэг ч энэ тухай ярьдаггүй байсан.

Иймд Монголд үйлдвэр хөгжөөгүй, хоцрогдсон нь бодлогоосоо болсон хэрэг. Дээд дарга нар ямар мэдээлэл сонирхож байна, түүнд нь зохицуулж мэдээлдэг буруу чиг хандлага, сөрөг үзэгдэл байсан. Ард түмнээ, сэхээтнээ үзэл бодлоор нь хянадаг буруу тогтолцоотой, бүхнийг коммунист үзлээр хэмжинэ. Монголын сэхээтнүүд намын үзэлд үнэнч байх ёстой. Тэд энэ хэмжээнд байна уу, үгүй юу гэдгийг харна. Гадны хэвлэл хэн үзэж байна, гадны үзэл сурталд хэн автагдаж болзошгүй, гадаадын радио нэвтрүүлгийг хэн сонсож байгааг хянана. Зөвхөн дотоод асуудлаар гэхэд нэг иймэрхүү. Гадаад нөхцөл байдал, гадаад улс орны асуудлаар мөн мэдээлэл бэлтгэж, явуулна. Тэр үед Хятад, Монголын харилцаа хүйтэн байсан. Энэ бүх уур амьсгалыг аюулгүйн үүднээс судалдаг, нэгтгэн дүгнэдэг, тухайн үеийн бодлогод тусгаж, хэрэгжүүлдэг байв.  

-Таныг нэг хэсэг амьдралаа Хятадын чиглэлээр тагнуул хийх ажилд үрсэн гэдэг?
-Энэ тухай ярьж танай сонины зай талбайг бараад яахав. Ер нь бол 1950-иад оны үед манай хоёр орны харилцаа сайн байсан юм билээ. 1960-1990 он хүртэл хүйтэн дайны үе байлаа. Хятадын цэрэг, армийн хүч манай эсрэг чиглэж, бууныхаа овоо хараанд Монгол Улсыг онилчихоод байсан цаг үе. Тагнуул туршуулаа ч манай улсын эсрэг илгээж, элдэв шалтаг халхавчаар Хятадын талаас олон зуун хүн Монгол Улсын хилээр орж ирдэг байсан. Энэ бүхэн нь Монголын Аюулаас хамгаалах, тагнуулын байгууллагын анхаарлын төвд байсан. Монголын тагнуулынхан Хятадын эсрэг тагнуул хийнэ гэж юу байхав дээ. Хамгийн гол нь манай тал Монгол, Хятадын ард түмний найрамдалт харилцааг сэргээж бэхжүүлэх, хоёр орны уламжлалт хамтын ажиллагааг сайжруулах чиг хандлагыг барьж байсан. Тэр үед албан ёсны тоо нь гучин хэдэн мянга гэдэг ч би дотроо 300 мянга байх гэж боддог. Ийм тооны барилгын ажилчин оруулж ирж, Монголын бүх суманд тарж суурьшсан. Энэ талаар мэдэх үү?

-Үгүй юм байна?
-Зөвлөлтийн коммунист нам, Хятадын коммунист намын харилцаа муудахад Ю.Цэдэнбал гуай завсраас нь Зөвлөлтийн коммунист намыг өмөөрч үг хэлсэн. Хятадууд үүнд нь дургүйцэж манай хоёр орны харилцаа муудсан. Монголд байсан хятад ажилчид асуудал үүсгэхээр нь 60-аад оны дундуур хөөж гаргаж байлаа. Харин хятадын тал манай оюутнуудыг хөөж гаргасан. Бээжин дэх ЭСЯ-ын машиныг онхолдуулж, тус яамны байрыг тойрч хүрээлж, цагаан хоолойгоор хашгираад л.

Энд байгаа хятадууд нь Мао удирдагчийнхаа тэмдгийг нууцаар тарааж, вокзал дээр том зодоон гаргаж эсэргүүцлээ илэрхийлж байсан. Барилгын хятадууд нь бүх багаж хэрэгслээ устгаад, байшин барилгаа дутуу барьсан гээд энэ бүхнийг ярьвал урт түүх болно. Манай ард түмний хэрэглээд заншчихсан торго, дурдан, цай, тамхи гэсэн уламжлалт бараа таваар ч орж ирэхээ больсон. Замын-Үүдээр л дамжиж Хятад руу явбал явна. 1988 оны үед энд хамаатан нь байдаг арван хэдэн хятад иргэнийг оруулахад Монголоос тэр тооны хүмүүс явах жишээтэй. Тэгээд энэ харилцаа 1990 он хүртэл хаалттай чигээрээ үргэлжилж, 1990 оны хавраас Хятад, Монголын харилцаа сэргэж, өргөжиж байх шив дээ.  

-Та тэгвэл үнэхээр адармаатай үед энэ байгууллагыг удирджээ?
-1993 оны сүүлчээс эхлээд төр, засгийн бодлого шийдвэр буруу замаар явсан. Тэр үед одоогийн байдалд хүрэх нь тодорхой байсан. Авлига, хээл хахууль, улстөр, бизнесийн бүлэглэл бий болж төр засагт шударга бус байдал газар авах эх суурь тавигдаж эхэлсэн. Өмч хөрөнгө идэж уух, хувьдаа завших, луйвардах, төрийн өмчийг хувийн болгох асуудал хэрээс хэтэрсэн. Социализмын үеийн Материал техникийн бааз болох асар их өмч хөрөнгө, бараа, таваарыг 1990-ээд оны эхээр хэсэг хүн хулгайлж баяжих үндэс нь тавигдсан. 1992, 1993 оноос химийн хорт бодис их хэмжээгээр хилээр ил, далдуур орж ирдэг, дамлан зардаг байсан.

Зарим хорт бодисыг тухайн үеийн цагдаа, тагнуулынхан шалгаж байсан. Улаан мөнгөн ус нэртэй бодис ихээр арилжаалагддаг байсан. Ер нь Монголын нутаг дэвсгэр дээгүүр хаа сайгүй хятадууд олширч дураараа авирлаж байна. Ан гөрөө, худалдаа наймаа хийх нэрийн дор хятадууд судалгаа хийж, мэдээлэл цуглуулах боллоо. Хятадууд ийм замбараагүй болж байгааг хянах хэрэгтэй гэхээр “Хятадаар оролдохоо боль” гэж прокуророос хүртэл таньдаг хүнээр хэлүүлж байсан. Засгийн газар ч “Хятадын асуудлыг сөхөж тавихаа боль” гэж дургүйцнэ. Манай нутаг дэвсгэр байлдааны буу зэвсэг наймаалцах талбар нь болж байлаа. Энэ бүх сөрөг үзэгдлүүд Монгол Улсыг хүнд байдалд оруулна гэдгийг тэр үед сануулж, сэрэмжлүүлж байсан шүү дээ. Одоо яг тэр хэлснээр явж байгааг та нар харж байгаа биз дээ.

1993 оны сүүлчээс төр, засгийн бодлого буруу замаар явсан

-Таныг хорих шалтгаан бүр эртнээс Ц.Нямдоржид байсан гэдэг үнэн үү?
-Бүр 1990 оноос эхтэй. Тухайн үед Ц.Нямдорж Бээжинд очиж Хятадын тусгай албаныхантай уулзаж, дайлуулж цайлуулж, баас, шээс, бөөлжсөндөө хутгалдаж, бэлэг сэлт авсан баримт, нотолгоо Тагнуулын байгууллагад байдаг юм. Ц.Нямдорж дахиад 1991 онд Бээжин явсан. Энэ явалтын талаарх дэлгэрэнгүй мэдээ, материалууд мөн Тагнуулын байгууллагад хадгалагдаж байсан. Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс Ц.Нямдоржтой тагнуулын байгууллагын ажилтан уулзаж, явж ирсэн тухайгаа дэлгэрэнгүй тайлбар, тодруулга өгөхийг удаа дараа хүссэн боловч гаргаж өгөөгүй.

Тиймээс тухайн ажилтан өөр бусад суваг, эх сурвалжаас авсан мэдээ, материалд түшиглэн Ц.Нямдоржийн явж ирсэн талаар дүгнэлт, танилцуулга хийсэн. Үүнээс үзэхэд Ц.Нямдорж Хятадын тагнуулын байгууллагад ашиглагдсан нь тодорхой байсан. Тагнуулын байгууллага гэдэг чинь өөр эх сурвалжаас ч мэдээлэл авна шүү дээ. Тэр журмаараа бид авдгаа авчихсан байсан болохоор 1992 оны сүүлчээр “Улаанбаатар” зочид буудалд Бээжингээс ирсэн хятадуудтай Ц.Нямдорж уулзах болоход нь “Ц.Нямдоржид техникийн хяналт тавь” гэх үүрэг өгснийг түүнд очоод хэлчихсэн байсан. Энэ мэтээс Ц.Нямдоржийн үзэн ядалт эхэлж, олон жилийн өс хонзон нь хуримтлагдсаар явсан юм билээ.

-Ц.Нямдорж тэгэхээр хятадуудтай энд ч, тэнд ч уулздаг байж. Тагнуулынхны хараанд эртнээс өртсөн байх нь ээ?

-Энэ нөхөр хятадын тусгай албадтай холбогдож байсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон зүйл. Ц.Нямдорж тагнуул хийх ямар ч чадваргүй, мэдлэг мэргэжлээр тун дульмагхан, хоцрогдсон, маш бүдүүлэг араншинтайгаас гадна коммунист үзэл суртлын тогоонд чанагдсан эрх зүйн ойлгол¬тоосоо салж чадаагүй, шоронжсон сэтгэлгээтэй хүн.

Монголын төр засгийг бүхэлд нь буруутгахгүй. Хэдэн Үл Бүтэх, бохир, бусармаг Явдалтнууд тэнд байдаг...
Ийм хүнийг Хятадын тусгай алба тагнуулчаа болгоно гэж юу байсан юм бэ. Харин ашиглаж байсан уу гэвэл, ашиглаж байсан. Бээжинд очиж, хятадуудтай уулзаж мэдээлэл өгөөд элдэв юм ярьж, дайлуулаад, бэлэг сэлт аваад ирсэн гэрэл зураг Тагнуулын архивт байсаар байхад Ц.Нямдорж мөрдөн байцаалтад “Бээжин нэг явсан, хоёр яваагүй” гэж мэдүүлдэг. Гэтэл 1990, 1991 онд явсан хөдөлшгүй баримт байдаг юм. Жишээ нь, хоёр дахь удаагаа хятадын тусгай албаныхантай уулзсаныг нь батлах  автоматаар он, сар, өдөр нь гарсан гэрэл зургууд байдаг ч “Энэ бол техникийн алдаанаас он сар өдөр буруу гарсан” гэж прокурор, шүүх, мөрдөн байцаагч нартай нийлж асуудлаас бултдаг. Гэтэл миний хавтаст хэрэг гэгчид зөвхөн 1991 оны зургуудыг хавсаргасан. 1990 оны зургийг зориуд, санаатайгаар хавсаргаагүй. Энэ мэтчилэн үнэн баримтыг өөрийн гар хөл бологчдоо ашиглан, будлиантуулсан.  

-Тэгээд хэрэг явдал яаж үргэлжилсэн юм бэ?
-Би хуулиар олгогдсон иргэн хүнийхээ эрхийн дагуу төрийн дээд байгууллагад хувийн өргөдөл, захидал бичсэн. Тэр өргөдөлдөө “Ц.Нямдорж бол хятадын тагнуул” гэж огтхон ч дурдаагүй. Мөн баас шээс, бөөлжистөө хутгалдсан ч гэж бичээгүй. Гадаадын тусгай албадтай холбоо, харилцаатай байдгийг нь шалгаж, магадлах нь зүйтэй” гэдгийг дурдсан. Гэтэл төрийн нууц задалсан гэдгээр надад ял тулгасан. УИХ-аас энэ асуудлыг нягталж, шалгахаар 2000 оны сүүлчээр ажлын хэсэг гарсан. Түүний дараа 2001 оны нэгдүгээр сард “Ц.Нямдоржийн талаар бичсэн захидлаа татаж ав. Хэрвээ татаж авахгүй бол таныг гарцаагүй шоронд хийх юм байна шүү” гэдгийг Тамгын газрын ажилтнаар хэлүүлж байсан. “Би бөөлжсөн бөөлжсөө буцааж иддэг хүн биш.

Үнэн мөнөөр нь шалгаж өгөөрэй. Захидлаа би эргүүлж авахгүй шүү” гэдгээ ажлын хэсэгт ч хэлсэн. Тэрүүнд Ц.Нямдорж маш их хонзогносон байна лээ. Их хурал, Засгийн газрын төвшинд энэ асуудал удтал яригдаж, нэг тийш шийдэгдэхгүй яваад л байсан. Тэгж байтал “Хүмүүс” сонин дээр Ц.Нямдорж хятадын тагнуулын байгууллагатай холбогддог тухай гарч, шуугиан дэгдэж эхэлсэн. Тэр бүхэнд энэ нөхөр боож үхэх гэж явсан юм билээ. Асуудал хурцадсан үе нь тэр. Удахгүй ХЗДХ-ийн сайд болж, надаас өс авах боломж нь бүрдсэн. “ТЕГ-ын дарга Энхнасан үүрэг өглөө, таныг баривчил гэж байна. Ц.Нямдоржийн тухай “Хүмүүс” сонинд материал гарсанд таныг буруутгаж байна.

Та төрийн нууц задруулсан” гэхээр нь “Наад асуудлыг чинь Ерөнхий сайд, Их хуралд шалга гэж бичээд өгчихсөн байгаа. Юу гэж намайг барих гээд байгаа юм. Та нар шиг юманд баригдахгүй” гээд орж ирсэн нөхрийг нь хөөгөөд гаргачихсан. Ингээд Ц.Нямдоржийн явдал олон нийтэд ил болж, сөрөг хүчин нь асуудал болгож тавьж бай¬санд бачимдахдаа албан тушаалаа ашиглаж хүчээр барьж суулгасан. “Нямдоржийг гүтгэсэн, нэр хүндийг нь унагасан. 45 хуудас материалыг сонинд гаргасан” гэдгээр намайг шийтгэсэн. Гэтэл сонинд Ж.Баатар өгсөн үү, тагнуулынхан өөрсдөө тараачихсан уу гэдгийг хянаж, шалгаагүй юм шүү дээ.

-Ж.Баатарын хэрэг гэгчийн цаана хоёрхон эрх ашиг байдаг. Энэ төрд нууц байх уу, үгүй юу, улстөрийн хэлмэгдүүлэлт цааш байх уу гэдэгт Монголын шүүх хариулт өгсөн гэж Ц.Нямдорж хэлдэг?

-Энэ төрд нууц байх уу, үгүй юу гэдгийг удаа дараа ярьдаг. Би гайхаад байгаа юм. Ц.Нямдорж Бээжинд очоод баас шээс бөөлжсөндөө хутгалдсаныг төрийн нууц гэж үзэж, тэрэнд л хонзогносон юм байлгүй дээ. Улстөрийн хэлмэгдүүлэлтийг гаргуун хийдгээ Ц.Нямдорж өөрийнхөө үйлдлээр нот¬лчихсон. Би улстөрийн хэлмэгдүүлэлт хийж, хэн нэгнийг шоронд явуулж, хэрэг тулгаж, гүтгээгүй. Үндсэн хуульд олгогдсон эрхийнхээ дагуу УИХ-д өргөдөл гаргаж, түүнээсээ болж хилс хэргээр шийтгэгдсэн. Ц.Нямдорж хятадын тагнуул хийх чадвартай амьтан ч биш.

Ямар сайндаа идсэн хоол, уусан архиа шингээж чадахгүй баас шээс, бөөлжсөндөө хутгалдаж байхав. Ц.Нямдорж хятадын тусгай албаны ажилтантай уулзаж, ямар юм яриулах сонирхолтой байгааг нь ч мэддэг ч тэр бүхнээ үнэнээр нь хэлдэггүй хүн байхгүй юу. Би энэ нөхрийг Хятадын тагнуул мөн ч гэж хэлээгүй, биш ч гээгүй. “Ц.Нямдорж  Хятадын тусгай албадтай холбоотой байдаг, энийг бүрэн гүйцэд шалгах хэрэгтэй” гэдгийг л хэлсэн. Гэтэл төрийн нууц задалсан гэдгээр надад ял тулгасан. Ер нь тэгээд Хятадын тусгай албадтай Ц.Нямдорж холбоотой гэж зарлаад байдаг нь Хятадын нууц болохоос Монголын нууц биш. Би Монголын ямар ч нууц задруулаагүй ээ.     

Ж.Баатарт ял тулгаж байгаа далимаар өрсөлдөгч нараа улстөрийн тавцангаас зайлуулахыг хүссэн

-Мөрдөн байцаалтын үеэр таныг хэр оролдож байв?
-Баатарын хэрэг гэгчтэй танилцахад ерөөсөө надад зориулчихсан, миний эсрэг зохион байгуулчихсан нь харагддаг. Прокурор, шүүх, тагнуул, цагдаа нь “Баатарыг л дарж авъя, алъя. Төрийн эсрэг гэмт хэрэгтнийг дараад авчихвал Монгол Улс сайхан хөгжинө. Энэ нөхөр л гай болоод байна” гэдэг ойлголт төрүүлсэн. Гэхдээ би хилс хэрэг хүлээхгүй гэдгээ хэлдэг байсан. Хоол, цай өгөхгүй өлсгөж, тамлаж байсан. Шоронд хийчихээд санаа нь амрахгүй миний өсч төрснөөс өгсүүлээд өдийг хүртэлх насны амьдралын зурвасыг дахин дахин шалгасан байсан. Намайг идэж уусан хэрэгт хутгахыг мөн ч их санаархсан. Даанч хар санаа нь санаж байснаар нь бүтээгүй. Хувьдаа юу ч завшаагүй учраас надаас юу ч олж чадаагүй. Жолоочоор ажиллаж байсан хүнийг хүртэл “Баатар хаана очдог, гадны хүнтэй  уулздаг уу, амралтаа хаана өнгөрүүлдэг вэ, хэнийд очсон бэ” гээд нэг бүрчлэн үзсэн байгаа юм.

Би сайн л бол цагаан сараар ах, дүүгийнхээрээ орно. Бараг айл хэсээд байдаггүй. Ууж идэж наргиж, цэнгэдэггүй. Ганц удаа Б.Чимэд хуульчтай Эрдэнэ сумын хойно голын эрэг дээр арав хоног хэвтсэнийг хүртэл ухаж төнхсөн байдаг. Голын захад хэнтэй уулзсан, хаанаас машин авч явсан гээд л. Тэгээд надад ямар ч асуудал байгаагүй учраас ямар нэгэн юмтай хутгаж чадаагүй. Хөөрхий миний ах дүү, хамаатан садан бүгд ядуу. Тэднийг хүртэл бүр түүхчилж шалгаад л, амар заяаг үзүүлэлгүй зовоосон гэр бүлийг минь.  

-Төрийн нууц задалсан гэдгээр л таныг байцаагаад байсан юм уу?
-Тэгсэн. Төрийн нууц задруулсан хэрэгт тулгана. Ямар нууц задруулав гэхээр мөрдөн байцаагч “Төрийн дээд байгууллагад Ц.Нямдоржийг шалгуулах асуудлыг тавьсан, төрийн нууц задалсан байна”, мөн Ерөнхийлөгч Н.Багабандид нууц задалсан гэж ял тулгадаг байсан. “Та дээшээ хэн нэгэн хүний талаар асуудал тавих гэж байсан юм бол яагаад ганцхан Ц.Нямдоржийн асуудлыг тавьж, бусад хүнийг ярихгүй байгаа юм” гэнэ.  “Бусад хүн гэж хэнийг яриад байгаа юм. Та нар мэдэж байгаа юм бол өөрсдөө тавь” гэхээр Ж.Баатар хэгжүүрхдэг, асуултанд хариулдаггүй гэж мөрдөнд чангалах үүргийг шоронгийнхонд өгдөг байсан. “Чамайг тамлаад, хавтгайгаар чинь шоронгийн хаалгаар мөлхүүлж гаргана” гэж  мөрдөн байцаагч заналхийлнэ. Надад хэрэг хүлээлгэхийг үнэхээр хүсч, сонирхож, намайг үнэхээр тамлаж, миний эрүүл мэндээр тоглож байсан даа.

-Баабар ч бас таныг өмөөрч дуугарсныхаа хариуд, нэг үгээр хэлэхэд хэвлэлүүд дээр гараад байсан 45 хуудас материалыг нэгтгэж “Нямдоржийн тагнуулын хэрэг” гэж бичсэнийхээ төлөө таны араас явахаа шахсан?
-Гэмгүй олон хүмүүсийн эсрэг мэдүүлэг авах гэж их зовоосон. М.Энхсайхан, Л.Гүндалай, Ц.Элбэгдорж, Н.Багабанди нарын эсрэг мэдүүлэг гаргуулах гэж хичнээн үзсэн гэж санана. Худлаа ч байсан хамаагүй ямар нэг юм яриад өгвөл намайг харж үзээд гаргах юм гэнэ ээ. Р.Гончигдорж гэдэг хүнээс 1990 онд их хэмжээний авлига авч, оронд нь юм хийж өгсөн байна гэж ял тулгана. Н.Багабандитай нийлж нууц задруулж, хуйвалдаж, хүн гүтгэж байна. Үүнийгээ мэдүүл гэнэ. Ц.Нямдоржийг шалга гэсэн захидалд ямар ч нууц зүйл байхгүй гэхээр элдвээр довтолж, тамлана. Тэр муу байцаалтынх нь өрөөнд нар тусдаг, жаахан ч гэсэн агаар ордог болохоор тэнд нь хэдэн минут ч болтугай илүү суух гэхдээ энэ мэтчилэн мөрдөн байцаагчтай үзэлцэнэ шүү дээ.

Дараа нь тэрийг мэдээд харанхуй, чийгтэй нүх рүүгээ хурдхан гэгч нь хөөчихдөг болсон. Ямар ч хэрэг хийгээгүй надад хуурамч бичиг баримт, хэдэн сонины хайчилбараар хэрэг тулгаж байгаа юм чинь дээрх нөхдүүдийн тухай тамлуулахгүйн тулд худлаа үнэн юм яриад гарвал тэр дор нь өлгөж аваад, хуурамчаар баримтжуулаад, хавтаст хэрэг үүсгээд явчих байсан биз. Харамсалтай нь би Ц.Нямдорж шиг хүнийг цусгүй гүтгэж чадахгүй л дээ. Энэ бүхнээс надад нэг юм ойлгогдсон. Мөрдөн байцаалтын явцад Ж.Баатарт ял тулгаж байгаа далимаар өрсөлдөгч нараа улстөрийн тавцангаас зайлуулахыг хүссэн нь мөрдөн байцаагчийн асуултаар ч тодорхой харагдаж байсан.

-Таныг хэлмэгдүүлж, хорьж чадсан. Хуурамч бичиг баримт бас ашигласан хэрэг үү?
-Ц.Нямдорж миний мэдэхээр хоёр дахь удаагаа Бээжин рүү Хятадын тусгай албаныхантай уулзахаар явах үед Хууль зүйн сайд нь Амарсанаа байсан. Гэтэл “Хуулийн байгууллагуудын удирдах ажилтны бизнес уулзалт зөвлөгөөнд оролцуулахаар Ц.Нямдоржийг Бээжин рүү Ж.Баатар явуулсан” гэсэн Амарсанаагийн гарын үсэгтэй бичиг мөрдөн байцаалтын хавтаст хэрэг дотор байна билээ. 1991 онд бизнес гэдэг үг дөнгөж хэдхэн хүний хүрээнд орж ирж байсан.

Юун хууль зүйн яам олон улсын бизнес уулзалтад оролцох вэ. Намайг яллахын тулд Ц.Нямдорж энэ мэтчилэн хуурамч материал цуглуулсан. Тэрний нэг нь энэ. Амарсанаа тийм хуурамч бичиг ямар санаа зорилгоор хийж өгсөн нь их сонин. Өнөөдөр манай төр засагт, ялангуяа Хууль зүйн сайдад ийм хуурамч, худалч, үл бүтэх этгээдүүд тавигддаг болохоор хууль ямар байх нь тодорхой. Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед гадагшаа явах болбол Засгийн газрын хуралдаанаар орж, протоколддог байсан. Тэр журмыг зөрчиж явсан Ц.Нямдоржид их учир бий.

-Хэрэгт шалгагдаад, хилс хэрэгт унаад явж байхад та юу бодогдож байсан бэ. Хэр олон хүн танаас нүүр буруулсан бол?

-Ц.Нямдоржийн асуудлыг эрчимтэй тавьж, Монголд болж бүтэх зүйл байхгүй боллоо гэснээс хойш цагдаа, тагнуулынхан ганц Баатартай л хөөцөлддөг болсон. Би хатуу үгтэй, шаардлага өндөртэй боловч элдэв муу санаагүй, хүний араас хэзээ ч хутгалдаггүй. Гэтэл ажил, албан тушаалгүй болгочихоод араас нь элдвээр гүтгэдэг юм байна. Гүтгээд барахгүй хутгалдаг юм байна. Ийм муухай юм байдгийг би амьдралаараа ойлгосон. Миний эргэн тойронд байсан хүмүүс энэ үед хүний мөс чанараараа хоёр хуваагдаж ялгарсан. Генералуудын ихэнх нь надад сайн, нөхөрсөг, хүн ёсоор ханддаг. Намайг шоронгоос гаргаач гэж 25 генерал гарын үсгээ зурж, холбогдох газар бичиг хийж явуулж байсан.

Тагнуулаас ганц Д.Чимэд-Юндэн, цагдаагаас ганц Б.Пүрэв генерал хоёр л гарын үсэг зурсан байсан. Харин надад хаа, хамаагүй хол байдаг Батлан хамгаалах, Хилийн цэргийн намайг тэр бүр таньж мэдэхгүй генералууд гарын үсэг зурсан байсан. Энэ бол хүний мөс чанар юм. Миний бие УАБХЕГ-ын дарга байх үед Хилийн цэрэг тус газрын бүтцэд байсан юм. Хилийн цэргийн генералуудад тухайн цаг үед ихээхэн хатуурхаж байсан удаа надад бий. Гэтэл тэд маань миний үгэнд эмзэглэж хар буруу санаагүй юм билээ. Цэргийн жинхэнэ эрс гэдэг ийм л генералуудыг хэлэх байх. Харин хир халдаахгүй өмгөөлөн хамгаалж, хайрлаж явсан Тагнуулын хүмүүс ар нуруу руу минь ил далд олон удаа хутга шидсэн дээ. Намайг муулуулах гэж зарим нь сонины газар руу жим гартал гүйцгээсэн байдаг. Харин сэтгүүлчид нь тэр бүхнийг гаргаад байгаагүй байх.

Ийм өөдгүй хүмүүсийг би тэжээж, гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэж байсан юм байна, ийм өөдгүй улсуудаар би өөрийгөө тойрон хүрээлүүлж байж гэдгээ ойлгосон. Би Монголын төр засгийг бүхэлд нь буруутгахгүй. Хэдэн үл бүтэх, бохир, бусармаг явдалтнууд тэнд байдаг. Луйварчин, хулгайч нарын бүлэг төрд дахин гарч ирвэл өс хонзонгоор намайг шоронд хийнэ гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ тэрэнд нь бэлдэж байсангүй. Тэдний бузар явдлыг нэг бүрчилэн мэдэх учраас надаас тэд айдаг. Үүнийг нь мэдэх хамт ажиллаж байсан нөхөд маань мэдүүлэг өгцгөөсөн ч яагаад ч юм нас барцгаасан.

-Таны араас “хутгалсан” ямар хүмүүс байдаг вэ?
-Жишээ нь, НАХЯ-ны сайд байсан Цийрэгзэн сайн дураараа миний эсрэг мэдүүлэг өгсөн байдаг. “Ц.Нямдоржийн материалыг Ж.Баатар өмднийхөө карманд хийчихсэн явахад нь би гудамжинд таарсан. Карманаас нь цаасны булан цухуйж байсан нь Ц.Нямдоржийн тухай материал мөн байсан. Ж.Баатар түүнийгээ Ардчилсан намд өгөөд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь буулгах зорилгоор авч явсан байх. Баатар нууц задруулсан нь үнэн” гэж. /инээгээд/ Тэгэхээр Цийрэгзэн ер нь Ц.Нямдоржийн материал байдаг гэдгийг батлаад байгаа биз.

Цийрэгзэнгийн мэдүүлгийн гол утга нь “Ж.Баатар Ардчилсан намтай нийлж Хувьсгалт намыг улстөрийн тавцангаас арчихын тулд ийм зүйл хийж байна” гэж ойлгуулахад чиглэсэн байсан. Ганц Ц.Нямдоржийн хэрэг гэвэл бусад нь хамгаалахгүй учраас хүч оруулж гүтгэж буй нь тэр. Цийрэгзэн шиг үл бүтэх нөхдөөр бамбай хийж байгаад өөрөө сугарч үлдэх санаагаа Ц.Нямдорж оновчтой хэрэгжүүлсэн. Цийрэгзэн яахав дээ, намайг өөрийнх нь ажлыг авсан гэдэгт гомддог шиг байна лээ. Бас болоогүй тэр үед янз бүрийн нууц дурсамж бичиж тагнуулын архивт хийнэ.

“Ж.Баатар Монголд ардчилсан хувьсгалыг хийсэн, нийгмийг задалсан, МАХН-ыг унагасан, ардчилсан хүчний үл бүтэх улстай нийлсэн, НАХЯ-ыг тараасан” гээд л. Гэтэл би НАХЯ задрахад, ардчилсан хүчин гарахад ч Монголд байгаагүй. Хүнийг матаж болно. Гэхдээ өөрт нь хэлээд матвал зүгээр. Хөөрхий хүн матах хоббитой болж, таашаал авдаг юм байлгүй дээ. Ц.Нямдоржоор далимдуулж Хувьсгалт намыг улстөрийн тавцангаас зүйл дуусгах гэж байна. Шийтгэгдсэн нь зөв, шийтгэгдэх ёстой гэж гэж том юм ярьсан хүн шүү дээ. Хувьсгалт намд олон хүн намайг дэмжиж байсан ч үүнээс болж их цэрвэсэн байдаг.

НАХЯ-д ажиллаж байсан хүмүүсийн дунд “Баатар хятадын чиглэлээр ажиллаж байхдаа олж авсан үнэтэй үнэтэй мэдээллийн эх сурвалжаа өөрөө задалсан. Түүгээрээ л шийтгэгдэж байгаа. Ц.Нямдоржийн асуудал энд хамаагүй” гэдэг ойлголт өгөх ажлыг үндсэндээ зохион байгуулсан ш тээ. НАХЯ-аас тэтгэвэрт гарсан улсуудаар “Тэр Баатарыг нэн яаралтай ол, баривчил, шоронд нь хий” гэж ярилцлага өгүүлээд л байсан. Зарим генерал тэрэнд нь орчихсон явна лээ. Намайг огт мэдэхгүй танихгүй атлаа нэг л их намайг занасан, хонзогносон хүмүүс ярилцлага өгч байсан.

Би тэсрэх бөмбөгтэй орж Ц.Нямдоржтой хамт өөрийгөө дэлбэлнэ гэж бодсон юм байлгүй

-Таныг шүүх хурал Ганц худагт хаалттай болж, олон нийт нэлээн айдаст автаж байсан?

-Тэр ойлгомжтой. Намайг цаазаар авдаг хүн шиг өвч бүрэн зэвсэглэсэн, давхар давхар харуул хамгаалалттайгаар Төв аймгийн шоронгоос Ганц худагт авчирсан шүү дээ. Сүүлд сонсоход, ШШБЕГ, цагдаа, тагнуулынхан шөнөжин түргэн аваад бэлтгэл хийсэн юм билээ. Тэндээс хот хүртэл харуул хамгаалалт гаргаад, яг үүрээр очиж авч байгаа юм. Тийм сүржин. Цонхоор юу ч харагдахгүй хөшигтэй пургонд намайг суулгасан. Хаашаа явж байгаа нь ч мэдэгдэхгүй. Буутай, багтай, АКМ буугаар зэвсэглэсэн залуучууд очиж авсан. Ганц худагийн шүүх хуралд ороход мэдээж  гар гавлаатай. Шүүх хуралд орохын өмнө металл эрэгчээр миний биеийг шалгасан.

Ухаандаа би тэсрэх бөмбөгтэй орж Ц.Нямдоржтой хамт өөрийгөө дэлбэлнэ гэж бодсон юм байлгүй. Гэнэт металл эрэгч нь гэнэт тачигнатал эргэн тойронд байсан харуулынхан сандарч байна гэж нөхцөлгүй. “Наадах чинь жинсэн өмдний кнопыг мэдрээд дуугарч байна” гэж сая тайвширцгааж байгаа юм. Ганц худагийг хэдэн давхар тагнуул цагдаагийнхан бүсэлсэн гэдгийг таньдаг хүн хэлнэ лээ. Монгол Улсын төрийн бүх хүчийг төвлөрүүлж, тэгж сүр бадруулж байхыг бодоход төр засагт шургалсан хулгайч нар Ж.Баатараас үнхэлцэг нь хагартал айсан байх. Надаас яагаад айж байсан гэхээр би дургүй хүргээд, бүр оролдоод байхаар нь хяналтаас нь гурван сар алга болж байсан удаатай. Тэгээд энэ нөхөр яаж ч мэднэ гэж бодсон шиг байна лээ. Хуучин зүгээр байсан шоронгийн хашаагаа давхарлаж, өндөрлөж тор татаад, тог гүйлгээд л хяналтаа сайжруулж байсан.

-Ц.Нямдоржид хорихын ажилчид хоол барьж гүйж, үндсэндээ түүний эрх мэдэл дор шүүх ажиллагаа явагдсан гэдэг?
-Ц.Нямдорж “Ж.Баатар Ардчилсан намын гишүүн учраас тэр намтай нийлж төр эргүүлэх гэж байна” гэж байсан. Ц.Нямдорж чинь нүд мүд нь хачин болоод, шүлс нь хатаад, уруулаа хэлээрээ долоогоод хүн рүү дайрахаараа нээх муухай болдог юм билээ. Тэгж дайрсаар байгаад шүүхийг ерөнхийдөө Ц.Нямдорж удирдаад явуулчихсан шүү дээ. Миний хэрэг гэгч юманд “Ж.Баатар намайг гүтгэсэн, дайрч доромжилж, нэр хүнд унагасан” гээд өөрөө сайн дураараа хохирогчоор байцаагдсан байдаг. Мөрдөн байцаагч өгсөн мэдүүлгийнх нь доор нэмэх юм байна уу гэхэд “Баатар чи хэргээ хүлээ, хүлээ. Хүлээхгүй бол олон жил шоронд тарчилна шүү” гэж бичээд, гарын үсгээ зурсан байдаг. Энэ ямар янзтай хүн болох нь харагдаж байгаа биз.

Албан тушаалаараа надад заналхийлж байгаа нь тэр. Тэгэхээр шүүх, мөрдөн байцаагчид нь ял оноохгүй гээд яах юм. Олон жил тарчилна шүү гэдэг чинь олон жилээр шийтгэ гэсэн үг биз дээ. Энэ нөхөр их хүний мөсгүй, албан тушаалын төлөө юу ч хийж магадгүй хүн дээ. Төрд шургалчихсан зөвхөн хувийн эрх ашгаа боддог ийм хэдэн хүн байна. Түүнийгээ дандаа ард түмэн, олон түмний эрх ашиг гэж илэрхийлдэг. Ганц худагт шүүх хурал даргалж байсан шүүгчдэд, намайг яллаж байсан прокурор Дамчаасүрэн нарт Ц.Нямдорж тун баяртай, сэтгэл хангалуун байсан. Хотын прокурорын орлогч байсан Дамчаасүрэн тэр үед “Хятад хүний нэг үс унахад Ж.Баатар хариуцна” гэж яллаж байсан. Б.Пүрэв генерал бид хоёр Ц.Нямдоржийн тухай То гэдэг Хятадаас мэдээлэл авч байсан. Ухаандаа Ц.Нямдорж шиг хонзогоноод би тэр Тог олох юм байна л даа. Тэрийг ярьж байна гэж ойлгосон.

ГЕНЕРАЛ Ж.БААТАР: Намайг үхчихээсэй гэж бодсон хүмүүс шоронгоос гарч ирэхэд айж байсан биз
Хилс хэргийг яаж зохион байгуулдаг вэ, яаж тулгадаг вэ, яаж хилс хэрэгт хийдэг вэ гэдгийг биеэрээ үзлээ. Миний хэргийг уншихад энэ нь тов тодорхой харагдана. Эд эрх мэдэлтэй улс аягүй бол миний хэргийг янзалж байж мэднэ. Тэгж сэжиглэж байгаа. Жишээ нь “Баатар аа, чи хэргээ хүлээ, хүлээ. Хүлээхгүй бол олон жил шоронд тарчилна шүү” гэж бичсэнээ ичихдээ баллуурдаж, үгүй бол устгаа биз.
 
-Ямар “хүчтэй” юм бэ?

-Энэ хүний хүч биш л дээ. Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж хүчний байгууллагуудыг амин хувьдаа гарамгай ашигласан нь тэр. Гэтэл Монгол Улсын аюулгүй байдлыг хангахын тулд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд энэ байгууллагыг ингэж ажиллуулж, ашиглаж чадаж байна уу. Үгүй шүү дээ. Ноцтой ноцтой гэмт хэргүүд нэмэгдэж, хэрэг зөрчил тоймоо алдчихаад байгаа биз дээ.

-Ц.Нямдорж ялна, яллана. Харин цаг түүхийн шүүхийн пянг даах болов уу гэж тэр үед ярьж, бичиж байсан?
-Энэ даахгүй л дээ. Урьд өмнө хүнийг хэлмэгдүүлж явсан зүйлс бүгд тодорхой хугацааны дараа илчлэгдэж байна. 30 хэдэн оны нугалаа завхралын үед гэхэд Монголын ард түмэн юу ч ярьж чаддаггүй, айдаг. Тэр үед хүмүүс яллаж шийтгэсэн нь зөв гэсэн ойлголттой байсан. Гэтэл өнөөдөр ямар хүмүүсээ шоронд хийж, буудаж байсан нь тодорхой болсон шүү дээ. Тэрэн шиг хэсэг хугацааны дараа Ц.Нямдорж үнэнд гүйцэгдэнэ. Хэзээ нэгэн цагт үнэн илэрнэ, илчлэгдэнэ. Түүх шүүнэ, үнэн юм үнэнээрээ тогтоогдоно. Тэртээ тэргүй Баатарын хэрэг гэгч нь архивт байгаа юм гэсэн. Тэрийг хүмүүс үзэхээр Баатар юу гэж хэлж байв, хариулж байв гэхээр бүх зүйл харагдана.

Ямар олон хэргээр Баатарыг яллаж байв. Ухаан санаанд нь бүр багтахгүй байх л даа. Тухайлбал, мөрдөн байцаагч нэг удаа надад “Ж.Баатар та эх орноосоо өөрөө урвасан хэрэг үйлджээ. Маш ноцтой баримт гарч ирсэн. 1985 оны тавдугаар сарын 14-ны өдөр та өөрийн биеэр Ц.Нямдоржийг нууцаар дагуулан Бээжинд аваачиж, хятадын тагнуулд элсүүлүүлсэн байна. Энэ хэргээ хүлээ” гэж ял тулгаж байлаа. Ингэж гүтгэж ял тулгах тодорхой зорилго байсан байх. Юуны өмнө нэгдүгээрт, хэрэв Ц.Нямдорж энэ хүнд байдлаас гарах гарцгүй болчихвол Ж.Баатарыг эх орноосоо урвасан хүнд гэмт хэрэгтэн болгож өөрийгөө цэврээр сугалж авч үлдэх гэсэн ядруухан арга байсан биз.

-Ц.Нямдорж “Яахаараа Н.Багабандийн томилдог шүүх прокурор миний үгэнд орж байдаг юм. Өгөх ялаа л өгсөн” гэдэг?
-Наад нөхөр чинь угаасаа тэгж л ярьдаг. Томилох өөр хэрэг. Прокурор, шүүхийн үйл ажиллагааг алсаас хэн удирддаг вэ гэхээр наадах чинь. Удирдаж чиглүүлж бүх юмаа хийлгэдэг. Өөрийн бусармаг явдлаа дардаг, бусдыг хэлмэгдүүлдэг. Бусдыг өс хонзонгоор дарахад шүүх прокурор цагдааг бороохой болгодог. Сүүлийн үед үүндээ бүр гаршиж, амтшиж, эрдэж яваа ийм л нөхөр.

-Хүмүүс энэ явдлыг нарийн мэддэггүй байсан. Тэгэхээр Ц.Нямдорж үлдсэн жаахан ч гэсэн амьдралдаа шударга явдалд зориул гэж та хэлэх үү?

-Өөртэй нь адил хэсэг бүлэг хүн байгаа учраас энэ нөхөр өнөөдрийг хүртэл явж байгаа. Шударга бус хүн хэзээ ч шударга байж чаддаггүй. Төрд шургалсан хулгайч, жирийн хулгайч хоёр хүнийхээ мөс чанараар их ялгаатай. Жирийн хулгайч идэх хоолгүй, туйлын хэцүү байдалд ороод хулгай хийдэг. Хүний мөс чанараа гээгээгүй, сэтгэлтэй, сүүлд нь гэмшдэг, тийм л юм билээ. Би хулгай хийж алдаж эндэж явсан олон залуустай уулзаж, таарч байсан. Харин төрд шургалсан хулгайч бол хэзээ ч тэгж бодохгүй, улам ахихыг бодно, хүний мөс чанараа гээнэ. Хэрэгтэй үед хүн алахаас буцахгүй. Хэнийг ч яаж ч гүтгэж, шоронд хийнэ, албан тушаал эрх мэдлээ ашиглаад хүчээр дарна. Иймд шударга үнэн гэх ойлголт тэдэнд хэзээ ч байхгүй, энэ тухай яриад ч хэрэггүй.

Мөрдөнд сууж байгаа залуус агаар амьсгалахын тулд хийгээгүй хэргээ ч хүлээдэг юм билээ

-Баатар тулдаа л тэр үеийг тэсч гарсан байх. Шоронгийн нөхцөл ямар байв?

-Хоол унд гэж аюултай. Сайхан сайхан юм яриад байхаас биш шоронгийн амьдрал их хэцүү юм билээ. Над шиг хөгшин хүн битгий хэл залуучууд биегүй болж дуусдаг газар. Хамгийн эхлээд шүд унана. Чийг баманд байхаар шүд чинь зүгээр сул болоод, булгараад булгараад унана. Миний арваад шүд булгараад уначихсан. Шүдний эмч байхгүй учраас өвдөөд болохгүй бол бие биенийхээ шүдийг бахиар авна. Авахаас аргагүй өвдөнө.

Чийг гэж нөхцөлгүй, ямар ч витамингүй хоол идэхээр аргагүй л дээ. Ялангуяа мөрдөн бол агаар ч байхгүй аймшигтай газар. Хамгийн эхлээд шүдийг нь, дараа нь дотор эрхтнийг нь иддэг. Бөөр, ходоод, цөс байхгүй болно. Эрүүл мэндийг идчихдэг. Агаар амьсгалахын тулд мөрдөнд сууж байгаа залуус хийгээгүй хэргээ ч хүлээдэг юм билээ. Хорих анги нь мөрдөнг бодвол арай дээр болохоор хэрэг хийгээгүй ч бүрэн хүлээж, нэгнийхээ хэргийг өөр дээрээ авна. Тэр бүхнийг мөрдөн байцаах, прокурор, шүүх ялгаж салгана гэж байхгүй.

За тэгээд өмхий “хамхай” баас шээсний үнэр гэж нөхцөлгүй. Сүүлдээ тэрийг мэдэхээ байчихна. Ус цасанд орно гэсэн ямар ч ойлголтгүй. Хэдэн сар өнгөрсний эцэст усанд орж, гар нүүрээ угаая гэтэл нэг литрийн ундааны саваар ус өгсөн. Толгойныхоо оройг жаахан норгоод савангаа хагас дутуу арилгаад, усанд орсон болно. Юм оёно, юмаа угаалгана гээд эрх чөлөөгүй ч тэнд амьдрал үргэлжилж байдаг. Тэнд би их юм сурсан. Толгой өвдөж бие хаа муудахад бүгд өөрийн гэсэн аргатай. Шүд өвдөөд, уначихвал яс зорж байгаад шүд хийнэ. Талх гэж баримлын шавар шиг юм өгдөг. Тэрүүгээр нь хэв аваад уран гартай залуус ясаар шүд хийгээд, нөгөө уначихсан шүднийхээ оронд суулгах жишээтэй.
    
-Долоон жилийн ялаас хэдийг нь биеэр эдэлсэн бэ?

-Гурван жил орчим болсон. Гарахын өмнөхөн Дарьтын шоронгоос Зайсангийн дамжин өнгөрүүлэхэд авчирч, 20-иод хоног намайг тамласан. Хамт хоригдож байгаа хүмүүст “Баатарын хөнжилд бөөс аваачиж хий” гэж үүрэг өгөөд амар заяа үзүүлэхгүй тамласан. “Таны талаар мэдээлэл цуглуул гээд байна, таныг хорлох гээд байна” гэж нэг залуу хэлж байсан. Төлөөлөгч нь намайг зориуд өөр камер руу оруулчхаад юмыг маань эвдүүлдэг, хулгай хийлгэнэ. Шөнө хоёр гурван цагаас илүү унтуулахгүй, тав арван хүн жижиг өрөөнд тамхи нэгэн зэрэг татахаар байж суух аргагүй болно. Би өөрөө татдаггүй болохоор тэр бүхэн аймшигтай байсан.

Ц.Нямдорж яг тэр үед “Ж.Баатарыг би өрөвдөөд гаргуулах гээд Дарьтаас Зайсангийн эмнэлэгт авчирч хэвтүүлж, сувилуулсан” гэх утгатай ярилцлага өгсөн байсан. Би өөрөө үзээгүй л дээ. Худлаа хэлэхээргүй хүмүүс тэгж хэлсэн. “Ц.Нямдорж чамайг гаргаж, чамайг сувилуулсан юм байна” гэхэд нь би сая ойлгосон л доо. “Аан, сувилуулах нэрээр Ц.Нямдорж үүрэг өгч намайг тамласан юм байна” гэдгийг. Дамжин өнгөрүүлэхэд надад юу ч өгсөн юм бүү мэд. Биеийн эрүүл мэнд тэр цагаас эрс муудсан. Ц.Нямдоржийн “хайр халамжинд” нь багтаж би Зайсангийн дамжинд ирсэн гэхээр надад үзүүлж буй “сувилал” нь тэр байж л дээ.

Долоон жилийн ялыг нь гүйцээнэ гэсэн бодолтой байсан

-Мэдээж Таныг хорих болсон нь ар гэрийнхэнд чинь хүндээр туссан байх. Эрүүл мэндэд чинь их санаа зовж байсан?

-Гэрийнхэн “Эрүүл мэнд чинь гүйцэхгүй болох нь, өргөдлөө бич” гэсээр бичсэн. Тэрнээс зөрүүдлээд долоон жилийг нь гүйцээнэ гэсэн бодолтой байсан. Ц.Нямдоржийн “хайр халамжаар” тийм газарт очиход бүх юмаар дутагдана шүү дээ. Ууж идэх юм яриа байхгүй. Тийм хүнд нөхцөлд хамгийн чухал нь биеэ бодох хэрэгтэй юм билээ. Ямар нэг байдлаар эрүүл байх. Сэтгэл зүйн хувьд би их төвлөрч байсан. Би тэнд байхдаа гарахыг ерөөсөө бодоогүй. Өвдөж, царай алдаж болохгүй. Бусдад дээрэлхүүлэхгүй гэсэн зарчмаар явсан. Албал алалцаад гарна, гарахгүй бол үзэлцэж байгаад хугацаагаа дуусгана л гэж бодсон. “Ж.Баатар шоронд мөдхөн үхнэ, бүх юмаар нь дарамтлаад байхад эрүүл мэнд, сэтгэл санаагаар унаж үхнэ” гэх хүмүүсийн бах тавыг хэзээ ч хангахгүй гэж өөрийгөө хатуужуулдаг байсан.

-Шоронд ороход чинь баярлаж байсан хүмүүс гарч ирэхэд тань айсан байх?

-Намайг үхчихээсэй гэж бодсон хүмүүс шоронгоос гарч ирэхэд айж байсан биз. Гараад ирлээ, бид эргээд шоронд орох нь гэж бодсон байх. Гарч ирсний дараа тойруу замаар оролдоод байсан. Одоо харин гайгүй болж. Аль ч улсын үе үеийн төрд ийм өөдгүй этгээдүүд байдаг. Тэд өөрсдийгөө мөнх юм шиг боддог. Гэтэл тэгдэггүй, үеэ өнгөрөөдөг. Ийм этгээдүүдийг би ойлгохыг ч хүсэхгүй байна. Ард түмэн өөрсдөө  хохироод байя гэвэл сонгоод л байг. Ц.Нямдорж шиг амьтад ард түмэнд үнэн зөв мэдээлэл хэзээ ч өгөхгүй, ард түмэн ядуу байх тусмаа л өөрсдөд нь ашигтай.

-Төрд нүүрлэсэн шударга бус явдлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Гэвч өөрийгөө бодоод дуугүй явж чадаагүй юм уу?
-Өөрийгөө бодох байж гэж боддоггүй. Монгол Улсын аюулгүй байдлыг хангах чухал байгууллагын дарга хүн мэдээллийг төр засагт тавихгүй, үгээ хэлэхгүй дараад байх юм уу эсвэл албан тушаал, хувийн эрх ашгаа бодоод тэдний аяыг дагаад дуугүй явна гэвэл улс оронд хохиролтой. Ёс зүйн хувьд таарахгүй. Тэр тусмаа Үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлд насыг авчихсан хүн. Өөрөө хохирсон ч хамаагүй,  дуугүй явахгүй гэж шийдсэн. Угаасаа албан тушаал шүтэж, ийм тийм албан тушаалд очмоор байна гэх мэт асуудал хэзээ ч тавьдаггүй байсан учраас надад өөр бодох юм байгаагүй. Үнэн мөнийг олно л гэж бодсон. Гэвч тэгсэнгүй.

-Та бие сэтгэл, эрүүл мэнд, гэр бүл, нэр төр гээд бүх зүйлээрээ хохирсон. Таны зиндааны албан тушаалтнууд өнөөдөр хамгийн баян хүмүүс болсон шүү дээ?

-Би албан тушаалтай байхдаа ахуйгаа боддоггүй, гэр орон, үр хүүхдээ бодохгүй бүтсэн бүтээгүй ажил гэсээр байгаад өнгөрсөн юм байна, одоо бодоход. Албан тушаалтай, ажилтай байхад хүн их долигнуур байдаг. Надад зөндөө л санал ирдэг байсан. “Ийм мөнгө байна, тийм байшин барилга байна авах уу, ийм ч юмыг хуваагаад авъя, тийм зээл аваач, дараа нь тэртэй тэргүй өгөхгүй өөрийн болгочихож болно” гээд өмч хөрөнгө янз бүрийн юм амлаж байсан хүн бишгүй бий. Суурь үхэр амлахад нь ганц хурга ч авч байсангүй. Хамтарсан том компани байгуулъя, хувиа аваад яв гэнэ. Зарим нь тагнуулын байгууллагын харьяа төрийн өмч, объект аваад дараа нь Ж.Баатар явчихсан мэдэх хүнгүй гэсэн шиг хувьдаа авсан зүйл ч зөндөө байх юм. Өмч хөрөнгө ашигладаг, луйварддаг, залилдаг нөхөд бүгд надтай үгсэн хуйвалдах, найрах, найзлахыг бодож байсан ч би хүлээж аваагүйгээрээ олон хүний дургүйг хүргэж байсан. Адаглаад Ж.Баатар гэдэг хүн авлаа гэхэд Монгол Улсын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, байгууллагын даргын хувьд наадахыг чинь авч чадахгүй гээд явуулдаг байлаа.

Орондоо ч засна, жорлондоо ч засна гэдэг чинь энэ шүү дээ

-Таны яриад байгаа ёс зүй гэдэг юм уланд гишгэдсэн шүү дээ?

-Ёс зүй битгий хэл хуулиа хэрэгжүүлэхгүй байна. Баахан хууль гараад байдаг, түүнийгээ хэрэгжүүлдэггүй. Хэсэг бүлэг хүний захиа даалгавар, бодлогоор цоорхойтой хууль гарч байна. Хууль гууль болж, албан тушаалтанд үйлчилж ард түмэнд үйлчлэхгүй байгаа нь үнэн. Тодорхой бүлэглэл зориуд цоорхойтой хууль гаргаж, гаргасан цоорхойгоороо хулгай хийж, өөрсдийн эрх ашиг хөндөгдөөд ирэхээр тэр цоорхойгоороо сугарч, гоожоод үлдчихэж байна.

Өөрийн эрх ашигт нийцэхгүй санаагаа хасч, нийцэх санаагаа дуртай үедээ нэмж оруулдаг. Орондоо ч засна, жорлондоо ч засна гэдэг чинь энэ шүү дээ. Өөрт ашигтайг хууль руу шургуулж, ард түмний төлөө үйлчлэх заалтыг баллуурддаг. Ийм л болчихсон байна. Уг нь хуулиар энэ төрийн  бодлого боловсруулагдаж явж байх ёстой. Нэгэнт бодлого байхгүй учраас Монголын байдал аль ч салбартаа сайжрахгүй байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал болон ард иргэдийн нийтлэг ашгийг жинхэнэ ёсоор хамгаалж чадахгүй байна. Харамсалтай нь өнөөдөр шударга хэсэг нь шахагдаад, бусармаг, буруу явдалтнууд нь өргөжих, гүнзгийрэх тийшээ хандчихлаа.

-Таны үед хуулийг орондоо засчихдаг байсан бол эх орноосоо урвасан хэргээр цөлөгдөх хэмжээнд хүрнэ биз?

-Энэ чинь ноцтой алдаанаас илүү зүйл. Их хурлын гишүүдийн Эрх зүйн байдлын тухай хуулинд Их хурлын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэж байдаг. Хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй юм чинь хийсэн хуулийнхаа төлөө ч хариуцлага хүлээхгүй нь аргагүй. Төрийн дээд байгууллага хариуцлагагүй болохоор бусад төвшинд хариуцлага ярих ч шаардлага алга. Өөрсдийгөө хариуцлагаас чөлөөлөөд хаячихсан. Засгийн газар нь бас тийм. Танхимаараа хариуцлага хүлээнэ гэсэн заалттай. Тэд танхимаараа хариуцлага хэзээ ч хүлээхгүй шүү дээ. Тэгэхээр бүх шатандаа хариуцлагын асуудал орхигдсон. Гэтэл ард түмэн, жирийн иргэд их хатуу хариуцлага хүлээдэг. Хуулийн хэрэгжилтийн ялгаа үүнд оршиж байна. Жирийн иргэнийг арван мянган төгрөгт хардаад авсан, аваагүй хамаагүй хэрэг хүлээлгэж, шоронд хатаана. Харин хэдэн тэрбумыг идсэн албан тушаалтныг болохоор бүрэн эрхэд нь халдлаа гэдгээр хамгаалаад үлдэнэ.  

Би аль ч намын золиос болоогүй

-Таны өргөдлийг шалгаад эцсийн дүн гарсан бол таныхаар яах байсан бэ?

-Энэ төр засагт шударга ёс тогтоод хуулиа бариад үнэн мөнөөр нь зааглаж ялгадаг бол Ц.Нямдоржийн бусармаг явдал үнэнээр тогтоогдоно. Хөдөлшгүй баримттай, гэрчтэй, нотолгоотой. Монгол нь ч гэрчилнэ, хятад нь ч гэрчилнэ. Гэрчилж ч байсан, нотолж ч байсан. Хэрвээ шударга ёсыг баримталдаг бол Ц.Нямдоржийг шийтгэсэн ч болно, ёс суртахууны хариуцлага хүлээлгээд хаясан ч болох байсан.

-Ж.Баатар золиос болсон гэдгийг их ярьж байсан. Үнэхээр та улстөрчдийн гар хөл болж, золиос болчихсон юм уу?

-Нохойд  яс хаяхаар хоорондоо зодолдоод, биенээ бариад сүйд болдог. Ц.Нямдорж яг тэрэн шиг улстөрийн нам, хүмүүсийн дунд яс хаях талаараа мэргэшсэн нөхөр. Яс хаяж байгаа нь тэр байхгүй юу. МАХН, АН хоёрын хооронд, Удирдах зөвлөлийнх нь гишүүдийн дунд яс хаяж, муудалцуулаад. Тэндээс өөртөө ашиг харж, амьсгаа авсан. Эд үзэлцэж байх хойгуур би зүгээр өнгөрнө гэсэн аргатай. Хүмүүсийг хооронд нь зодолдуулдаг, бие биенд нь худлаа ярьдаг.

Түүнээс биш би аль ч намын золиос болоод байсан юм байхгүй. Би өөрөө энэ асуудлыг тавьсан. Харамсалтай нь Монголд тэрийг үнэн шударгаар тогтоох байгууллага байсангүй. Хууль хяналтынхан худал хуурамчийн талд байлаа. Тэгээд л өнгөрсөн. Түүнээс Ардчилсан намын захиалгаар ч юм уу тэгж явдаг хүн би биш. Аль ч улстөрийн намд үйлчилдэггүй. Сайд даргад долигнож, ая тал засч явсангүй. Бусдыг ховолж матаж явсангүй, намайг мэдэх хүмүүс нь мэднэ. Анх удаа л Ц.Нямдорж гэдэг юмны асуудлыг үнэн зөвөөр шалгаад өгөх болов уу, улс орны аюулгүй байдалд хэрэгтэй гэдэг утгаар тавьсан нь тэр.

-Хуучны эвгүй дурсамж сэдрээж ярилцсанд уучлаарай. Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Ярилцлагаа энэ хүрээд өндөрлөе. Одоо таны сэтгэлийг юу зовоож байна?

-Монголын үндэсний аюулгүй байдал (ҮАБ) сэтгэлийг минь их зовоож байна. Энгийнээр хэлэхэд Үндэсний аюулгүй байдал (ҮАБ) гэдэг монгол иргэдийн өөрсдийнх нь аж амьдрал, оршин тогтнохын аюулгүй байдал. ҮАБ гэхээр хүмүүс агаар дээр байдаг зүйл юм шиг санадаг. Тийм биш. Тэр аюулгүй байдлыг хангахад иргэн хүн үүрэг гүйцэтгэнэ. Хамгийн гол нь төрийн эрх барих дээд төвшинд иргэдээ амар тайван аж төрүүлж амьдруулах үүргийг хангах ёстой. Өнөөдөр тэгж чадаж байгаа юм уу. Аюулгүй байдлыг хангах ажил өөр хоорондоо ямар ч хэлхээ холбоогүй, тасархай, салангид явж байна.

Д.Ариунаа
ariunaa@zmail.mn

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш