Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2012 оны гуравдугаар сарын 21-ний өдөр хэвлэлийн хурал зарлан “Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй төмөр зам барих нууц гэрээ байгуулсан” гэдэг мэдэгдлийг хийсэн. Түүний хийсэн энэ мэдэгдэл нь бодит байдалд нийцээгүй УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гүтгэлэг болсон гэж үзэж нэр хүндээ сэргээлгэх нэхэмжлэлийг 2012 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд гаргажээ.Уг нэхэмжлэлд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн байгуулсан “нууцлал” бүхий гэрээг ашиглан Ц.Нямдорж нь УИХ-ын гишүүн Х.Баттулга нь ЗТБХБ-ын сайд байхдаа “нууц” гэрээ байгуулсан гэх гүтгэлгийн чанартай мэдээлэл тараасандаа “уучлал гуйх, энэ мэдээллийг тараасан арга хэлбэрээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх” шаардлага тавьсан гэдгийг Монголын ардчилсан холбооны олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.