Гэмт этгээдүүд дэлхий нийтийн хэрэглээний Виза болон Мастер карт хэрэглэгчдийн дансанд нэвэрч, дэлхийн карт хэрэглэгчид болон томоохон брэндүүд алдагдал хүлээжээ. Кредит картны компаниуд 10 сая орчим картыг устгаж хүчингүй болгожээ. Хулгайч нар хэрэглэгчийн кредит картанд яаж нэвтэрдэг вэ? Кредит болон дебит карт хэрэглэгчид банк санхүүгийн байгууллагаар дамжин бараа бүтээгдэхүүн, онгоцны билет, шатахуун зэргийг худалдаж авдаг. Эдгээр процесс гүйлгээний төвөөр дамждаг. Өөрөөр хэлбэл эдгээр санхүүгийн компаниуд карт хэрэглэгчийг банктай холбож, үйлчилгээг түргэтгэснээрээ үйлчилгээний хөлс авдаг. Хэрэв аль нэг үйлчилгээний байгууллага хэрэглэгчээс санаатай болон санаандгүй илүү төлбөр авсан байвал гүйлгээний төв замд нь зогсоож, хэрэглэгчид мэдээлэл очихоос нь өмнө тухайн байгууллагатай холбогдож, шалтгааныг нь тодруулдаг. Процессийн төвд хэрэглэгчийн овог нэр, картны дугаар, дансны дугаар, кредитийн хязгаар, дансны төрөл, гэрийн хаяг, утасны дугаар, ажлын байрны утасны дугаар гэх мэт бүх мэдээлэл байдаг. Эдгээр мэдээлэл гэмт этгээдийн гарт орсноор хэрэглэгчийн кредит картнаас мөнгө алдагддаг. Энэ төрлийн тэмт бүлгүүд хэрэглэгчийн бүх хувийн мэдээллийг гадагш хэн нэгэнд худалддаг сүлжээ аль хэдий нь үүсчээ. Скам буюу хэрэглэгчийн мэдээллийг худалдаж авсан этгээдүүд хэрэглэгчийн нэрээр өөр шинэ данс нээлгээд зээлээр маш олон юм худалдан авдаг байна. Ингээд хэрэглэгч өөрөө ч мэдэлгүй нэг л өдөр олон мянган долларын өрөнд унадаг. Хэрэглэгчийн нэр хаягийг ашигласан этгээд цааш түүний хувийн мэдээллийг хэн нэгэнд зарна. Үүнийг учрыг хуульч хөлслөн олон шүүх дамжин мөнгө зарлагадаж байж олдог. Зарим тохиолдолд гэмт этгээдийг олж чадахгүй. Тэгэхээр хэрэглэгчид хувийн мэдээллээ гэмт этгээдэд алдахаас болгоомжлох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Инернетээр үнэгүй үйлчилгээ үзүүлье, та эхлээд хувийн мэдээлэл, дансны дугаараа оруулна уу гэсэн спам тэнэж байдаг. Эдгээр спамууд таны хувийн мэдээллийг хулгайлах гэж байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Shuum.mn
Shuum.mn