logo
УИХ дахь махны ченжүүд хэн бэ?

УИХ дахь махны ченжүүд хэн бэ?

2012/04/04
Махны үнэ хором хормоор нэмэгдэж байгаа энэ цагт засгийн газар төсвөөс мөнгө хөрөнгө гаргах ажил хийж мах авч байгаа гэх боловч үнэндээ ирээдүйтэй агаад дорвитойхон шийдвэр гаргасан зүйлгүй байгаа билээ. Тэгвэл үүний цаад учир нь УИХ-д суудалтай хэд хэдэн гишүүд махны бизнестэй, Монголын махны бизнесийг бүхэлд нь гартаа аваад үүгээрээ дамжуулан иргэдийн ходоодоор тоглох тоглоом боловсруулсан гэвэл танд ямар сонсогдож байна. Эдгээр гишүүдийг нэрлэхээс өмнө баримт дэлгэвэл тэд махны чиглэлээр нөөц мах бэлтгэж байгаа компаниудыг улсаас хөхиүлэн дэмжих хэрэгтэй, эсвэл улсын нөөцийн махыг их хэмжээгээр бэлтгэхийн тулд энэ чиглэлийн компаниудаар дамжуулан ажлыг гүйцэтгүүлэх хэрэгтэй, мөн ийм компаниудын гадагшаа гаргах махны татвар болон үнэ ханшийн уян хатан байдлыг хангах гэхчилэнгийн хөтөлбөр, сайхан боломжуудыг гишүүдээр болон Засгийн газраар батлуулж үүнийгээ өөрсдийнхөө компаниудаар дамжуулан хийдэг байна.

Мөн улсын мөнгөөр нөөцөлсөн хямдхан мах иднэ гэсэн ойлголт энэ хавраас үгүй болж нөөцөлсөн махыг хүртэл зах зээлийн өндөр ханшаар зарж борлуулах болжээ. Үүнд хэн ч хяналт тавихгүй, бас хариуцлага тооцохгүй. Одоогийн Их хуралд нам, эвсэл харгалзахгүй махны бизнес эрхэлдэг хэд хэдэн гишүүд бий. Х.Баттулга бол Мах Импексийн эзэн. Харин Эмээлт түүхий эдийн захыг бүхэлд нь өөрийн мэдэлд авсан тэрбээр махны бизнест багагүй оролцоотой болохыг гэрчилж болно. Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг л гэхэд “Мах экспорт” компанийг эзэмшдэг. Харин Мах импексийн хувьд мах худалдан авч нөөцөлж түүнийгээ иргэдэд худалдах болон махны төрлийн бүтээгдэхүүн хиам, борц үйлдвэрлэж байгаа бол бусад компаниудын хувьд ченжүүдийн малчдаас авсан махыг бөөнөөр нь нөөцөлж аваад иргэдэд үнэ хүргэн зарж дамжуулахдаа мөнгө олж байгаа юм. Мөн одоогийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Т.Бадамжунайг махны бизнесийг атгаж, бүхэлд нь мэдэж зохицуулж байгаа, иймдээ махны үнийн сайн болон муу мэдээлэлд огт оролцохгүй тойрч гүйгээд байгааг эх сурвалж хэлж байна.

“Дон” Жунай АТГ-т өгсөн хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт ч махныхаа бизнесийн талаар нэг үсэг ч дурдаагүй гэж байгаа юм. Ингээд харахаар төрд суугаа эрхмүүд өөрсдийнхөө бизнесийг төрөөр дамжуулж, үүнийх нь гол хохирогчид хоногийн хоолоо залгуулж ядах иргэд болж хувираад байж болзошгүй юм. Тэд татвар төлөгчдийн мөнгөнөөс төрийн дэмжлэг нэртэйгээр мөнгө завшиж, үүнийгээ шууд халаасалж чадахгүй тул ийнхүү компаниараа дамжуулан ашиг хүртэж суугааг Тагнуулынхан анхааралдаа аваасай. Хятадын ченжүүдийн бөөндөж, нөөцөлж байгаа маханд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн мэдээллийг салбарын яам гаргаад байгаа атлаа энэ хямралын хойгуур өөрсдөө жинхэнэ махны наймааг цэцэглүүлж байж ч болзошгүй юм. Ямартаа ч Их хурлын гишүүдэд махны бизнес эрхлэгч ченжүүд хэд хэд байгаа. Тэд махны үнийн хөөрөгдлийн далимаар их ашиг олсон байх магадлалтай. Олны үг ортой гэж үг бий. Үүнтэй нэгэн адил мах эскпортлогч болон мах махан бүтээгдэхүүний компаниудын удирдлагуудын талаар жиг жуг шуугиж байгаа энэ мэдээлэл үнэний ортой байж мэднэ.
У.Сарнай (www.wikimon.mn)

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш