logo
Эрдэмтэд нарны энергийг цахилгаан болгон хувиргадаг шинэ төхөөрөмжийг бүтээжээ

Эрдэмтэд нарны энергийг цахилгаан болгон хувиргадаг шинэ төхөөрөмжийг бүтээжээ

2012/04/05
Израйлийн нэгэн компани Испаний өмнөд хэсэгт эрчим хүчний салбарт хувьсгал хийж болохуйц төхөөрөмжийг суурилуулжээ. Андалус мужид орших Табернасын цөлд босгосон алтан зул цэцгийн хэлбэртэй цамхаг 35 метрийн өндөртэй бөгөөд 35 айл өрхийг эрчим хүчээр хангах хүчин чадалтай юм байна. Цамхагийн ойролцоо байрлуулсан 50 самбар нарны шилжилтийн дагуу хөдөлж, цамхагийн дээд хэсэг рүү нарны гэрлийг ойлгодог ажээ. Ингэснээр дотор хэсгийн температур ойролцоогоор цельсийн 1.000 хэмд хүрдэг. Улмаар халуун агаарыг шаталтын хэсэг рүү оруулснаар цахилгаан гаргадаг турбин генераторыг эргүүлдэг байна. Нэг станцыг байгуулахад ойролцоогоор 550.000 фунт шаардагдана.
Нар жаргасны дараа түлшээр ажилладаг нэмэлт төхөөрөмж асах учраас энэ станц 24 цагийн турш ажиллана. Израйлийн AORA компаний ажилтнууд цахилгаан эрчим хүч үүсгэгчийн загвар дизайн болон технологийг бүтээжээ. Тэд 1980-аад оноос энэ технологийг хөгжүүлэхээр ажиллаж эхэлсэн бөгөөд одоо Самар сууринд 40 айл өрхийг эрчим хүчээр хангадаг 100 киловаттын хүчин чадалтай станцыг ажиллуулдаг байна. Станцуудыг туршилтын журмаар ажиллуулж байгаа хэдий ч AORA компаний технологи хариуцсан ахлах ажилтан, доктор Пинчас Дооронд бодож төлөвлөсөн ажил их байна. Тэрээр ярихдаа "Бид нар тусдаг л бол бүх газар төхөөрөмжөө суурилуулахыг хүсч байна, цахилгаан хэрэгтэй байгаа, эрчим хүчний асуудлаа шийдэх хэрэгтэй байгаа хүмүүсийн амьдарч байгаа газар энэ төхөөрөмжийг ашиглалтанд оруулахыг хүсч байна" гэжээ.
Европын судалгаа шинжилгээний сан болон хувь хүмүүс эрчим хүч үүсгэгч төхөөрөмжийг бүтээхэд санхүүгийн туслалцаа үзүүлсэн байна. AORA компани 28 сая долларын хандив авчээ. Гэхдээ энэхүү төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд дахин 40 сая доллар шаардлагатай байгаа аж.
Э.АМАР

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш