logo
Шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх зам, гүүрийн ажлын жагсаалтыг батлав

Шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх зам, гүүрийн ажлын жагсаалтыг батлав

2012/04/05
“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх автозам, гүүрийн ажлын жагсаалтыг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
    Энэ нь хатуу хучилттай зам болон гүүрийн ажлын явцыг удаашруулахгүй байх, шинээр хийх ажлыг цаг алдалгүй яаралтай эхлүүлэх зорилготой юм.    
Зам, гүүрийн ажилд шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлж, банкны үйл ажиллагааны зардалд зориулан гэрээт ажил бүрийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцүү хэмжээний хөрөнгийг төсөвт өртгөөс тусад нь тооцож, тухай бүрт нь өгч байхаар болов.
    Жагсаалтаас үзвэл Цахир-Тосонцэнгэл чиглэлийн хатуу хучилттай 127 км, Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 45 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 104 км замыг 2013 онд тавьж дуусгах юм байна. Түүнчлэн Улаанбаатар хотод 25 км хатуу хучилттай замыг энэ онд шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх болжээ.
Автозамын салбар дахь бүтээн байгуулалтыг зөвхөн хуулинд нийцүүлж өрнүүлнэ. Хэрэгжүүлэх арга, механизм дээрээ Хөгжлийн банк болон холбогдох газрууд уялдаа холбоо сайтай ажиллах, аливаа асуудлыг өнөөдрийнх шиг хууль, дүрэм, журмынх нь дагуу Засгийн газрын хуралдаанд оруулан нээлттэй хэлэлцүүлж, гарсан шийдвэрийг олон нийтэд үнэн зөв мэдээлж байхыг Ерөнхий сайд С.Батболд албан тушаалтнуудад анхаарууллаа.
“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвүүдийг нийслэл хоттой болон ойролцоох хилийн боомттой холбосон нийт 5572 км, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 990 км хурдны зам, Улаанбаатар хотод 212 км хатуу хучилттай зам, 7 цэгт гүүрэн гарц шинээр барьж 350 км замыг шинэчлэхээр тусгасан юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш