logo
Хаврын чуулган нээлтээ хийлээ

Хаврын чуулган нээлтээ хийлээ

2012/04/06
Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганы үйл ажиллагааг нээн хэлсэн үгэндээ хаврын чуулган нөхцөл байдлаас улбаалсан өөрийн онцлогтой байдалд явагдах нь тодорхой байна. Ардчилсан төрийн тогтолцооны амин сүнс нь төрийг сонгож байгуулах явдал билээ. Манай ард түмэн төрд төлөөлөгчөө сонгох ээлжит сонголтоо хийх гэж байна. Үүнд зохих бэлтгэл ажил хэрэгтэй.
Энэ нь хаврын чуулган биднээс шаргуу, шуурхай ажиллагаа шаардаж байна гэсэн үг ээ хэмээн онцоллоо.
Мөн тэрбээр, бүрэн эрхийн үлдэж байгаа энэ хугацаанд юу хийх вэ гэдгээ товлохоосоо өмнө урьд нь бид ямар ажлыг амжуулж бүтээв, улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулав гэдгээ эргэцүүлж нэг бодох хэрэгтэй байна. Улс орны хөгжил дэвшил эдийн засгийн амжилтад суурилж байна. 2011 оны дүнгээр эдийн засгийн өсөлт 17 хувь боллоо. Цаашдаа ч өсөлтийн өндөр хурд хадгалагдах төлөвтэй байна. Ийм болохоор эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн ирээдүйн үр дүнтэй урьдач нөхцөлийг энэ удаагийн Улсын Их Хурал тавьж чадсан гэж баттай хэлэх байна гэлээ.
“Өнгөрч байгаа дөрвөн жилд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн амьдрал ахуйд тодорхой ахиц өөрчлөлт гарсан. Монгол Улсын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлсэн, бүтээн байгуулалтын ажлыг өрнөлттэй явуулсан, эрх зүйн болон санхүүгийн таатай орчин бүрдүүлсэн нь хамтарсан Засгийн газрыг байгуулж улс төрийн тогтвортой байдлыг хангаж ажилласантай холбоотойг хэн ч үгүйсгэхгүй. Энэ бол энэ удаагийн Улсын Их Хурал онцлогтой нөхцөлд ажилласны нэг илрэл. Нөгөө талаар монголчуудын нэгдэл нягтралтай, хүч нөлөөтэй байж болохыг харуулах баримт.
Бид улс орны амьдралд нэн чухал ач холбогдолтой Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглах, Малчдын талаар төрөөс баримтлах бодлого, "Монгол мал", "Шинэ бүтээн байгуулалт", Төмөр замын талаар баримтлах бодлого зэрэг томоохон асуудлуудыг шийдвэрлэсэн.
Бүтээн байгуулалтын ажлыг далайцтай өрнүүллээ. Зөвхөн төсвийн хөрөнгөөр 2009 онд 460 тэрбум, 2010 онд 591 тэрбум, 2011 онд 1 их наяд 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 2012 онд 1 их наяд 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна.
Дотооддоо жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тухай бид их ярьдаг аа. Ажилгүйдлийг багасгах, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудал, тодорхой яривал, 2 хүчин зүйлээс шалтгаалж байгааг анзаарч болох байна. Нэг дэх нь, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд хүрэлцээтэй хөрөнгө төлөвлөж оруулсан байх, хоёр дахь нь, иргэдийн худалдан авах чадавхийг зохих түвшинд нэмэгдүүлэх, эрэлт бий болгох. Энэ удаагийн Улсын Их Хурал аль аль нөхцөлийг хангасан гэж үзэх үндэстэй. Сүүлийн 4 жилд жижиг, дунд үйлдвэрт төсвөөс 260 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна” гэж хэлсэн юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш