logo
9/11-ний халдлагыг зохион байгуулсан Халид Шэйх Мохаммедыг цаазлах уу?

9/11-ний халдлагыг зохион байгуулсан Халид Шэйх Мохаммедыг цаазлах уу?

2012/04/06
9/11-ний террорист халдлагыг удирдан зохион байгуулсан хэрэгт сэжиглэгдсэн Халид Шэйх Мохаммедыг олон мянган Америкчуудыг хөнөөсөн хэрэгт албан ёсоор буруутгасны дараа түүнд ялын дээд хэмжээ оноож магадгүй байна. Халид болон түүний бусад дөрвөн хамсаатныг яллах ажиллагааг "зууны шүүх хурал" гэж нэрлээд байсан юм. Тэднийг террорист ажиллагаа явуулсан, онгоц булаасан, Америкийн нутаг дэвсгэр дээр халдлага үйлдсэн зэрэг үндэслэлүүдээр буруутган удахгүй яллах аж.
Америкийн батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд "Буруутгагдсан таван хүн урьдаас төлөвлөж, 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк, Вашингтон, Шанксвилл, Пеннсилванид халдлага зохион байгуулсан, халдлагын улмаас 2976 хүн амь үрэгдсэн" гэж дурджээ.
88 хуудастай хавтаст хэрэгт тэдний үйлдсэн хэргийг дэлгэрэнгүй бичиж, хохирогч болгоны нэрийг оруулсан байна. Тэд буруутай нь тогтоогдвол ялын дээд хэмжээ авч магадгүй тухай Пентагоны мэдэгдэлд онцолжээ.
Кувэйт гаралтай, 46 настай Халид Шэйх Мохаммедыг Америкийн албаныхан "KSM" гэдгээр нь сайн мэддэг байсан бөгөөд түүнийг сүүлийн зургаан жилийн турш Гуантанамогийн шоронд хорьсон байна. Тэрээр байцаалтын явцад 9/11-ний халдлагыг зохион байгуулснаа болон Билл Клинтон, Жимми Картер зэрэг Америкийн экс ерөнхийлөгч нарыг хөнөөхөөр төлөвлөж байснаа хүлээсэн тухай мэдээлэл байгаа юм. Түүнийг Америкийн тагнуулын төв газрын ажилтнууд waterboarding  буюу хүлж байгаад нүүрэн дээр нь ус асгах аргаар 183 удаа тамлажээ. Энэ аргыг хэрэглэх үед тухайн хүнд живж байгаа мэт аймшигтай мэдрэмж төрдөг аж. Мохаммедыг 2003 онд Пакистанаас баривчилсан бөгөөд түүнийг дараагийн гурван жилийн хугацаанд Америкийн нууц баазуудын хооронд шилжүүлж, ТТГ-ын ажилтнууд түүнээс Ал-Кайдагийн террорист сүлжээний талаар байцаалт авчээ.
Мохаммедыг Саудын Араб гаралтай Валид бин Атташ, Мустафа ал-Хавсави, Йемений Рамзи бин ал-Шибх, Пакистаны Али Абд ал-Азиз Алигийн хамт хэдэн сарын дараагаас шүүж эхлэх юм байна. Таван эрийн хувь заяаг эцсийн дүнд Америкийн зэвсэгт хүчнээс сонгогдсон 12 гишүүнтэй шүүх бүрэлдэхүүн шийднэ.
Тэднийг шүүн таслах нь Обамад Митт Ромниг ялж, цагаан ордонд эргэн ирэхэд нь тусална гэж зарим ажиглагчид үзэж байна.

Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш