logo
Махатма Гандигийн цусны дуслыг үнэ хаялцуулна

Махатма Гандигийн цусны дуслыг үнэ хаялцуулна

2012/04/06
Дэлхий даяар Махатма Ганди /Агуу сэтгэл зүрх/ гэдэг нэрээрээ алдартай Мохандас Карамчанд Гандигийн цусны дуслыг Британид хоёр долоо хоногийн дараа үнэ хаялцуулан худалдах гэж байна.
...Эмгэнэлт явдал 1948 оны нэгдүгээр сарын 30-ны 17 цаг 17 минутад Английн колоничлолоос энэтхэгчүүдийг чөлөөлөхийн төлөө тэмцэгч Махатма Гандигийн амьдарч байсан Шинэ Дели хот дахь байшингийн өмнөх ногоон төгөлд болсон юм. Махатма 17 дахь удаагаа зарласан өлсгөлөнгөө дуусгаад удаагүй бай¬лаа. Тэрбээр Энэтхэгийн нийслэлд гаарч байгаа хүчирхийллийг эсэр¬гүүцэн өлсгөлөн зарласан байв. Ганди индус болоод мусульман шашинтнуудын аминд хүрсэн үймээн самуун, мөргөлдөөнийг зогсоож чадсан юм.
Тэрбээр урьдын адил байшин¬гийнхаа өмнө цугласан олонд хандан дахин энхтайвны тухай үг хэлэхээр гарч ирсэн боловч амжаагүй юм. “Хинду махасабха” бүлэглэлийг дэмжигч байсан нэгэн хүн Ганди руу дөхөж очин түүн рүү гурван удаа буудсан байна. Шархадсан Махатма зөвхөн «О, Рам» гэдэг үгийг хэлж амжаад газар унажээ. Түүний үхэл агшин зуур байсан боловч энэтхэгчүүдийн зүрх сэтгэлд тэрбээр үүрд мөнхрөн үлдсэн юм.
Болсон явдлын нэгэн гэрч нь Делигийн оршин суугч Намбиар гэгч байв. Тэрбээр Гандигийн байшингийн өмнө цугласан олны дунд байсан бөгөөд болсон бүх явдлыг нүдээр харжээ. Халдлага болсны дараа алуурчныг золтой л газар дээр нь шийтгэчихээгүй байна. Энэ үеэр Намбиар өвдөглөн сууж, шүтэн биширдэг хүнийх нь цус дуссан өвсийг болгоомжтой тасдан авч, бас алагдсан Гандигийн хэвтэж байсан газраас хэсэгхэн шороо авчээ.
Түүнээс хойш тэрбээр авсан зүйлсээ шилэн таг бүхий модон хайрцганд нандигнан хадгалжээ.
Чухам энэ хайрцгийг дотор нь байгаа зүйлстэй нь, бас Гандигийн бөөрөнхий хүрээтэй нүдний шил, найзууд, дэмжигчидтэйгээ харилцаж байсан захидлууд, хэд хэдэн гайхалтай зураг болон түүний дуу хоолой бүхий пянзнуудын хамт Англид үнэ хаялцуулах гэж байгаа ажээ.
Дуудлага худалдааг зохион байгуулагчид “Гандигийн эд зүйлсээс” 100 мянган фунт стерлингийн орлого олно гэж тооцоолж байгаа гэнэ.
Энэтхэгчүүдийн хувьд бурхан мэт хүндлэгддэг Гандигийн дусал цусыг британийн фунтээр үнэлэн худалдана гэдэг мэдээж санаанд багтахын аргагүй зүйл билээ. Гэвч үнэхээр ийм явдал тун удахгүй болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш