logo
Хунтайж Уильямын лаан тосон баримал Мадам Тюссод заларлаа

Хунтайж Уильямын лаан тосон баримал Мадам Тюссод заларлаа

2012/04/06
Өчигдөр Британийн хунтайж Уильям болон түүний гэргий Кембрижийн герцогини Кейт нарын лаагаар урласан хөшөөг алдарт Мадам Тюссогийн музейд байрлуулжээ.
Тэдний баримлыг дөрөвдүгээр сарын 29-нд тохиох хуримынх нь нэг жилийн ойд зориулан бүтээсэн байна. Хунтайж болон герцогинийн лаан баримлыг хуримын ёслолын үеэр авсан албан ёсны гэрэл зургийн хөргөн дээр байгаагаар дүрсэлжээ. Тэд хоёул баяртайгаар инээмсэглэх бөгөөд Кейт Уильямын гарнаас барин түүн рүү харжээ. Хувцасны хувьд ч яг хуримын ёслолын үеэр гоёсон тэр хувцсыг нь өмсгөсөн байна.
Музейг үзэгчид бусад бүх баримлын дэргэд зургаа татуулж болдгийн адил тэдний «ихрүүд»-тэй ч зургаа татуулж болно.
Мадам Тюссо музейн хамгийн алдартай баримлууд бол хатан хаан хоёрдугаар Елизавета, Майкл Жексон, Барак Обама нарынх юм. Гэхдээ музейн захиргаа хатан хааны ач хүү болон түүний дур булаам гэргий нар «алдартнуудын чансаанд» «попын хаан»-ы байр суурийг эзэлж магадгүй гэж үзэж байна.
Энэ удаад хэдэн жилийн өмнө байрлуулж байсан хунтайжийн хуучин баримлыг нь шинээр солих бол Кейтын баримал Мадам Тюссод анх удаагаа заларч байгаа юм.
Музейн захиргаа Уильям, Кейт хоёрын баримлыг тэдний хуримын өмнө буюу нэг жилийн өмнө байрлуулахаар төлөвлөж байсан боловч хунтайж болон герцогини нарт баримлынхаа загварыг өгөх цаг зав гараагүй ажээ. Тиймээс баримлыг гэрэл зургаас харан урлахаар болсон байна. Ингэхийн тулд барималчид 200 гаруй гэрэл зураг ашиглажээ. Кейтын лаан хувилбарыг барималч Луис Уилтшир урласан бол хунтайж Уильямын «ихрийг» Стивен Мэнсфилд бүтээсэн байна. Баримал тус бүрийг урлахад 150 мянган фунт стерлинг зарцуулжээ. Түүнээс гадна, энэ жил хаан ширээнд заларсны 60 жилийн ой нь тохиож байгаа хатан хаан хоёрдугаар Елизаветад зориулж Мадам Тюссо музей түүний лаан баримлыг дахин шинээр урлаж байгаа бөгөөд тавдугаар сард байрлуулах гэнэ. Анхны лаан баримал 1928 онд түүнийг ердөө хоёрхон настай байхад нь музейн үзмэр болж байжээ.
Алдарт музейг үүсгэн байгуулагч Тюссо лаан баримлуудыг XVIII зууны эцсээр өөрийн эх орон болох Францад бүтээж эхэлжээ. Мадам Тюссо Францын хувьсгалын үеэр цаазлуулсан язгууртнуудын нүүрнийх нь хэвийг буулган баримлаа хийдэг байв. Хатагтай Тюссо 1802 онд Англи руу гарсан бөгөөд музейгээ Лондон хотод 1835 онд нээжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш