logo
Мянгуужингууд 2008 онд юу амлаж байв

Мянгуужингууд 2008 онд юу амлаж байв

2012/04/06

Удахгүй болох сонгуульд намууд чухам ямар үлгэр зохиох бол гэдгийг иргэд хүлээн сууна. Хууль ёсоор сонгууль болохоос 60-аас доошгүй хоногийн өмнө УИХ санал өгөх өдрийг зарлах бөгөөд нэр дэвшигчид тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд тодорхой болно. Ингээд л “хэн нь мундаг Мянгуужин бэ” гэдэг уралдаан албан ёсоор эхэлнэ.

Хэрвээ санаж буй бол 2008 оны сонгуульд МАХН 45, Ардчилсан Нам 28, Ногоон Нам, Иргэний Хөдөлгөөний Намын "Иргэний эвсэл" 1, ИЗН 1, бие даагч 1 (Зоригийн Алтай) сонгогдсон. Энэ сонгуульд олон түмний итгэлийг хүлээсэн 76 хүнээс 36 нь 2004 оны сонгуулиар сонгогдсон төрийн түшээд юм. Өөрөөр хэлбэл сонгуулиас сонгууль руу, тойргоос тойрог руу Мянгуужингийн зам тавигсад.

Бид хэн хэнийхээ халаасанд гараа хийлцэн байж дөрвөн жил Засгийн эрхийг хамтран барьсан АН, МАН хоёр тухайн үед чухам юу амлаж байсныг таньд эргэн сануулья. Магадгүй “эвслийн засгийн газрын мөрийн хөтөлбөр” гэж хэлэх хүн гарах байх. Гэвч 2008 оны сонгуульд санал өгсөн иргэд хоёр намын тус тусын хөтөлбөрийг харж, хүчирхэг сөрөг хүчинтэй байхаар ухаалаг сонголт хийсэн болохоос “гарсан хойноо эвсээтхээрэй” гэж бүхий л наймааг ханцуйн дотроо явуулах боломжит сонголтыг хийгээгүй билээ.

АН-ЫН МЯНГУУЖИНГУУД ЮУ ГЭЖ АМЛАВ?

-Авлигад идэгдсэн засаг, улс төржих төрийн алба, иргэдээ ялгаварлах захиргаа, хүнд сурталт түшмэд, хүнийг үл ойшоох үйлчилгээг бид эцэслэнэ.

Хүндэдсэн, хэтийдсэн гэж болох энэ амлалт “эцэслэнэ” гэдэг үгээр төгссөн нь юутай харамсалтай. АН-аас ЭМ-ийн сайд болсон Л.Гүндалай улсын мөнгө идсэн хэрэгт орсон ч Өршөөлийн хуульд хамрагдаж харин өдгөө “хулгайчийг бариарай” хэмээн орилж буйг хэн хүнгүй мэднэ. Ерөнхийлөгчийн зарлигаар 2009 онд АТГ-ын дэргэд Олон нийтийн зөвлөл байгуулсан ч өнөөдрийг хүртэл эцэслэсэн авлигын хэрэг харагдахгүй л байна.

-Нутгийн өөрөө удирдах ёсыг иргэдийн мэдэлд бүрэн шилжүүлж, иргэд нь нутаг усныхаа асуудлыг мэддэг эзэд нь болно. Үүний тулд төсөв, санхүү, татвар, өмчийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ. Төсвийн удирдлага, санхүүжилтийн хуулийг хүчингүй болгоно.

Өдгөө АТГ-т 10 аймгийн Засаг дарга шалгуулж буй. Аймаг, сумдын иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож, нутаг усныхаа асуудлыг мэдэх нь бүү хэл өрхийнхөө идэх талхны хэрэгцээг ч мэдэхэд хэцүүхэн болж байна.

-Төрийн албыг цомхон, чадварлаг, өндөр бүтээмжтэй ажиллуулах удирдлага, зохион байгуулалтын хэлбэрийг сонгож хэрэгжүүлнэ. Шаардлагагүй төрийн байгууллагуудыг татан буулгана.

Ердөө ганц л жишээ дурьдъя. Монгол Улс өнөөдөр арав гаруй яам, төдий тооны дэд сайдтай. Засгийн газар байгуулагдахад сайд нарын асуудлыг УИХ-аар хэлэлцдэг. Өнөө цомхотгоно гэсэн том амлалт нь хоёр нам эвсэснээр “албан тушаалын бэлэг”, “зүсэм бялуу” гэх гоё үгсийн ард дэд сайд гэх албан тушаалыг яам бүрт гаргасан. Дэд сайдын албан тушаалын хүрээнд ажлын аппарат, дэд сайдын туслах, жолооч, унах унаа цөм багтана гээд бод.

-Төр иргэнээ гадна, дотны аливаа халдлагаас батлан хамгаална. Орчин үеийн олон улсын харилцаа, шинэ хандлагад тохирсон батлан хамгаалах бодлого хэрэгжүүлнэ. Энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.

Зөвхөн он гарсаар хоёрхон сарын хугацаанд гэмт хэргийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 253 байгаа юм. Хоногт гэмт хэрэгтний гарт гурван иргэн амьдралаа орхиж байна. Үүнээс гадна золгүй байдлаар болон эмнэлэгийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас амиа алдагсад цөөнгүй. Зөвхөн автозамын ослоор гэхэд л жилд 530 хүн амиа алддаг. Энэ улсад гадны халдлагын улмаас дайн болж байгаа мэт цөөхөн Монголчууд өдөрт хэдэн арваараа үхэж байхад өнөө Ардчилсан намын амлалт хаашаа одсоныг хэн ч үл мэднэ.

-Улс төрөөс хараат, иргэнээ алагчилдаг, хаалттай шүүхийг халж хараат бус, ил тод, иргэний эрх, эрх чөлөөт байдлыг хангахын төлөө ажилладаг шударга шүүхийн тогтолцоог бүрдүүлнэ. Шүүхийн хараат бус шударга ажиллах нөхцөлийг бүрэн бүрэлдүүлж, улсын төсөвт эзлэх шүүхийн төсвийн хувь хэмжээг хуульчилна.

Шүүхийн байгууллагын үйл ажиллагаа одоо ч хүртэл иргэдийг ялгаварладаг, хахууль авдаг гэх мэт хар бараан хэл амыг дагуулсан хэвээрээ л байгаа. Чухам хэзээ Ардчилсан намын амлалт биелж иргэд шударга шүүхийн хаалгыг татах нь огт тодорхойгүй.

МАН-ЫН МЯНГУУЖИНГУУД ЮУ ГЭЖ АМЛАВ?

МАХН нэрээр сонгуульд оролцож байсан боловч өдгөө МАН нэртэй болчихсон Мянгуужингууд чухам юу гэж амлаж байсныг цухас дурьдъя.

-“Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг шинэчлэн сайжруулна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн алслагдсан аль ч газарт шаардлагатай үед цаг алдалгүй хүрч тусламж үзүүлэх “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” байгуулж ажиллуулна. Элэг, зүрх судас, хоол боловсруулах эрхтний нарийн мэргэжлийн төрөлжсөн эмнэлэг байгуулна... Усны хатуулаг, эрдэсжилт ихтэй нутаг дэвсгэрийн сум, төв суурин газруудад ус зөөлрүүлэх дэвшилтэт технологи нэвтрүүлнэ... Хүн ам, ахмад настанд зориулсан эмнэлэг-сувиллын газруудыг олшруулж, аймаг бүрд байгуулна...

Хэдэн жил төрөх болон бусад эмнэлэг байгуулах талаар ярьсан ч бүтээгүй атлаа цагдан хорих төв барих болохоор чимээгүй агаад шуурхай болж бүтчихдэг нь сонин. Төрөх болон хүүхдийн эмнэлэгүүд эгээ л дайн болсон мэт коридороороо дүүрэн өвчтөн хэвтүүлж, бөгс эргэх зайгүй умгар өрөөнд эхчүүд төрж байна. Дахиад л ажил болоогүй амлалт.

-“Байгаль орчны бодлогыг үндэсний хэмжээнд шинэчлэн тодорхойлж, дэс дараатай хэрэгжүүлнэ. Байгаль хамгаалахдаа байгалиа ашиглах бүх хэлбэрийг хараа хяналттай болгож, нутгийн хүн амд түшиглэсэн менежментийг нэвтрүүлж, байгалийн аялал жуулчлал хөгжих нөхцлийг бүрдүүлнэ... Монгол орны гол мөрний усны ихэнхи нөөцийг бүрдүүлдэг сав газрын эх ундрагыг улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт хамруулан хамгаална. Хүн амыг эрүүлжүүлэх, өвчин эмгэгийг анагаах ашигтай чанар нь батлагдсан рашаан усанд хамгаалалтын горим тогтооно”

“Монголросцветмент”, “Монгол газар” компаниудын балгаар дөрвөн жил дараалан алт угаасан химийн хорт бодисоор бохирлогдон урссан Орхон гол ямархан төрхтэй болсон талаарх сурвалжлагыг бид та бүхэнд хүргэж байсан. Юун хараа хяналт, юун байгалийн аялал жуулчлал байхав дээ.

-“Геологи уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжиж, стратегийн ордуудыг зүй зохистой ашиглах нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлнэ. Нарийн сухайт, Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоо, Төмөртийн овооны ордуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, техник, технологийг шинэчлэх, байгаль орчны нөхөн сэргээлтийг стандарт шаардлагын дагуу хийх зорилтуудыг хэрэгжүүлнэ. Уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, Таван толгойн нүүрсний, Оюу толгойн зэс-алтны, Цагаан суваргын зэс-молибдены, Асгатын мөнгө-холимог металлын, Ерөөгийн төмрийн, Мардайн ураны ордуудыг ашиглана. Баруун, Хангайн болон Зүүн бүсийн ордуудын судалгааг нарийвчлан хийж ашиглах замаар бүс нутгийн хөгжлийг дэмжинэ.”

Хэл ам дагуулсан Оюутолгойн гэрээг эс тооцвол энэ салбарт бас л ахиж дэвшээд байсан зүйл маруухан. Дэлхийд гайхагдсан Оюутолгой, Тавантолгой орших Өмнөговь аймгийн иргэд нь дэд бүтцийн хөгжилгүйн улмаас шинэ зуунд ус ч үгүй, тог ч үгүй амьдарч залхаад, эцэст нь бослого гаргах шахсан нь бас л саяхан даа.

-“Зорчигч тээвэр, ачаа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Улаанбаатар хотын ачаалал ихтэй уулзваруудад давхар зам барьж, авто зогсоол байгуулан замын түгжрэлийг эрс багасгана. Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээвэрт хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр парк шинэчилж, хөрөнгө оруулалт хийнэ”

Харин хаа очиж нийслэлд автозамууд дажгүй олон тавигдсан. Гэвч ачаалал буурахгүй хэвээр. Нийтийн тээврийнхэн нь харин ч эсрэгээрээ үйлчилгээ нь муудаж, сүүлдээ бүр тав, таваар нь иргэдийн автомашиныг мөргөх болсон нь энэ хотын тээврийг “аймшигтай” гэж нэрлэхэд ч багадахаар болоод буй.

-“Түлш, нефть бүтээгдэхүүн, эрчим хүчээр дотоодынхоо хэрэгцээг хангаж, цаашдаа эрчим хүч экспортолдог улс болох зорилтыг дэс дараатай хэрэгжүүлнэ. Газрын тосны бүтээгдэхүүний олборлолтыг нэмэгдүүлж, газрын тос боловсруулах, нүүрснээс хий, шингэн түлш гаргах үйлдвэр байгуулан нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангадаг болохыг зорино. Одоо барьж буй усан цахилгаан станцуудыг ашиглалтад оруулах, дулааны шинэ цахилгаан станц байгуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрлэлийг дэмжих зэргээр эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглан айл өрх бүрийг найдвартай эрчим хүчээр хангана. Атомын цахилгаан станц байгуулах асуудлыг судалж шийдвэрлэнэ”

Энэ хэсгийг бодвол зорьсоор яваа байх гэж найдаад, энэ жилийн мөрийн хөтөлбөртөө өнөөх зорилго нь чухам юу болж өөрчлөгдөхийг харах л үлдэх шив.

Энэ мэт байдлаар сүржин амлалтууд ар араасаа үргэлжилнэ. Цааснаас хэтэрдэггүй сонгуулийн амлалт энэ жил чухам юу болж өөрчлөгдөх бол. Хэдийгээр хоёр нам эвсэж, Эвслийн засгийн газар гээчийг байгуулсан ч нэгэнт амласан л бол ажил хэрэг болох ёстой баймаар. Өөрсдөө чихрийг нь идчихээд ард түмэнд цаасыг нь өгч тохуурхдаг энэ байдлыг 2012 оны сонгуульд иргэд бид л өөрчлөх учиртай билээ.

О.Ариунбилэг
bolod.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш