logo
Тутанхамон чухам ямар хүн бэ?

Тутанхамон чухам ямар хүн бэ?

2012/04/07
Эрдэмтэд Тутанхамон хааны занданшуулсан шарилд хийсэн судалгааны дүнгээ нийтлүүлж, түүний тухай олон жилийн туршид бүрэлдэн тогтсон хэвшмэл төсөөллийг өөрчилжээ. Египет, Итали, Германы мэргэжилтнүүд хааны болон түүний өвөг дээдсийн биеийн төрх байдлыг харьцуулж үзэхийн тулд орчин үеийн хамгийн боловсронгуй технологи, компьютерын томограф хэрэглэн ДНК-гийн шинжилгээ хийжээ.

Судалгааны багийг Египетийн Эртний дурсгалт өвийг хамгаалах дээд зөвлөлийн тэргүүн Захи Хавасс удирдсан байна.     Судалгаанаас үзвэл, Тутанхамон болон түүний өвөг дээдэс үнэндээ бол гурван мянган жилийн өмнөх дүрслэлээр үзүүлж байсантай адил том бие, эмэгтэй хүн шиг царайтай байгаагүй бололтой. Эртний Египетийн эрх баригчид өөрсдийг нь болон гэр бүлийнх нь гишүүдийг маш сайхан байдлаар дүрслэхийг тушаадаг байсан аж.

Эрдэмтэд Тутанхамон хааны занданшуулсан шарилыг оролцуулаад 11 шарилд ДНК-гийн шинжилгээ хийн, тэдгээрийн хоорондын төсөөтэй зүйлүүд, удамшлын болзошгүй гажуудлууд, халдварт өвчнийг судалжээ. МЭӨ1333-1324 онд хаан ширээнд сууж байсан, барагцаалбал ес дэх жилдээ буюу 19 насандаа таалал төгссөн хааны үхлийн шалтгаан онцгой анхаарал татсан байна.

Урьд нь Тутанхамоны үхлийн шалтгааныг тэрэгнээс унасан, моринд өшиглүүлсэн, эсвэл араас нь толгой руу нь цохисноос болсон, судас бөглөрөх өвчнөөр өөд болсон, хордуулсан ч байж болохюм гэх зэргээр судлаачид олон янзаар таамаглаж байжээ. Гэвч Тутанхамон гарцаагүй үхэлд хүргэдэг хумхаа өвчний нянгийн халдвар авсан байсныг судалгааны дүн харуулсан байна. Хаан бас удамшлын хэд хэдэн гажигтай, тухайлбал ясны өвчтэй, майжиг хөлтэй байсан гэнэ.

Үнэн хэрэгтээ Тутанхамон эртнээс дүрсэлж ирсний адил сүрлэг биш харин ясны өвчнөөс болоод таяггүйгээр явж чаддаггүй, зүүн хөл нь тавхайгаараа майжиг, баруун хөлнийх нь хуруу дутуу, сул дорой биетэй залуу байсан гэх дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Тутанхамон удаан өвдсөнөөс дархлаа нь илт суларсан байна. Ийм байдалтайгаар тэрбээр магадгүй мориноос унаж хөлөөхугалсан, дараа нь хумхаагийн халдвар авсан гэж эрдэмтэд таамаглажээ.

Эрдэмтэд генийн аргаар судалгаа хийж, хааны ураг төрлийг тогтоож чадсан бөгөөд Тутанхамоны эцэг нь МЭӨ1351 оноос эртний  Египетийн шашныг эрс өөрчлөхийг оролдож байснаараа алдартай Эхнатоны МЭӨ1334 он хүртэл хаан ширээнд суужээ. Харин эх нь Эхнатоны дүүбайв. Тутанхамон хоёр хүүхэдтэй болсон боловч эхийн хэвлийд байхдаа эндсэн гэнэ.

Эрдэмтэд судалгаагаа шинжлэх ухаан, түүх хоёрыг “молекулын удамшлын судалгаанд” нэгтгэхэд шинэ алхам болсон гэж үзэж байна. Египетийн Эртний дурсгалт өвийг хамгаалах дээд зөвлөлийн тэргүүн Тутанхамоны шарилд судалгаа хийж эхэлсэн тухай 2009 оны зургадугаар сард мэдэгдсэн юм.

Тутанхамоны бунхныг 1922 онд Луксорын ойролцоох Хаадын хөндийгөөс Британийн нэрт археологич Ховард Картер олжээ. Бунхнаас тоо томшгүй их хэмжээний эрдэнэс олдсон бөгөөд тэдгээрийг асар их хэмжээний үнэт металлаар хийсэн байв.  Бунхнаас олдсон зөвхөн алтан эдлэл, гоёл чимэглэлийн зүйлсийн нийт жин 1,2 тонн болжээ. Хааны занданшуулсан шарил оюугаар чимсэн цэвэр алтан том хоргонд байсан байна.

Хэдийгээр Тутанхамон Эртний Египетийн түүхэнд богино хугацаанд хаан ширээнд суусан боловч түүнийг эртний Египетийн нэртэй хаад болох Хеопс, Рамзес II нарын адилаар оршуулжээ.

Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш