Тухайлбал, Монгол Улсын Засгийн газарт “Мобиком”-той адил төстэй операторыг “Мобиком” үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойших 10 жилийн хугацаанд энэ бизнес рүү оруулахгүй /өөр компанид зөвшөөрөл өгөхгүй/ гэсэн үүрэг хүлээлгэж, “Мобиком” үнэ тарифаа өөрөө мэдэж тогтооно. “Мобиком”-ын сүлжээний хамрах хүрээ хязгааргүй гэх мэтээр өөрсдөдөө монополь эрх олж авсан байдаг.
Монголчууд тарган малын ясыг тосон чөмөгтэй гэдэг. Гэхдээ зөвхөн монгол мал ч биш, монголчууд бид өөрсдөө ч малынхаа чөмөг шиг тос даасан нүнжигтэй үндэстэн бололтой. Социализм байгуулахдаа оросуудад чөмгөө дундартал шулуулж байхдаа ер гомдож байгаагүй. Гэтэл 1990-ээд оноос капитализм байгуулахаар зах зээлд орсноосоо хойш Хятад, Солонгос, Япон гээд л зүсэн зүйлийн арга зальтай амьтдад ясаа цайтал шулуулсаар ирсэн ч мөн л хэнэггүй царайлах юм. Хэнэггүй царайлаад байгаа юм уу, нэрэлхээд байгаа юм бүү мэд. “Гадныхан шулаад байна” гэдгийг нь мэдээд байгаа хэрнээ дуугүй шулуулаад л суудаг. Хамгийн хачирхалтай нь ингэлээ гээд хэзээ ч хаширдаггүй.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үүрэн телефоны операторуудын үйл ажиллагааг шалган дүгнэлт гаргаж, улмаар “Мобиком”, “Юнител” зэрэг компанийг тус бүрт нь 10 сая төгрөгөөр торгох вэ дээ. Эндээс харахад тэдэнд бага ч үгүй “но” байна гэсэн үг. Энэхүү “но” гэгч цаад утгаараа хэрэглэгчээ сайхан рекламаар хууран мэхэлж байна гэсэн үг. Урамшуулал зарлалаа гэх мөртлөө түүнийгээ дутуу өгдөг. Ярианы төлбөрөө минутаар бодож авдаг мөртлөө урамшуулал өгөх болохоороо хэдхэн төгрөгөөр хуурна. Төр болоод түмэн олон маань энэ луйврыг мэддэг болсон нь яамай даа.
Үүрэн телефоны операторуудаас хамгийн зартай луйварчин нь “Мобиком”. Харин одоо араас нь “Юнител” орж магадгүй бололтой. “Юнител”-ийн хувьд GSM сүлжээний хоёр дахь оператор юм. Өөрөөр хэлбэл “Мобиком”-той хийсэн 10 жилийн гэрээ дуусмагц гарч ирсэн компани юм. Уг нь хоёр дахь операторыг тодруулах энэ тендерт 1989 онд “Цахилгаан холбоо” компани ялж, сум бүрт хүрч байсан хуучин сүлжээгээ ашиглан маш хямд тарифтай үүрэн телефоны оператор компани болохоор зэхэж байсан ч 2000 онд УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулж, Н.Энхбаяр Ерөнхий сайд болсноор энэ асуудлыг нам дарж, хэсэг мартагнуулж байгаад цаг хугацаа нь болж, “Мобиком”-той хийсэн 10 жилийн гэрээ дуусмагц “Юнител”-ийг гаргаж ирсэн гэдэг. Ямар тендерт хэн, хэрхэн яаж ялсан нь одоо нэгэнт сонин биш болсон. Харин хэрэглэгчдэдээ хэр үнэнч шударга хандаж, хэр зэрэг чанартай сайн үйлчилгээ үзүүлж буй нь л чухал юм. Гэхдээ “Юнител” гарч ирснээр “Мобиком”-ын үнэ тариф буурахад тодорхой хувь нэмэр оруулсныг зориуд хэлэх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл монополь байх үедээ аль аймаг, сумын нутагт сүлжээгээ оруулахаа “Мобиком” мэднэ, нэгжийн үнэ зэргийг зах зээлийн бодит үнээр бус харин “Мобиком” өөрийн үзэмжээр тогтооно гэсэн үг. Ийм л луйвраар тэд энэ бизнесээ эхэлж, дээрх байдлаар гэрээ хийхийг Засгийн газарт тулгаж санаснаа гүйцэлдүүлсэн байдаг.
Хамгийн анхны 9911-тэй дугаар нь барьцааны мөнгө, гар утас нь ороод, дугаар харах үйлчилгээ энэ тэр гээд бусад жижиг сажиг бүх юм нь нийлээд 1000 ам.доллар байсныг энэ компанийн анхны хэрэглэгчид арай ч мартчихаагүй байх. Түүнээс хойш гаргасан дугааруудынхаа бүх үйлчилгээг энэ компани дотор нь нэг бүрчлэн хэсэгчлэн задалж үнэлсэн. Тухайлбал, өөр рүүгээ хэн залгасныг мэдэхийн тулд монголчууд дугаар харах үйлчилгээ гэгчийг мөнгө төлж байж авдаг байсан. Тэр ч байтугай саяхан болтол “Скайтель”, “Юнител”-ийн хэрэглэгч рүү “Мобиком”-оос мессэж бичиж болдоггүй байв. Багагүй хугацаагаар цааргалсны эцэст “Мобиком” энэ үйлчилгээг аргагүйн эрхэнд зөвшөөрсөн юм.
“Манайх нэг сая хэрэглэгчтэй хамгийн том нь” л гэнэ. “Таны нэр төрийн баталгаа” л гэнэ. Энэ сайхан үгийн цаана хэрэглэгчээ шулах нарийн аргуудаа нууцалсан байдаг нь нууц бишээ. Хамгийн том луйвар нь суурь хураамж гэх дээрэм юм. Бүх хэрэглэгч суурь хураамж төлнө. Энэ нь ярьсан ч, яриагүй ч суурь хураамжаа төлнө гэсэн үг. Сүлжээг нь огт ашиглаагүй байхад мөнгө авна гэдэг улайм цайм дээрэм хийж буйгаас ялгаа юун.
Саяхан тэд 9511, 9411-тэй дугаарууд гаргажээ. Тэгээд 9911-тэй хэрэглэгч рүүгээ утастаад, “Та 9511, 9411-тэй дугааруудын аль нэгийг 9911-ийнхээ арын тоонуудтай ижилсүүлж авах уу” гэсэн санал тавьж, хэрэв авбал “9911-тэйгээ ижил хөнгөлөлт эдэлнэ” гэх зэргээр ятгасан байгаа юм. Хамгийн хачирхалтай нь 9511, 9411-тэй дугаар авсан зарим хэрэглэгчийн ярьснаар бол дээрх дугаарын төлбөр нь 9911-тэй дугаартайгаа ижил хэмжээнд ярихад төлбөр нь илүү их гарч байна гэцгээж байна.
9911-тэй дугаарын дамын үнэ бараг хорин сая хүрэх шахлаа. 9911-тэй дугаар барьцаалж мөнгө зээлнэ ч гэх шиг. Утасны дугаар машины үнэтэй болж хэмээн хэрэглэгчид нь халаглана. “Мобиком” компани дайран дээр нь давс нэмж, “9911-тэй дугаар таны нэр төрийн баталгаа” хэмээн сэхээ авах завдал өгөлгүй рекламдана. Энэ нь худал хуурмаг үнийн хөөрөгдөл байсан гэдэг нь одоо нэгэнт тодорхой болжээ. Яг л нөгөө ченжүүд валютын ханшийг хөөрөгдөж хэдэн юм унагадаг шиг, “Мобиком” өөрөө энэ бүхнийг санаанаасаа зохиож, нэг муу утасны дугаарыг машины үнэтэй болгон хөөрөгдсөн хэрэг. Явуургүй юм явуургүй л байдаг.
Хэдэн жилийн өмнө, “Мобиком”-ын дараа төлбөрт 9911-тэй нэгэн хэрэглэгч томоохон компанийн захирал, “Би утсаараа сар бүр харилцан адилгүй ярьдаг. Заримдаа бага ярьдаг, заримдаа ч их ярьдаг. Гэтэл яаж ч ярьсан миний утасны төлбөр сар бүр адилхан гараад байх юм. Тэгэхээр нь зориуд яахыг нь үзэх гээд нэг сар маш бага яриад, төлбөрөө хийх гээд очтол урьд сарынхаа их ярьсантай яг ижил гарсан байсан. Тэр зааланд утасны төлбөрөө хийх гээд таних танихгүй олон хүн байсан. Тэдний дэргэд утасны төлбөрийн төлөө хэрүүл хийгээд байлтай биш. Хэлсэн төлбөрийг нь өгсөн” хэмээн ярьж байсан.
Энэ бол ганцхан л жишээ. Энэ мэтээр шулуулж байгаа дараа төлбөрт 9911-тэй нэрэлхүү компанийн захирлууд Монголоор дүүрэн байгаа.
“Мобиком”-ын хэрэглэгчдэдээ санал болгодог олон үйлчилгээний нэг нь зонын гэх дараа төлбөрт “Gold” үйлчилгээ юм. Энэ үйлчилгээг сонгосон хүн сард 45 мянган төгрөгт багтааж ярих ёстой. Хэрэв 40 мянган төгрөгөөр ярьсан бол хохь чинь. Үлдсэн таван мянган төгрөг нь “Мобиком”-ын орлого болно. Харин 50 мянган төгрөгөөр бол таван мянган төгрөгөө нэмж төлнө. Мөнгөө хэмнэхээр нь хураагаад авчихдаг, илүү ярихаар мөнгө нэхээд байдаг энэ залийг ямар үйлчилгээ гэх вэ.
Хэдэн жилийн өмнө дараа төлбөрт 9911-тэй утасны дараа картаар цэнэглэж ярьдаг 9911-тэй дугаар гарсан юм. 40 мянган төгрөгийн картаар цэнэглэмэгц суурь хураамж гээд 27 мянгыг нь шууд суутгаад авчихна. Ингээд 27 мянгаа алдсан хэрэглэгч нь 13 мянган төгрөгөөр тэр сардаа багтааж ярих ёстой. Дуусвал дахиад 20, 40 мянгын аль нэгээр нь цэнэглэж болно. Хамгийн хачирхалтай нь ярьж эхлээгүй байхад төлбөрийнх нь гуравны хоёрыг нь шууд хураагаад авчихдаг нь аймшигтай дээрэм юм. Ямар ч үйлчилгээг нь аваагүй байхад мөнгөнийх нь ихэнхийг хамаад авчихдаг ийм үйлчилгээ ганцхан Монголд л байдаг байх.
Ер нь ч тэгээд “Мобиком”-ын үйлчилгээ нэг л явцгүй болсон тухай хаа сайгүй л ярьдаг болж. Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Болор өөр оператор компанид ажиллахаар одсон нь цаанаа нэгийг өгүүлж буй хэрэг биз.
Монголчууд аа, “Мобиком”-ыг эзэлцгээе.
Эх сурвалж: Өглөөний сонин