Эх сурвалжийн мэдээлснээр “SGS” компани “CHALCO” группт 60 хүртэлх хувиа зарахаар болж, энэ сарын нэгэнд гэрээгээ албан ёсоор үзэглэжээ. Гэрээнд зааснаар “CHALCO” групп “SGS”-ийн нэгж хувьцааг нь 6.75 ам.доллараар үнэлж, 891сая ам.доллараар худалдаж авахаар болсон байна. Өөрөөр хэлбэл Р.Фрийдланд Монголын газрын баялгийг дахин 891сая ам.доллараар хятадуудад зарчихлаа.
Энэхүү мэдээлэл олон нийтэд цацагдсанаас хойш Хонгконгийн хөрөнгийн бирж дээр нэгж хувьцааны ханш 16 хувиар өсчээ. Харин “SGS”-ийн 57.6 хувийг эзэмшдэг “Айвенхоу майнз” ХХК-ийн эзэн Фрийдланд өөрийн хувийг “CHALCO” группт хэрхэн шилжүүлэх тухай тусгай зөвшилцлийн гэрээ байгуулсан байна.
Улмаар “SGS”-ийн Захирлуудын зөвлөлийн дэргэд тусгай хороо байгуулж, зөвлөлийн даргаар Пьерр Лебел, гишүүдэд Гордон Ланкастер, Андре Дийпвэл, роберт Хэнсон нарыг томилжээ. Харин санхүү, хуулийн хараат бус зөвлөхөөр “Blake”, “Cassels & Graydon” компаниудыг хөлслөн ажиллуулж байна.
Энэ гэрээг байгуулсны дараа “SGS”-ийн зүгээс тусгай хорооны зөвлөлөөс үүрэг чиглэл өгтөл хувьцаа эзэмшигчдийг ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хоригложээ.
Хамгийн гол нь энэ гэрээ хийгдсэнээр “SGS” Овоот толгойгоос олборлосон нүүрсээ зөвхөн Хятадын “CHALCO” группт зарах юм байна. Үүний хүрээнд “CHALCO” групптэй 24 сарын хугацаанд зах зээлийн ханшаар нүүрс зарахаар тохиролцжээ. Ингэснээр Фрийдландын олон жил төлөвлөсөн төлөвлөгөө алхам алхмаар биеллээ олж байна.
2009 онд Хятадын хөрөнгө оруулалтын корпораци “SGS”-ийн 30 хувийг 500 сая ам.доллараар худалдан авсан байдаг. Үүний дараа “Айвенхоу майнз”-ын ерөнхийлөгч Фрийдланд 57.6 хувийг нь эзэшдэг болсон. Гэвч Фрийдланд “SGS”-ийг зарах төлөвлөгөөг хэдэн жилийн турш боловсруулсны эцэст Овоот толгой, Цагаан толгой, Сүмбэр гэсэн ашиглалтын орд бүхий “SGS” компанийг Хятадын “CHALCO” групп эзэмших нөхцөл бүрджээ.
Эдгээр орд нийлээд бараг 600 сая тонн нүүрсний нөөцтэй аж. Энэхүү ордууд БНХАУ-ын хилээс 50 км хүрэхгүй зайд байрладаг тул хятадуудын шуналыг асар их хөдөлгөсөөр ирсэн юм. Иймээс хятадууд “SGS”-ийг авах нь жилийн өмнөөс тодорхой болоод байв.
“CHALCO” группийн энэ гэрээ Монголын нүүрсний зах зээлийг үндсэнд нь үнэгүйдүүлэх эхлэл гэж хэлэхэд болно.
Монгол Улсын Засгийн газар “CHALCO” групптэй Таван толгой ордын Зүүн цанхиас олборлож байгаа нүүрсийг тонныг нь 70 ам.доллараар авахаар гэрээ хийсэн. Гэрээний хүрээнд Монголын Засгийн газар 250 тэрбум төгрөг авчихсан. Энэ мөнгөө эх орны хувь, хишиг нэрээр иргэн бүрт олгож байна. Гэтэл энэ гэрээ, хэлэлцээрийн цаана хятадууд Монголын коксжих нүүрсний зах зээлийг бүрэн хяналтдаа авчээ.
Эх сурвалж: Өглөөний сонин