Үүний ганц жишээ гэвэл долдугаар сарын 1-ний хэрэг явдлын талаар хөтөлж байсан тэмдэглэл гэх хар дэвтрээ, хаанаас олдсон нь үл мэдэгдэх хонгионы хамт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд өгсөн “шударга” иргэний сургийг монголчууд мэддэг болсон. Энэ хүнийг Түмэннастын Төмөрхуяг гэх бөгөөд цагдаад алба хааж байгаад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн даргын жолоочоор ажиллах болжээ.
Т.Төмөрхуяг нь цагдаад алба хааж байхдаа эргүүлийн хоёрдугаар хэлтэст цагдаагаар ажиллаж байж. Тэрбээр 2011 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэж, цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг ноцтой зөрчсөн тул маргааш нь шууд ажлаас нь халсан байна.
Халагдсаныхаа дараа буюу 2011 оны арванхоёрдугаар сарын эхээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд алдарт тэмдэглэлийн дэвтэр, хонгиогоо өгсөн байдаг.
Эрхэм гишүүн ч түүгээр нь баахан улс төр хийсэн. Тэрээр “Долдугаар сарын 1-нд цагдаа нар хүн буудсаныг гэрчлэх хөдлөшгүй баримт миний гарт байна” хэмээн үзүүлж олон нийтийн өмнө зарласан. Үүний дараа Х.Тэмүүжинг баримтаар хангасан “шударга иргэн” Т.Төмөрхуяг нь Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаярын жолооч болсон байна.
Т.Төмөрхуягийг жолоочоороо авсан Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр өмнө нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байж.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ойрын хүрээлэлд багтдаг нэгэн бөгөөд Б.Хурцын нөлөөгөөр АТГ-т ажиллах болсон гэнэ. Ингээд бодохоор үйл явдлын уялдаа холбоо аяндаа тайлагдаж байна.
Х.Тэмүүжин гишүүний баталгаатай баримт хэмээн бусдын толгой эргүүлж байсан тэмдэглэл, хонгио нь хуурамч байх магадлалтай. Архи ууж, ажлаас халагдсан цагдаагаар хуурамч тэмдэглэл үйлдүүлж, хонгио авч “улстөр” хийснийхээ хариуд түүнийг Авилгатай тэмцэх газарт шахсан дүр зураг харагдаж байна. Өөрийгөө шударга үнэний дуу хоолой гэж цээжээ дэлддэг Х.Тэмүүжин гишүүн ингэж хэрэг зохиож “тоглодог” болж.