logo
Агь үйзэн вангийн 300 жилийн түүхтэй тамгыг хулгайлж, Хятад руу гаргажээ

Агь үйзэн вангийн 300 жилийн түүхтэй тамгыг хулгайлж, Хятад руу гаргажээ

2012/04/10
Өвөрхангай аймгийн Тарагт сум хувьсгалаас өмнөх 200 гаруй жилийн хугацаанд Сайн ноён хан аймгийн Агь үйзэн вангийн хошуунд харьяалагддаг байжээ. Одоогоос 303 жилийн өмнө Агь үйзэн гүний хошууг байгуулж, Цэрэндаш гэдэг хүнийг хошуу ноёноор өргөмжилж байсан түүхтэй. Тэр үеэс Агь үйзэн вангийн хошууны ноён тамгатай болсон аж. 1709 оноос хойш 14 үе уламжилж ирсэн энэ хошууны хамгийн сүүлчийн ноён 1923 онд тамгаа хураалгаж, жирийн ард болсон Бат-Очир гэдэг хүн байсан бөгөөд хэлмэгдүүлэлтийн үед амиа алдсан гэж орон нутгийн иргэд ярьдаг. Уйгаржин монгол, манж, хятадаар бичсэн дардас бүхий тамга одоогоос хоёр жил орчмын өмнө алга болжээ.

Орон нутгийн иргэд “Уг нь Тарагт сумын орон нутгийг судлах музейд хадгалж байсан. Улаанбаатарт болсон Өвөрхангай аймгийг сурталчлах нэг арга хэмжээнд тавихаар аваачихад Улаанбаатарт буй өвөрхангайчууд сүслэн залбирч байсан юм. Тэр арга хэмжээ өндөрлөж, тамгыг авчирснаас хойш музейд тавиагүй, харин Засаг даргын өрөөнд байсныг иргэд харсан байдаг. Суугаа арслангийн дүрс бүхий бариултай, гурван кг жинтэй, гуулин тамгыг нутгийн хэн ч харсан танина. Тухайн үед Тарагт сумын Засаг даргаар С.Бат-Эрдэнэ гэдэг хүн ажиллаж байсан. Түүний өрөөнөөс алдагдсан гэж Цагдаагийнхан шалгаад, тэгсхийгээд чимээгүй болсон” гэсэн юм.

Өвөрхангай аймгийн хууль хяналтын байгууллагынхнаас энэ талаар лавлахад “Уг хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгосон. Энэ хэрэгт Засаг даргын хүү Б.Ганболд холбогдсон. Ээж нь музейн эрхлэгч байхдаа тамгыг нөхрийнхөө өрөөнд тавьжээ. Засаг дарга С.БатЭрдэнийн хүү аавынхаа өрөөнөөс Агь үйзэн вангийн тамгыг хулгайлан хүмүүст худалдсан байсан. Дээр үед уг тамгыг 40 мянган төгрөгөөр үнэлж, шинээр үнэлгээ тогтоогоогүй байсан учраас хохирлын хэмжээ нь хүрээгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон” гэж ярив. Энэ хэргийг замхрахад үнэлгээ тогтоох, дахин сэргээн үнэлэх ажил хийх ёстой хүмүүсийн буруугаас, тэдний ажлын уялдаа холбоо байхгүйгээс гэмт этгээд ял завшихад хүрчээ.

Уг тамгыг БНХАУ руу гаргасан бөгөөд чухам хэнээр дамжуулж, хэн гэгч этгээд авч гарсан нь тодорхойгүй байгаа юм. Агь үйзэн вангийн хошууны тамгыг хил давуулж хятадуудад өгсөн нь манай түүх соёлын дурсгалт зүйлсийг хил давуулахад оролцдог монгол хятад иргэд, түүнийг нь харсан ч хараагүй юм шиг өнгөрдөг хил, гаалийн ажилтнууд байдаг гэхэд хилсдэхгүй.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш