logo
Таван кг алт авах нь чухал уу гол мөрнөө аврах нь чухал уу..?

Таван кг алт авах нь чухал уу гол мөрнөө аврах нь чухал уу..?

2011/06/13
Урт нэртэй хуулийн эргэн тойронд иргэний хөдөлгөөнүүдийн байр суурь
“Тусгаар тогтнол эвсэл”-ийн зохицуулагч Л. Баярхүү:
-Урт нэртэй хууль хэрэгжих гэхээр гадна, дотныхны хамтарсан толгой лизензүүд хүчингүй болчих гээд алтанд гараа шургуулсан ноёдын сэтгэл ханахгүй байна. Хуулийг анх батлахдаа гадны луйварчдадаа уншуулаагүй баталсан нь тэдний алдаа. Алтны шороон ордтой компаниудад хөндлөнгийн аудит хийх хэрэгтэй. Орд эзэмших лицензтэй эрхмүүд алт хэзээ ч ухдаггүй. Тэд лицензийг наймаалцаж байдаг. Алт хөтөлбөрийн үр дүнг тооцоход олохоосоо илүүтэй арав дахин ихийг алдсан. Африкт эмх замбараагүй байдал үүссэн нь ийм зүйлээс болсон. Энэ сарын 16-нд иргэний хөдөлгөөнийхөн урт нэртэй хуулиа хэрэгжүүлэх жагсаал хийнэ. Төр барьж буй  толгой хоёр намын дарга нарын нэг нь “Бороо гоулд”-ын  50 тонн, нөгөө нь Шарынголын алтны шороон ордын 11 тонн алтаар гараа угаасан. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй луйварчдаар удирдуулж буй цагт энэ хууль хэрэгжих эсэх эргэлзээтэй.
Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслийн гүйцэтгэх захирал Б. Баярмаа:
-Энэ хуулиас болж Монголчууд хоёр талцах ёсгүй. Байгаль хамгаалал, хариуцлагтай уул уурхай аль аль нь мөрөөдлөөр биш бодит үйлээр хэрэгждэг. Байгалийг хязгаартай, ухамсартай ашиглах ёстой. Ашиглачихаад, хамгаалахгүй хаях нь хуульд, ёсонд ч хазгай. Дэлхий нийт ашиглагч нь хамгаална, бохирдуулагч нь төлнө гэсэн зарчмыг аль хэдийн нэгэн дуугаар зөвшөөрсөн. Манай эвсэл зургаан гишүүний санаачилсан хуулийн эсрэг байгаа. Энэ байр сууриа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийсэн. Иргэний хөдөлгөөнүүдийг тэмцлийг дэмжиж байгаа. Захаасаа буун дуу гаргасан. Цаашид гарахгүй гэдэгт эргэлзэж байна.
“Эрс шинэчлэл” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Энхбат: Таван кг алт авах нь чухал уу гол мөрнөө аврах нь чухал уу
-Өнөөдөр баталсан хуулиа маргааш эсэргүүцээд явж байдаг УИХ-ын гишүүд ичих нүүрээ элгэндээ наах гэгч болсон. Мэдээж энэ бүгдийн цаана том мөнгө, эрх ашиг, сонирхол үнэртээд байгаа юм.  Хэн ч харсан ойлгомжтой. Тэр ч байтугай гадаадын нэг компанийн захирал энэ хуулинд лобби хийж УИХ-ын гишүүдтэй ажиллаж байгаа, удахгүй өөрчлүүлнэ гэж байсан. Ер нь  аль ч парламентад  хууль батлахын өмнө нийтийн эрх ашгийн өмнөөс лобби хийх арга байдаг. Түүнээс лоббиг шууд мөнгөтэй захиалга болгож болохгүй. Өнөөдрийн төрийн өндөрлөгт байгаа хүмүүс бүгд алтанд их бага хэмжээгээр гараа шургуулсан. Ашигт малтмалын салбарт сонирхолтой. Авилгалаар сүлжилдэж, гадныхантай нийлж мөнгө угаасан хүмүүс байна. Ийм нөхцөлд энэ хууль хэрэгжих үндэсгүй. Хэрэгжүүлэх гэхээр өчигдрийнх нь хийсэн булхай илэрч уурхай нь хаагдах болно.

Ц.Мягмарбаяр
www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш