logo
О.Алтангэрэл: Шүүхэд итгэж, мэргэжилдээ үнэнч явсан нь миний буруу байж

О.Алтангэрэл: Шүүхэд итгэж, мэргэжилдээ үнэнч явсан нь миний буруу байж

2012/04/11
- Өмгөөлөгчийн гомдлыг ажлын цаг дууссан гэсэн шалтгаанаар хүлээж авалгүй шууд хорив -

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан, цагдан хоригдож байгаа хурандаа нарын хэрэгт өмгөөлөл үзүүлж байсан дөрвөн өмгөөлөгч үйлчлүүлэгчдээсээ татгалзаад байгаа билээ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монголын өмгөөлөгчдийн холбоо /МӨХ/-ноос ажлын хэсэг гарч, өмгөөлөгчдийн эрх ашиг зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт хийснээ өчигдөр танилцуулсан юм. Гэтэл эл мэдээллийн үеэр ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч О.Алтангэрэлийг цагдан хорих шийдвэр гаргасныг дуулгасан. “Намайг хорих шийдвэр гаргасан байна. Энэ тухайгаа дүүргийн ерөнхий шүүгч Т.Соёмбо-Эрдэнэ танилцууллаа” хэмээн тэрбээр холбоондоо утсаар мэдээлэл өгчээ. Мөн албан ёсоор өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн байна.

Ингээд МӨХ-ныхон ямар учраас өмгөөлөгчийг хорих болсон талаар мэдээлэл авахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд ирж, дотогш нэвтрэх гэсэн боловч оруулсангүй. Өмгөөлөгчийг хорих болсноос үүдэн МӨХ-ны арав гаруй өмгөөлөгчөөс гадна хэвлэлийнхэн ч шүүхийн гадна цугларав. 17.30 цагийн үед О.Алтангэрэл өмгөөлөгч дүүргийн ерөнхий шүүгчийн өрөөнөөс гарч ирсэн боловч шүүхийн хуягууд түүнд ганц ч үг хэлэх боломж олголгүй шүүх танхимд хорилоо. Удалгүй О.Алтангэрэл өмгөөлөгчийг цагдан хорих төв рүү авч явахаар болсон тул тэрбээр “Шүүхийнхэнд буруу байхгүй. Цаана нь өөр ашиг сонирхол байгаа. Энэ бол дээрээс захиалгаар явуулж байгаа ажиллагаа. Гэхдээ шүүхийн байгууллагад итгэж, мэргэжилдээ үнэнч явсан нь миний буруу боллоо. Энэ үйл явдал мөн л хууль бус шүү” гэж хэлсэн.

Хурандаа нарт өмгөөлөл үзүүлж байсан өмгөөлөгч Л.Өлзийхүү, Д.Энхтунгалаг нар мөн ирсэн байв. Ямар учраас ганцхан О.Алтангэрэл өмгөөлөгчийг хорих болсон талаар тэднээс тодруулахад “Бид ч сайн мэдсэнгүй. Эхлээд О.Алтангэрэлийг, дараа нь биднийг хорихгүй гэх баталгаа алга. Үнэхээр ойлгомжгүй байдал үүсээд байна. Шүүхээс энэ мэтээр удаа дараа хууль бус үйлдэл гаргаж байгаа болохоор л бид өмгөөлөл үзүүлэхээс татгалзсан юм шүү дээ” хэмээн учирлаж байлаа.

Өмгөөлөгчид хариуцлага тооцох болсон талаар Сүхаатар дүүргийн шүүхээс өчигдөр 14.00 цагийн үед О.Алтангэрэлд утсаар мэдэгдэж дууджээ. Үүний дагуу өмгөөлөгч Л.Өлзийхүү хамт очсон байна. Дүүргийн ерөнхий шүүгч “Өмгөөлөгчдийн гаргасан үйлдэл хууль бус. Тийм учраас Та бүхэнд хариуцлага тооцохоор боллоо” хэмээн тэдэнд хэлж, Л.Өлзийхүү өмгөөлөгчийг гаргаж, О.Алтэнгэрэлийг авч үлдсэн байна. Улмаар энэ үеэр түүнийг хорих болсон шалтгаанаа тайлбарлажээ. Өмгөөлөгчдийн ярьж буйгаар шүүхийнхний энэ үйлдэл цаанаасаа нарийн зохион байгуулалттай хийсэн гэнэ. Учир нь шүүхээс өмгөөлөгч О.Алтангэрэлийг цагдан хорих болсноо эрт мэдэгдсэн хэрнээ цаасан дээр буулгасан захирамжаа гардуулалгүй нэлээд удсан байх юм.

Ингээд 18.00 цаг буюу ажлын цаг дуусах мөчтэй зэрэгцэн эл захирамжийг О.Алтангэрэлийн өмгөөлөгч Н.Даваад гардуулсан байна. Уг нь өмгөөлөгчид захирамж гардаж авангуутаа гомдол гаргах бодолтой байжээ. Гэвч тэдний энэ хүсэл талаар болсон. Учир нь өмгөөлөгч гомдол гаргахаа мэдэгдсэн ч Сүхбаатар дүүргийн шүүх “ажлын цаг дууссан” гэдэг шалтгаанаар өмгөөлөгчийн гомдлыг хүлээж авалгүй О.Алтангэрэлийг шууд цагдан хорих төв рүү ачсан. Хуульд зааснаар хорих шийдвэр гарсны дараа буюу тухайн хүний өмгөөлөгч цагдан хорих тухай шүүхийн захирамжийг гардаж авсан даруйдаа гомдол гаргасан тохиолдолд хэргийг түдгэлзүүлдэг байна. Гэтэл “хашир” шүүгчид хуулийн энэ заалтад яаж цоорхой гаргахаа эртнээс төлөвлөсөн бололтой. Цагдан хорих шийдвэр гаргаснаа эрт мэдэгдсэн атлаа шүүхийн захирамжийг өгөлгүй удаасаар “ажлын цаг дууссан” хэмээн хаалгаа барьж байгааг үүнээс өөрөөр яаж ойлгох вэ дээ.

МӨХ-г төлөөлөн ирсэн олон өмгөөлөгч “Шүүхээс гарч байгаагүй үйл явдлууд хурандаа нарын хэрэгтэй холбоотой шил даран гарч байна. Хууль ёсны эрхээ эдлэн иргэнд өмгөөлөл үзүүлснийхээ төлөө өмгөөлөгч цагдан хоригдож байгаа анхны тохиолдол энэ боллоо” хэмээн толгой сэгсэрч байлаа. Ямартаа ч МӨХ-ныхон маргааш О.Алтангэрэлтэй очиж уулзах бөгөөд шүүхэд албан ёсны гомдлоо гаргахаа мэдэгдсэн юм. Ийнхүү долдугаар сарын 1-ний хэрэгт хууль, эрх зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч О.Алтангэрэлийг хорьсноор тэрбээр энэ хэрэгт ямар нэгэн байдлаар оролцсоныхоо төлөө хоригдож байгаа тав дахь хүн боллоо.

М.Өнөржаргал
Эх сурвалж: “Unen.mn”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш