logo
Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-д өргөн барилаа

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-д өргөн барилаа

2012/04/11
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.
Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 20 дугаар зүйлд “Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд илтгэнэ” гэж заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлыг жил бүр парламентад илтгэж, холбогдох байгууллагуудад хандан санал, зөвлөмж гаргадаг билээ.
Энэ удаад Хүний эрхийн Үндэсний Комисс шийдвэр гаргуулахаар 6 зөвлөмжийг Улсын Их Хуралд хүргүүлж байгааг Ж.Бямбадорж дарга танилцуулсан юм.
Комиссын илтгэлд Улсын Их Хурал анхаарал тавьж, эхний ээлжинд Байнгын хороогоор хэлэлцэнэ гэдгийг Улсын Их Хурлын дарга мэдэгдлээ. Мөн Хүний эрхийн Үндэсний Комисс материаллаг баазаа хангах, ажиллах нөхцөлөө сайжруулахад нэлээдгүй зүйл хийж байгааг тэмдэглээд, цаашид улам илүү ажиллана гэдэгт итгэж буйгаа тэрбээр илэрхийлэв.
Улстөр шуум
Хоёр сонгуулийг хамтад явуулах эсэх асуудлаар дахин ярилцахаар боллоо
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр Төрийн ордны “А” танхимд боллоо.
Хуралдаанаар эхлээд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 3 дугаар сарын 28-ны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхийг хэлэлцэж, санал хураалт явуулсан юм. Энэ үеэр хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн юм.
Тухайлбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3.-д "...Цэцийн дүгнэлтийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргахдаа холбогдох хууль, ...Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр, хэрэв Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн бол үндсэн хуулийн холбогдох заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулна." гэж заасныг Байнгын хорооны зүгээс баримталсан тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар дуулгаж байв.
Ингээд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд  оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын "...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...", Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, ...сонгоно." гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээр Байнгын хорооны дарга нэгбүрчлэн санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн.
Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын  зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
Энэ үеэр Х.Тэмүүжин гишүүн ямар учраас саяхан батлагдсан энэхүү хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа талаар нэлээд тодорхой мэдээлэл хийсэн. Харин зарим өөр саналтай байгаа гишүүд ч мөн энэ үеэр саналаа хэлж, хуулийг батлах болон хэлэлцүүлгийн шатанд байгаа үед нь нягталж үзэлгүй гоомой, алдаатай зүйл хийчихээд дараа нь засч залруулах гэж ажил уддаг жишиг тогтох вий гэсэн байр суурьтай буйгаа илэрхийлж байсан. Техникийн болон процессийн шинжтэй зарим алдаанаас болоод цаашид хуулийн үйлчлэл эхлэхээс өмнө ингэж амжиж засах тухай л асуудал байгаа, гэхдээ зарим нэр томъёог илүү тодорхой болгох үүднээс ч анхаарсан байгаа хэмээн хууль санаачлагч гишүүдийн нэг Х.Тэмүүжин уйгагүй тайлбарлаж, мөн хэд хэдэн гишүүд үг хэлсний эцэст уг хуулийн төслийг хэлэлцэхээр дэмжсэн юм.
Дараа нь Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг гишүүд хийх үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, ОН-ийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад Засгийн газар болон Ерөнхий сайдын зүгээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаараа мэдээлэл хийж, зарим гишүүдийн асуултад хариулсан.
Энэ үеэр мөн хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сонгуулийн ерөнхий хорооны ажлын хэсэг, УБЕГ-ын дарга болон Нийслэлийн Засаг даргын орлогч, бусад ажилтнууд ирж оролцсон юм.
Байнгын хорооны гишүүд УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хэрэв хамтатгаж явуулбал учирч болох зарим бодит бэрхшээл, цахим үнэмлэхний хэвлэлтийн бэлтгэл явц байдлын тухайд тал талаасаа нэлээд нухацтай ярилцсаны зэрэгцээ Ерөнхий сайд С.Батболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн байр суурийг мөн сонссон юм.
Хуралдаанд оролцсон ихэнхи гишүүн асуулт асууж, өөрсдийн саналыг илэрхийлсэн бөгөөд эцэст нь, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан,  З.Энхболд нарын санаачилсан хуулийн төслийн зэрэгцээ мөн Засгийн газраас хуулийн төсөл оруулж болох юм гэсэн чигтэйгээр хуралдаан тарлаа.
Түүнчлэн УИХ дахь хоёр намын бүлгийн дарга нар, байнгын хорооны гишүүд, УИХ-ын гишүүн Д.Энхбат, бие даагч гишүүн З.Алтай, СЕХ, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн төлөөлөл болон бусад субъект хамтран үүсээд буй асуудлыг УИХ-ын удирдлагын түвшинд дахин авч үзэх, зөвлөлдөх, зөв гарц олох, шийдэлд хүрч ажиллах гэсэн чигтэй байнгын хорооны хуралдааныг завсарлуулсан.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш