Хятадын инфляцийн өсөлтийг дагаад дэлхийн зах зээл дээрх алтны үнэ нэмэгдэж эхлээд байна. “Бид алтанд итгэж болох уу?” нэртэй номыг зохиогч АНУ-ын эдийн засагч, бизнессмэн Матью Бишопын үзэж байгаагаар иргэд болон хөрөнгө оруулагчид засгийн газар нь санхүүгийн хүнд байдалд ороод ирэхлээр хөрөнгөө хамгаалахын тулд алт худалдан авч, алт хэлбэрт шилжүүлдэг. Алт нь үнэ цэнэ, өнгө үзэмж, чанараа алддаггүй метал учир мөнгөний ханшны уналтаас хөрөнгөө хамгаалж байгаа эдийн засгийн наад захын арга юм. Түүнийхээр бол АНУ-ын холбооны нөөц долларыг зах замбраагүй ихээр хэвлэж байгаа нь эргээд долларын ханш унах, долларын ханштай уядаг газрын тос болон бусад өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг. Мөн доллараар гадаад худалдаа хийдэг орнууд өөр өндөр ханштай валютаар бараа бүтээгдэхүүн худалдаж аван алдагдалд орох зэрэг сөрөг нөлөөтэй байдаг байна. Дэлхийн зах зээл дээр бэлэн мөнгөний нийлүүлэлт ихсээд ирэхээр инфляци өсдөг. Америкчуудын хувьд өрийн хэмжээ зохих хэмжээнээсээ хэтрээд байгаа. Тэд инфляцийг өсгөх замаар өрөө бууруулах гэж байгаа нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж эдийн засагч, бизнессмэн Матью Бишоп үзэж байна. Алтны үнэ өсч байгаа нь Хятадын инфляциас гадна дэлхийн улсуудын иргэд хөрөнгө оруулагчид засгийн газар болон улс төрчдийн бодлого үйл ажиллагаанд итгэхгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээрээ хямраад ирэхээр засгийн газартаа итгэл алдсан хөрөнгө оруулагчид хөрөнгөө хамгаалж, алт болгож байгаа нь эрэлтийг өсгөжээ. Үүнээс болж алтны үнэ өсч байгаа юм байна.
Shuum.mn
Shuum.mn