logo
Салхи экспортлогч /Хошигнол/

Салхи экспортлогч /Хошигнол/

2012/04/12
Хэнд ч гай болохгүй явъя гэж би шийдлээ. Миний энэ шийдвэр надаас бусад хэнд ч хамаагүй, зөвхөн надад туйлаас чухал тийм “түүхэн” шийдвэр байлаа. Шийдвэр гаргасан юм чинь хэрэгжүүлэх хэрэгтэй болно. Хэрэгжилт дээр хяналт тавиад байх ч шаардлага байхгүй. Би өөртөө зориулж шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийнхээ дагуу “ажиллах” ёстой болохоор энэ бүхэн бүгд миний хувийн асуудал гэдэг нь тодоос тод тодорхой зүйл. УИХ нэг шийдвэр гаргаад тэрүүгээ хэрэгжүүлэх гэж “наян жил” болдог бол би бодож олсныхоо дагуу шийдвэр гаргалаа, наян секундын дараа хэрэгжүүлэх ажилдаа шууд орох нь тэр ээ.

Юуны өмнө би өөртөө маш том “зорилт” тавьсан юм. Энэ яваа насандаа дахиж хэнээс ч хэзээ ч юм гуйхгүй, хэзээ ч хэнээс ч мөнгө төгрөг зээлэхгүй гэж шийдсэн юм. Засаг төрөөс ч юу ч гуйхгүй гэж андгай тавилаа. Хүнээс мянган төгрөг зээлээд төлж чадахгүй гол гаргадаг надад итгэж зээл өгөх банк гэж юу байх вэ. Барьцаанд нь өгөх юу ч үгүй юм чинь. Илүү бандаашигаа тавих хэрэг үү... Оюутны далан мянгаа хэзээ өгөх вэ гэж ааш муутай деканы хаалгыг зүрхээ “туулай” болгон тогшихгүй, хорин нэгэн мянган төгрөгөө авна гэж хорооны банкны салбарын журам сахиулагч цагдаад “хонь” болж бороохойдуулахгүй, эх орны хишиг, эрдэнийн хувьцаа гэж өөрийгөө “баян” болгон дүрслэн бодож хуурахгүй, эгчмэд бүсгүйг “саах” гэж эр нөхрийг нь согтоод гудамжинд хэвтэж байхад нь хамжилцан өргөж гэрт нь оруулж, шивэртэй гутлыг нь сугалах гэж үйлээ үзэхгүй, хадан гэртээ очихоосоо өмнө “сая төгрөг”-өө аваад  ганц “том” цагаан сар хийж, хамаг ах дүү ач гучаа цуглуулан бэлэг тараагаад , мөнхийн орон руугаа явах гэж мааниа уншиж суугаа өвөөгийнхөө ар өвөрт “гүйж, тэтгэврийн хэд гурваас нь хугаслахгүй, ээжийнхээ цайны сүү авах мөнгөнөөс нь автобус унааны мөнгө гэж “хулгана” шиг “хумсалж” шогтохгүйн тулд би ийм шийдвэр гаргасан юм.

Хүнээс би юм гуйхаа больчихвол олон хүн надтай “мэндтэй устай” явах болно. Хавьтсан ойртсон болгоноосоо мөнгө нэхсээр сүүлдээ хүмүүс намайг харахаараа сүүлээ хавчуулаад “нохой” шиг зугтдаг болжээ. Нэг ёсондоо би гэдэг ядаргаатай амьтан мөнгө нэхдэг “муур” болчихсон тул намайг таньдаг “хулгананууд” Том, Жерри болох юм. Манай орцныхон намайг автобуснаас дөнгөж буухад гадаа хүүхдээ салхиулж байсан хүүхнүүд, байшингийн нөмөрт нарлаж байсан хөгшчүүл, дээс тоглож байгаа охидууд, бөмбөг тоглож байсан хөвгүүд бүгд “болжмор” шиг дэрхийн алга болно. Гудамжинд хэвтэж байсан согтуу нөхөр “эрүүл” болчихоод ум хумгүй харайна.

Хүнээс юм гуйдаг архаг өвчнийг минь эдгээх “эмч” гэж байна уу? Үүнд эрүүл мэндийн байгууллага бол юу ч хийж чадахгүй. Чадлаа гэвэл тарьж унтуулах ганц арга бий. Засаг төрөөс ч юу горьдох вэ дээ. Залилан хийдэг этгээдүүд засгийн эрх мэдлийг барьдагаас хойш сая доллар өгнө гэж хулхидаад сонгуульчихна. Сонгуулсаныхаа дараа буу шийдэмтэй цагдаагаар үүдээ мануулаад, цонхны хөшигний цаана мань мэтэд салаавчаа үзүүлээд суучихна... Тэгэхээр миний гуйлгачин занг хэн зогсоож, хэн өөрчлөх вэ. Хэн ч үгүй. Иймд өөрөө өөрийгөө өөрчлөх хэрэгтэй.

Ингэж бодсоны үндсэн дээр надад шинэхэн бизнес санаа төрлөө. Хаа сайгүй байдаг салхийг хамж аваад гадаадад гаргаж худалдах. Хаа очиж манай орон салхин тээрэм шиг юм. Нэгэнт өөрсдөө салхины эрчим хүчийг ашиглаад гурил тээрэмдэж чадахгүй, цахилгаан гаргаж мэдэхгүйгээс хойш “хог дээр хэвтэх ” үнэгүй “материал”-ыг ашиглан, салхи хэрэгтэй улс орнуудад худалдаж ашиг олно гэдэг бол гайхамшигтай санаа. Энэ гайхамшигт санаагаа гэрийнхэндээ хэлсэн чинь “Саваагүй нохой саранд хуцна” гэж том жижиггүй инээлдээд тоодог хүн байдаггүй. Өвөө харин хөөрөгийг нь гуйж барьцааны газар тавихгүй нь гэж ойлгосон бололтой “Манай нутагт Салхитын ам гэж өвөл зунгүй салхилж байдаг сайхан сэрүүн газар бий “ гэж зөвлөв.

Огт улаан мөнгөгүй хүн юу ч хийж чадахгүй тул миний “гуйлгачин” занг мэдэхгүй махны наймаа хийдэг өвөр монгол нөхрийг “панаалдаж” байгаад хамтран ажиллахаар боллоо. Өвөөгийн зааж өгсөн Салхитын аманд салхи сорох мотортой хоолой тавьж, салхиа нөөцөлж хадгалах агуулах уулын агуйг ашиглан хийв. Намайг бодоход хужаа нарын нарийн ухааныг мэддэг нөгөө өвөр монгол маань салхи нөөцлөх хальсан торх зохиож, өдөрт зуун литрийн багтаамжтай саванд мянга мянгаар нь салхи “үйлдвэрлэж” эхлэв. Салхины хэрэгцээний дутагдалтай хэдэн оронд гэрээгээр салхи нийлүүлж, хүнээс мөнгө гуйх битгий хэл хүнд гуйлгуулдаг болоод ирлээ. Ажил төрөл минь жигдрээд ирэхээр ухаан санаа сэргэж улам уужим болдог байх чив. Салхийг бүр агаарын бөмбөрцгөнд савлаж, Салхитын амны эргэн тойрон хэдэн зуун аварга бөмбөлөг хөх тэнгэрийг шинэ жилийн сүлд модны тоглоом шиг чимэглэх нь алсаас харахад гоё ч юм шиг.

Ажлын байр ч олноор гаргаж, надад мянган төгрөг зээлдүүлээд хулхидуулсан байрныхаа хэдэн ажилгүй нөхдийг ажилтай болгов. Гэвч сайн юманд садаа мундахгүй гэж нэг өглөө морь унаж, буу үүрсэн залуучууд манай салхины үйлдвэрийг бүсэллээ. Тэд хэдэн том агаарын бөмбөлөгийг буудаж, пинхийлгэснийхээ дараа “Хятадын хөрөнгө оруулалттай доншуучид зайлцгаа”, “Эх нутгийн салхи эх орондоо үлээг”, “Монголын баялаг Монголдоо” гэхчлэн уриа лоозон барин чарлаж орилж эхлэв. Хамтрагч өвөр монгол маань хар хөлсөө цувуулан хамаг бие нь чичирч зогсоно. Намайг олж учрыг олооч гэж сөгдөх нь холгүй гуйлаа. Шаварт унасан шарын эзэн гэдэг шиг эцсийн эцэст “Салхины магнат” миний бие тэдэнтэй очиж уулзлаа.

-Эр улсууд байна. Шуудхан учраа ололцъё. Та нарт юу хэрэгтэй байна? Санаа зовох юмгүй хэлцгээ гэхэд тэдний толгойлогч бололтой тэнзэн ташуур барьж, цээжээ ярсан хүдэр эр мориноосоо тонгойн над руу могой шиг нүдээр харснаа,

-Чи муу тонуулчин хэрээ мэдэж галзуураарай. Энэ нутгийн чинь салхи байтугай элсний ширхэг нь хүртэл үнэтэй юм шүү... Чиний өвөө энэ нутгийн хүн тул чамайг шууд хөөгөөд явуулчих хайран байна. Гэхдээ энэ нутаг чинь харах эзэнтэй, хамгаалах хөвгүүдтэй шүү. Бидний болзлыг биелүүлэх юм бол “харж үзэх” яриа бидний дунд байж болох юм гэж таахалзлаа.

-Болзлыг чинь эхлээд сонсож байж хариу өгье

-Чи муу өгөхгүй гээд яах юм бэ. Энд ирсэн арван таван хүнд сар бүр цалин өгч бай. Мөн өдөр бүр хүн бүрийн тоогоор шил архи өг.

Муу хар дүүрчихсэн дээрэмчин чинь архины төлбөр нэхэх нь үү. Ёстой муу даварсан гожиг вэ? Май энийгээ ав. Та нар өөрсдөө энэ салхиа мөнгө болгоорой гэж хэлээд би хар эрчээрээ гүйж, салхины агуулахны дугуй төмөр тагыг нээв. Хүчит салхи бууны сум шиг сүржигнэн алдуурч хөндийд зогсох морьтнуудыг юу юугүй тууж хөөгөөд талын нэг цацаан элдэв. Салхинд хийсэн унаж тусах, эргэлдэн хөөрөх морьтнууд үнэхээр инээдтэй байлаа... Маргааш нь байдал бүр дордов. Уулын аманд байрлах манай үйлдвэрийг танк хуягт бүхий цэргийн хүчин бүслэв. Тэнгэрт байлдааны онгоцнууд нисэж, нисдэг тэрэгнүүд уулын оройгоор тойрон гарч ирлээ. Цагаан хоолойгоор нэгэн цэргийн хүн бууж өгөхийг шаардлаа.

-Үйлдвэрт ажиллаж байгаа бүх хүмүүс ямар нэгэн хөдөлгөөн хийлгүй даруй гар өргөн бууж өгөхийг шаардаж байна. Онц аюултай зэвсэг үйлдвэрлэж буй үйлдвэрийн эзнийг хятадын тагнуулын хамт хурдан гарч ирэхийг анхааруулъя. Гурав тоолоход гарч ирэхгүй бол агаараас болон газраас цохилт өгөх болно гэдгийг анхааруулъя. Нэг. Хоёр. Гурав... Ингэж миний салхины эрчим хүчийг ашиглах төлөвлөгөө маань бүтэлгүй төгссөн юм. Харин эх орноо хамгаалах зэвсэг бүтээсэний учир миний шийтгэлийг ерөнхийлөгчийн өршөөлд оруулсан билээ.

Даваажавын Эрдэнэмөнх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш