logo
Сирийн цэргүүд Ливаны телевизийн зураглаачийг хөнөөжээ

Сирийн цэргүүд Ливаны телевизийн зураглаачийг хөнөөжээ

2012/04/12
Даваа гаригт Сирийн армийн цэргүүд Ливаны Ал-Жадид телевизийн зураглаачийг хоёр улсын хилийн ойролцоо буудан хөнөөсөн байна. Ливаны хойд хэсгийн Вади Халед мужид Ал-Жадид телевизийн ажилчдын сууж явсан машин руу цэргүүд гал нээх үеэр зураглаач Али Шаабан амиа алдсан гэж  тус телевизийн ажилтнууд мэдээлжээ.
Өнгөрсөн сард Сирийн армийн цэргүүд босогчдыг хөөн Ливаны Бекаа хөндийд орж ирсэн гэж Ливаны иргэд мэдээлсэн юм. Сирийн засгийн газрын хүчнийхэн Сири Ливаны хилийн ойролцоо халдлага дайралт хийж, Ливаны газар нутагт байсан хүмүүсийг шархдуулсан тохиолдлууд хэд хэдэн удаа гарсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Сирийн удирдлагууд дайн тулааныг эцэс болгох зорилготой олон улсын төлөвлөгөөг биелүүлэхгүй байна гэж Цагаан ордны төлөөлөгч Жэй Карни  мэдэгджээ. Энхийн төлөвлөгөөний дагуу мягмар гаригаас эхлэн Сирийн арми хотуудаас цэргээ татах ёстой байсан ч нөхцөл байдал улам дордож байна гэж Америкийн албаны хүмүүс үзэж байна. Идэвхтнүүдийн мэдээлснээр Сирид даваа гаригт 100 гаруй хүн амь үрэгджээ.
Сирийн удирдлагууд Кофи Аннаны төлөвлөгөөг хүлээж авсныхаа дараа буюу өнгөрөгч ням гаригт дайралтаа зогсоохоо батлахыг босогчдоос шаардсан байна. Харин гадны улсуудаас босогчдод санхүүгийн тусламж үзүүлэхгүй байхыг хүсчээ. Сирийн сөрөг хүчин болон Чөлөөт Сирийн Арми НҮБ-Арабын Лигийн гал зогсоох уриалгыг дэмжсэн ч засгийн шинэ шаардлагуудыг биелүүлэхээс татгалзсан байна.
Одоогоор Турк дэх түр хоргодох байранд Сирээс дүрвэн очсон 24 мянга гаруй хүн амьдарч байна. НҮБ-аас мэдээлснээр Сирийн аюулгүйн хүчнийхний харгис ажиллагаанаас болж сүүлийн 12 сарын хугацаанд 9.000 гаруй хүн амь насаа алджээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш