logo
Амьд хүүхдийг цогцос хадгалах газрын хөргөгчинд хийсэн байжээ

Амьд хүүхдийг цогцос хадгалах газрын хөргөгчинд хийсэн байжээ

2012/04/13
Дөрөвдүгээр сарын гурванд хорвоод мэндэлсэн энэ охин ердөө 800 грамм жинтэй. Эх нь түүнийг зургаан сар тээсний эцэст төрүүлжээ. Эцэг, эх нь түүнийг гайхамшигтай хүүхэд хэмээн нэрлэж байна. Учир нь Аргентины зүүн хойд хэсэгт орших Перрандогийн эмнэлгийн захирал Хосе Люз Мариниогийн хэлж байгаагаар бяцхан охиныг эхээсээ мэндэлсний дараа нярайн эмч нар үзсэн ч түүнийг амьд төрсөн гэдгийг нь батлах шинж тэмдэг огт илрээгүй аж. Тиймээс эмч нар түүнийг эндсэн гэж ойлгожээ. Гэхдээ охиныг хэсэг хугацаанд ажигласан байна. Улмаар түүнийг амьгүй төрсөн хэмээн зарлаж цогцос хадгалах газарт хүргэжээ. Цогцос хадгалах газрын ажилтнууд охиныг жижиг модон авсанд хийж, хөргөгчинд байрлуулсан байна. Үүнээс хойш 12 цаг өнгөрсний дараа эцэг эх нь салах ёс хийхээр очжээ.
Охины аав Фабиан Верон ярихдаа "Тэд дамнуургын дээр жижиг авсыг тавьсан байсан, авсыг битүүмжилчихсэн байсан, би очоод авсыг нээсэн, тэр үед хүүхдийн маань дээр цагаан бүтээлэг байгааг харсан, эхнэр маань бяцхан гарт нь хүрсэн, дараа нь нүүрнээс нь бүтээлгийг нь авсан, яг тэр үед хүүхэд маань уйлж эхэлсэн" гэжээ.
Ийнхүү охиныг амьд гэдгийг нь мэдсэний дараа эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн байна. Гэхдээ охины биеийн байдал муудаагүй гэнэ. Аргентины Эл-Чако мужийн эрүүл мэндийн албаны хүмүүсийн мэдээлснээр охиныг цогцос хадгалах газрын хөргөгчинд хийснээс хойш 12 цаг өнгөрсөн ч тэрээр амьд үлдэж чадсан байна. Эмч нар үүнийг цочирдон хүлээж авсан гэж  Перрандогийн эмнэлгийн захирал Хосе Люс Маринио хэлжээ. Тэрээр "Бидэнд болсон зүйлийг тайлбарлаж хэлэх үг алга, манай эмнэлэгт анх удаа ийм зүйл тохиолдлоо" гэсэн байна.
Эмнэлгийн захирлын хэлснээр охиныг эх барьж, үзсэн эмч, сувилагч нар болон цогцос хадгалах газрын ажилтныг түр саатуулаад байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ.
Харин эцэг, эх нь охиндоо Люсми Лагрос буюу Испаниар гэрэл, гайхамшиг гэсэн утгатай нэр өгсөн байна. Охины ээж Аналиа Боутет өмнө нь дөрвөн удаа төрж байжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш