logo
Каддафигийн дараах Ливид юу болоод байна вэ?

Каддафигийн дараах Ливид юу болоод байна вэ?

2012/04/13
Өнгөрсөн оны Арабын Хаврын шуурганд өртөж, ихээхэн хохирол амссан ч дарангуйлагчийг төрийн эрхнээс буулгаж чадсан улсуудын нэг нь газрын тосны баялаг ихтэй Ливи юм. Гэхдээ дарангуйлагчийг түлхэн унагалаа гээд бүх асуудал өргөс авсан мэт шийдэгдчихгүй болохоор одоогийн Ливи улсад нөхцөл байдал тогтвортой биш байна. Муаммар Каддафиг барууны хэвлэл мэдээллээр муулж, улс орноо 42 жил атгасан өвгөн дарангуйлагч хэмээн цоллож байсан ч түүнийг дэмждэг хүн олон байсан юм. Одоо ч гэсэн Каддафиг санагалзах хүмүүс байсаар байна. Тэд Ливийн одоогийн эрх баригчид буюу Үндэсний Шилжилтийн Зөвлөлийнхний толгойны өвчин байна. Ливийн зарим иргэд жагсаж, ҮШЗ-ийн удирдлaгуудыг авилгад идэгдсэн, хангалттай ажиллахгүй байна хэмээн шүүмжилж байгаа аж. Үүний хариуд засгийн газрын албан тушаалтнууд тэдгээр жагсагчдыг Каддафиг дэмжигч бүлгүүдийн гар хөл бологчид гэж тодорхойлжээ. Ливийн дотоод хэргийн яамны албан тушаалтнууд  хулгай дээрэм, буудалцаан зэргийг зогсоож чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна. Шүүх байгууллагууд ч доройтжээ. Зарим дайчдыг баривчлах үед найз нөхөд нь тэднийг шоронгоос оргуулдаг байна. Ливид ажилгүйдлийн төвшин бараг 30 хувьтай байгаа бөгөөд Үндэсний Шилжилтийн Зөвлөл босогчдын эгнээнд тулалдсан хүн бүрт нэг удаа 1600 долларын тэтгэмж олгожээ. Энэ нь зэвсэгт дайчид зэвсгээ  хаяна гэж тэд тооцоолсны үндсэн дээр хийсэн ажил аж.
Ливийн ард иргэд Муаммар Каддафигийн дэглэмийг эсэргүүцэж эхэлснээс хойш янз бүрийн зэвсэгт бүлгүүд армийн эсрэг тулалдсан. Улмаар тэд НАТО-гийн тусламжтайгаар Каддафигийн засгийн газрын хүчнийхнийг ялсан юм. Харин одоо тэдгээр эксремист бүлгүүд эрх мэдлийн төлөө тэмцэж байна гэхэд болно. Тэгэхээр Аль-Кайда Ливид нөлөөгөө тогтоох уу. Тийм бол хэзээ? Арабын хавар буюу Араб Хойд Африкийн орнуудад өрнөсөн хувьсгалт өөрчлөлтүүд төсөөлж байснаас тийм ч сайн сайхан үр дагаврыг авчирсангүй. Хувьсгалчид анх хяналтаа тогтоосон Ливийн Бенгази хотын шүүхийн барилгын орой дээр Аль-Кайдагийн хар тугийг мандуулжээ. Харин нийслэл Триполи хотод дайны үеэр сүйрсэн барилгуудын нуранги дүүрэн байна.
ҮШЗ улс орондоо хяналтаа тогтоож, сэргээн босголтын ажлыг хийхээр чармайж байгаа. Гэхдээ зарим удирдагчид нь өмнө нь үйлдсэн гэмт хэргээрээ зартай хүмүүс байна. Жишээ нь Абдулхаким Белхаж Триполи хотын цэргийн зөвлөлийн тэргүүнээр томилогдсон. Белхаж Афганистанд зэвсэгт босогчдын эгнээнд тулалдаж явсан бөгөөд 1992 онд Ливид эргэж иржээ. Тэрээр улмаар радикал Исламист бүлгийг удирдах болсон байна. Белхажийн бүлэг 1990-ээд онд Каддафиг хөнөөхөөр хэд хэдэн удаа оролдсон ч бүтэлгүйтэж байжээ. Гэхдээ энэ бүлэг Аль-Кайдагийн нөлөө бүхий гишүүдтэй холбоо сүлбээтэй байсан байна. Харин Каддафигийн тусгай хүчнийхэн Белхажийг барьж түүнийг хэдэн жилийн турш хорьжээ. Улмаар тэрээр 2010 онд суллагдсан байна. Белхажийн хэлсэн үг, хийсэн үйлдлээс харахад  тэрээр Исламын шашны үзэл суртлыг хатуу баримталдаг хүн юм.
Одоо Ливийн Триполи хотын олон улсын нисэх буудал Зинтан хотын зэвсэгт босогчдын хяналтанд байсаар байна. Тэдний мэдэлд нисэх онгоцыг устгах чадалтай хүнд зэр зэвсгүүд ч байна.
Зарим шинжээчдийн хэлдгээр өнгөрсөн онд барууны улсууд Ливийн хямралд хөндлөнгөөс яаравчлан орсон явдал нь энэ улсын газрын тосны их нөөцтэй нэг талаар холбоотой аж. Ямартай ч олон мянган хүний цусыг урсгасны дүнд Ливи улс ардчилалыг хөгжүүлсэн, хүний эрхийг дээдэлдэг, нээлттэй улс болох уу, эсвэл засгийн газрын хүч нөлөө сул, зэвсэгт бүлгүүд эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн улс болох уу гэдэг эгзэгтэй үе дээр ирээд байгаа юм.
Лалын соёл уламжлалтай хэдий ч ардчиллыг хөгжүүлж болдгийг Турк, Индонези, Албани, Бангладеш болон Малайз улсуудын жишээнээс харж болох билээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш