logo
МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах ажиллагаанд 300 орчим цагдаагийн алба хаагчид оролцсон

МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах ажиллагаанд 300 орчим цагдаагийн алба хаагчид оролцсон

2012/04/13
АТГ-аас өчигдөр мэдэгдсэний дагуу МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг өнөөдөр өглөөний 06.05 цагийн орчимд хэрэгжүүлж, түүнийг тусгайгийнхан болон цагдаагийн албан хаагчид Удирдлагын академийн ойролцоох байрнаас баривчилсан. Баривчлах ажиллагаанд гурван автобус дүүрэн цагдаагийн алба хаагчид болон олон тооны тусгайгийн ажилчид оролцлоо. Нийт 300 орчим цагдаагийн алба хаагчид оролцсон байх боломжтой гэх мэдээллийг газар дээр нь ажиллаж байгаа хэвлэлийнхэн хэлж байна.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдах үед УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, О.Чулуунбат,  Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар  хамт байсан аж. Дөнгөж сая байрнаас гарч ирсэн гишүүд хэвлэлийнхэнд ярилцлага өгч байна. Манай сэтгүүлчийн мэдээлснээр МАХН-ын даргыг баривчлах үед хамт байсан эдгээр гишүүдийн  биед цагдаагийнхан халдсан гэлээ. Ч.Улаан гишүүний нүдний шил хагарсан, Д.Тэрбишдагва гишүүний нүүр хавдсан гэдгийг гишүүд өөрсдөө хэллээ. Тэд УИХ-ын гишүүний халдашгүй эрхэд халдлаа хэмээн холбогдох байгууллагуудад хандахаа мэдэгдээд, МАХН-ын даргыг баривчилж байгаа энэ асуудлаар төрийн өндөрлөгүүдэд асуулга тавина хэмээж байна.

Ямартай ч яг одоогийн байдлаар баривчлах ажиллагаанд оролцохоор ирсэн гурван автобустай цагдаа нарыг дөнгөж сая эргэж татаад байна. Цагдаа нарын дийлэнх нь ажиллагаа болсон газрыг орхисон ч МАХН-ын даргын баривчлагдсан байрны гадна цагдаагийн хамгаалалт үлдсэн байгаа. Уг байрны нэг давхарт нь албан байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг бол бусад давхарт нь айлууд байдаг гэсэн мэдээлэл байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш