logo
Ш.Батхүү махны зах зээлийг дангаар эзэмших хүслээ биелүүлжээ

Ш.Батхүү махны зах зээлийг дангаар эзэмших хүслээ биелүүлжээ

2012/04/13
Ерөнхий сайд С.Батболдын  олигархиудын засаглалтай компанийг үгүй хийх төлөвлөгөө амьдралд шал эсрэгээрээ хэрэгжиж байна.  Улс төрчдийн нөөлөгт оршдог компаниуд бусдыгаа барьж идсээр улам ч томорч байна.  С.Баярын нөмөрт бойжсон “Жаст групп” өдөр ирэх тусам өргөжсөөр мөд хоёрдахь “М-Си-Эс” болох нь.  Шатахуун, мах, газар тарилан барилга тендер гээд орохгүй салбар авахгүй тендер гэж алга.  Ерөнхий сайд С.Батболдын С.Баяр ахаасаа хүлээж авсан олон “өв”-ийн нэг нь “Жаст групп”-ийг дэмжих явдал юм.  Монголын махны үйлдвэрлэл өдгөө тэр чигээрээ Ш.Батхүүгийн гарт орсон.  Өөрөө ч махны үйлдвэрүүдйн эрх ашгийг хамгаалах “Махны холбоо”-ны тэргүүн болоод авсан.  Өнгөрсөн жил гэхэд л “Махмаркет”, “Тайж трейд”, “Монгол мах экспо”, “Дорнын говь” гээд нийт 6 компани нөөцийн мах бэлтгэх болоход  хамгийн ихийг нь буюу 2500 тонныг “Жаст гурпп”-ын охин компани болох “Мах маркет” бэлдсэн.  Тэр ч байтугай нөөцийн мах бэлтгэх хөрөнгөнөөс хяналт шалгалт хийх зардал гээд  34 сая төгрөг төсөвлөн “Махны холбоо”-ндоо авчихсан.  Үүнд нь хотын ерөнхий менежер Ч.Бат их туслалцаа үзүүлжээ.  Ерөнхий менежерийн эхнэр олон жил “Жаст-Ойл”-д захирлын алба хашсан хойно ойлгомжтой биз. Тэгвэл махны үйлдвэрүүдээс Ш.Батхүүгийн мэдэлд ороогүй үлдсэн цөөн хэдийн нэг нь Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “Эрдэнэт прогресс” компани  байжээ.  Эзэн нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гишүүн агаад нэлээдгүй өртэй юм байсан .  Ингээд  “Жаст групп” янз бүрийн байдлаар дарамт шахалт үзүүлсээр байгаад Д.Тэрбишдагва гишүүнээс махны үйлдвэрийг нь өнгөрсөн сарын сүүлээр худалдаад авчихжээ. Өдгөө үйлдвэр хүлээлцэх ажил ид өрнөж байна.  Намын удирдлагуудтайгаа түнжин хагарсан Д.Тэрбишдагва гишүүний хувьд улс төрд үлдэхийн тулд их мөнгө хэрэгтэй гэдэг нь  мэдээж.  Харин Ш.Батхүүгийн хувьд мах үйлдвэрлэлийн зах зээл дэх өрсөлдөгчөө залгиж байгаа ээлжит нэгэн ажиллагаа юм.  Өнгөрсөн жил Сэлэнгэ дэх махны үйлдвэрийг “Жаст групп”-ынхэн худалдаж авсан ч одоо болтол ажиллуулаагүй байгаа аж .  Гэхдээ Ш.Батхүүгийн хувьд тухайн үйлдвэр ажиллах эсэх нь сонин биш харин “Жаст групп”-ынх болох нь л чухал гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш