Харин нууцад тооцогдох гэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын протколыг нийтэд ил болгохыг тэрбээр УИХ болон Үндэсний аюулүй байдлын зөвлөлөөс хүсч байгаагаа хэвлэлийнхнээр дамжуулан уламжилсан юм.
Ерөнхийлөгч асан Н. Энхбаярын олон нийтэд ил болгоно гэсэн 300 гаруй хуудас мэдээлэл бол долдугаар сарын 3,4,5 гээд гурван өдөр хуралдсан Намуудын удирдлагуудтай хийсэн хурлын проткол аж. Энэ материалын үг өгүүлбэр болгон нь түүний хувьд чухалд тооцогдох материал. Тиймээс ийм ийм чухал асуудал яригдсан гэдгийг тайлбарлаж хэлэх боломжгүй гэлээ.
Нөгөөтэйгүүр нууц гэгдэх “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ” дээр хэлэлцэгдсэн долдугаар сарын 1-ны асуудалд Монгол улс бусад улс орны хамтын ажиллагаанд саад учруулахуйц зүйл байхгүй. Мөн монголын зэвсэгт хүчний талаарх Улсын нууцад хамаарах материал байхгүй гэдгийг тэрбээр баталсан юм. Мөн тус хэргийн материальд хэлбэр талаасаа нууц гэсэн дардастай учраас л нууц хэмээгдээд байгаа гэсэн юм.
Харин энэ материалыг олон нийтэд ил болговол Цагдаагийн удирдлагуудад холбогдох шүүх хурал үнэн бодит болох болов уу гэсэндээ ийнхүү хүсч байгаагаа илэрхийлсэн. Үнэхээр долдугаар сарын нэгэнд холбогдох хэрэгт гол буруутан нь хэн байв гэдгийг тодруулалгүйгээр цагдаагийн удирдлага, эсвэл хэдэн цагдаагийн алба хаагч, хохирсон иргэд, өмгөөлөгчид гээд хэдхэн хүний голд л маргаан болоод өнгөрөх гээд байна. Цаана нь хариуцлага хүлээх ёстой эрх баригч хоёр нам сугарч байна гэдгийг хэлэх нь зүйтэй гэлээ. Харин Онц байдал зарласан байдлыг өөр арга байгаагүй гэдэг үгээр тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл Засгийн газар болон намуудын удирдлагууд мөн гадна болж байсан үйл явдалд онц байдал зарлахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Онц байдал зарласнаар дээрэм тонуул гэх мэт гэмт хэргийн шинжтэй зүйлүүд намжсан гэдгийг тодрууллаа.
Тэрбээр үгэндээ цааш нь “Долдугаар сарын 1-ны шөнө 11.30 цагаас онц байдал зарлах байсан ч бэлтгэл ажил хангагдаагүй байснаас болж 12 цаг гээд онц байдал зарласан. Үүнд нэг юм хэлэхэд онц байдал зарлахаас өмнө галт зэвсэг хэрэглэсэн гэж сонссон. Тухайлбал яг 12.00 цагаас өмнө шархадсан хүн байсан гэсэн үг. Үүнийг үнэн үү гэдгийг шалгадаг байгууллага нь шалгаж шүүх нь тогтоох хэрэгтэй. Үнэхээр цагдаа хүн буудсан бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Тиймээс 2008 оны долдугаар сарын 1-ны өдрийн үйл явдал үнэн бодит шийдвэрлэгдэх ёстой” хэмээсэн юм.
Г. Туяа
MEDEE.MN