Бүлгийн хуралдаан болон удирдах зөвлөлийн хурлаас хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд “2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг албадан саатуулжээ. Авлигатай тэцэх газар иргэн Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, түнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэжээ авах хүсэлт гаргасныг прокурорын байгууллага зөвшөөрч, шүүгч захирамж гаргасан байна.
Энэ үйл ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явагдсан гэж холбогдох албан тушаалтнууд мэдэгдсэн. Гэтэл үүнийг улс төрийн зарим хүчин улс төрийн байр сууринаас тайлбарлаж, түүнд МАН оролцсон мэтээр зориуд мушгин гуйвуулж байгаад харамсаж байна.
Харин хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа бусдын эрх, өмч хөрөнгөд хуул бусаар халдаж болохгүй бөгөөд ийм зөрчил завхрал гаргасан албан тушаалтан хэнтэй ч болов хатуу хариуцлага тооцох ёстой.
Цаашид хууль, шүүхийн байгууллагын аливаа үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, улс төрийн зорилгоор элдэв тайлбар дүгнэлт хийх нь асуудлын үнэнийг олоход саад тогтгор учруулж, олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, нийгэмд бухимдал үүсгэх ноцтой үр дагаварт хүргэж болзошгүйг сануулж байна.
Энэ ажиллагааг зохион байгуулсан Авлигатай тэмцэх газар, шийдвэр гаргасан шүүх, прокурорын байгууллага тухайн асуудлаар холбогдох тайлбар мэдээллийг хуулийн хүрээнд цаг алдалгүй олон нийтэд хүргэхийг шаардаж байна” гэв.