logo
7 сарын 1-ний хэргийг өмгөөлөх зоригтой өмгөөлөгч алга

7 сарын 1-ний хэргийг өмгөөлөх зоригтой өмгөөлөгч алга

2012/04/14
Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл, цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн дарга асан дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нарыг Сүхбаатар дүүргийн шүүхээс 14 хоног албадан саатуулах тогтоолыг гаргасан. Үүнтэй холбогдуулан өчигдөр Монголын өмгөөлөгчдийн холбооноос мэдээлэл хийлээ. Олны анхаарлын төвд байгаа хурандаа нарт холбогдох эрүүгийн хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч нартай холбоотой асуудал шинээр үүсч гарч ирж байна. Долдугаар сарын 1-ний хэргийн өмгөөлөгчөөр ажиллаж, мэргэжлийн үүргээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлж байсан өмгөөлөгч шүүхийн шийдвэрээр энэ сарын есний өдөр 7-14 хоног баривчлагдсан. Мөн өнгөрсөн мягмар гаригт дахин нэг өмгөөлөгчийг баривчилсан. Хоёр өмгөөлөгчийг баривчлах асуудал явагдахад өөрсдөө өмгөөлөгч авах хүсэлт тавьсан байна.

Өмгөөлөгч О.Алтангэрэлийн өмгөөлөгч Д.Даваагаас дараах зүйлийг тодрууллаа

-Өмгөөлөгч О.Алтангэрэлийг баривчлах шийдвэр нь хэр үндэслэлтэй вэ?

-Өнгөрсөн сарын 28-ны өдөр "Ганц худаг"-т болсон цагдаагийн хурандаа нарт холбогдох хэргийг даргалсан шүүгч Ч.Хосбаяр хүсэлт гаргасан. Мөн шүүх хуралд оролцсон прокуроруудын тайлбар, шүүхийн 88 дугаар тогтоолын үндэслэл нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30.1-д зааснаар О.Алтангэрэлийг баривчлах үндэслэлтэй гэж үзсэн байгаа. Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөл лхагва гаригт хэвлэл мэдээллийн хэрэгслээр болж байгаа үйл явдалтай холбогдуулан мэдэгдэл гарсан. Шийдэж болох хэрэг маргаан яагаад ийм байдалд хүрсэн нь сонин байна. Мэргэжлийн хүмүүс үүнийг хянадаг. Түүнд үнэлэлт дүгнэлт өгдөг хил хязгаараас яагаад даваад гарчихав. Мен өмгөөлөгч нар гэж сахилгагүй хүмүүс шүүхийн үйл явцыг зогсоолоо гэсэн мэдээлэл явж байна. Хуулиар эдгээр хүмүүст хүний эрхийг хамгаалахын тулд ганцхан боломж нь хуульд тавьсан хүсэлт, гомдлоо шалгуулах эрх байдаг. Эдгээр хүмүүс энэ хуулийнхаа дагуу ажилласан. Бусдын хэрэгт хошуу дүрж оролцож байгаа үйлдэл нь хууль зөрчиж байна. Нэг өмгөөлөгчид баривчлах арга хэмжээ авлаа. Маргааш нэр нь солигдоод үг үсэг таслал нь огт өөрчлөгдөөгүй шийдвэр гарсан. Одоо дараагийн өмгөөлөгч нарт айдас төрчихсөн байна. Энэ долдугаар сарын 1-ний хэргийг зориг гаргаж өмгөөлөх өмгөөлөгч алга.

-Үндэслэл болсон нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангасан уу?

-Шүүгчийн гаргаж байгаа хүсэлт нь нотлох баримт биш. Сүхбаатар дүүргийн шүүхийн 88 дугаар тогтоолд өмгөөлөгч нар шүүх хурлын даргалагч нарын зөвшөөрөлгүйгээр орхин гарсан. Мөн шүүх хурапдааныг үргэлжүүлэн явуулах үндэслэлгүй болгосон гэж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 252.2 хэсэгт улсын ялпагч, өмгөөлөгч, хохирогч,иргэний нэхэмжлэгч, шүүгч хуралдааны дэг зөрчиж, хуралдаан даргалагчийн    шийдвэрт захирагдаагүй бол сануулга өгдөг. Харин дахин зөрчил гарвал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 77 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу торгуулийн шийтгэл ногдуулна гэж заасан байдаг.

-Давж заалдах хүсэлтээ гаргасан уу?

-Сүхбаатар дүүргийн энэ сарын есний өдрийн 277 тоот шийдвэрээр 14 хоногийн хугацаагаар баривчлагдсан. О.Алтангэрэлийг Сүхбаатар дүүргийн шүүх дуудаж, Захиргааны хариуцлагын хуулийн 30 дугаар зүйлд зааснаар баривчлах тухай мэдэгдсэн. Хуульд заасан үндэслэл журам болон эрхийнхээ дагуу өмгөөлөгчид хандсан. Би өмгөөлж байгаа. Тухайн өдөр шүүхийн шийдвэрийг давж заалдах байсан боловч шийдвэр нь ажлын цаг дууссаны дараа буюу 19.00 цагийн үед гарсан учраас давж заалдаж чадаагүй. Баривчлагдсаны маргааш нь нийслэлийн шүүхэд давж заалдах гомдлоо гаргасан.

Н.Алтанцэцэг
Эх сурвалж: "Нийслэл таймс"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш