logo
МАХН-ын гишүүд УИХ-д мэдэгдэл хүргүүллээ

МАХН-ын гишүүд УИХ-д мэдэгдэл хүргүүллээ

2012/04/14
Өчигдөр үдээс хойш 15 цагийн үед УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал тэргүүтэй жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Жагсагчид МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсантай холбогдуулан УИХ-д мэдэгдэл хүргүүлж байгааг энэ үеэр гардуулж өгөв.
МАХН-ын нийт гишүүд, дэмжигчид улс даяар эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн бөгөөд хорин дөрвөн цагийн дотор МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллаж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож өгөхийг хүсч УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд уг мэдэгдлийг хүргүүлж байгаагаа төлөөлөгчид хэлж байлаа. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал хэлэхпээ, 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны орой Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын амь насанд халдахыг завдаж, хууль бусаар баривчилсан. Мөн тэнд байсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарын бүрэн эрхэнд халдаж, төрийн хамгаалалтын болон бусад хууль тогтоомжуудыг зөрчсөн. Тиймээс хууль зөрчиж, хүний эрхэнд халдсан энэ явдлыг УИХ засч залруулж өгөхийг шаардсан мэдэгдлийг хүргүүлж байна. Түүнчлэн буруутай албан тушаалтанд хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулахыг шаардаж байна. Бидний эсэргүүцлийн жагсаал өнөөдөр 14 цагаас эхэлсэн. МАХН-ын даргыг 24 цагийн дотор суллахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих гэдгээ мэдэгдэж байна. Эндээс гарах хариуцлагыг эрх баригчид хүлээх ёстойг албан ёсоор анхааруулан сануулж байна гэлээ.
УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж мэдэгдлийг хүлээн аваад “Энэ  мэдэгдлийг УИХ-ын даргад нэн даруй танилцуулах болно. Хууль зүйн шинжтэй аливаа үйл ажиллагаанд УИХ шууд оролцдоггүй гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Гэсэн хэдий ч уг мэдэгдлийг дамжуулах үүргийг УИХ-ын Тамгын газар гүйцэтгэнэ. Та бүхэн жагсаал хийж буй нийт гишүүд, дэмжигчдийг намжуу байлгаж, хууль ёсыг сахиж байхыг хүсч байна” гэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш