logo
Уртын дуу маань морин дэл дээр төрсөн урлаг

Уртын дуу маань морин дэл дээр төрсөн урлаг

2012/04/16

Монголын мянга мянга малчны нэг Дундговь аймгийн Дэрэн сумын харъяат Гарамын Дадьсүрэнтэй уулзлаа. Малчин хүнтэй мэнд мэдсэн ч  мал аж ахуй, малчны аж амьдралыг сонирхохоо энэ удаа түр орхисон юм.Намар дуусч өвөл дөхсөн энэ үеэр малчны амьдралаас сэдэв өөрчлөн хөөрөлдсөн яриагаа сонирхуулъя.

Уртын дуу маань морин дэл дээр төрсөн урлаг

- Дэрэн сумынхан боржгон уламжлал зан заншил, соёл, урлагийг хадгалж яваа ард түмний нэг. Уртын дууны баялаг өв сан, дуулах эрдмийн нутгийн онцлог шинжийг өөртөө хадгалж яваагаас тань сонирхон ярилцая.

- Дундговь  маань  Түшээт хан аймаг, Дайчин бэйс, Боржгин цэцэн вангийн хошуунаас бүрдсэн аймаг. Говь мэргэн ван,  Шавь хошуунаас ч байдаг л байх. Олон хошуунаас нийлсэн аймаг учраас  урлаг, дуу хуур нь аймаг дотроо ялимгүй өөр өөр аялгатай байх нь бий. Би бол Дайчин бэйсийн хошууны хүн. Түшээт хан аймаг Дайчин бэйсийн хошуу боловч Цэцэн хан аймгийн Цэцэн вангийн хошуутай хил залгаа нутагт өсч өндийсөн. Одоогийн Дэрэн сумын Тэгшийн хонхорын хүн. Олон газар явж үзээгүй. Тэгшийн хонхор, Гурван дэлгэр, Тавдай тал булаг гээд боржгин, Дайчин бэйсийн заагаар нутагладаг болохоор бүх насаараа л энэ нутгийн найр наадамд дуулж, уртын дууны мэдлэгтэй болсон гэхүү дээ.


-    Чухам аль айзам аялгуугаар та дуулдаг вэ?


-    Боржгин, бараат, төв халх гурван чиглэлээр юм болов уу даа. Яг боржгин дуу нь  аль юм, төв халх нь  аль юм, ялгааг нь малчин би нарийн сайн хэлж мэдэхгүй л дээ. Мэргэжлийн хүн л ялгаж хэлэх байх. Гэхдээ би зарим дуугаа хоёр хувилбараар дуулдаг. Яах аргагүй хоёр өөр сонсогдоно. Төв халх аялгуу нь энэ, боржгон аялгуу нь энэ гээд ялгахад мэргэжил онолын мэдлэг дулимаг даа.


-    Боржгон найрын дэг жаягийг танай нутгийнхан хадгалсаар явдаг. Тиймээс уртын дуугаа дуулах онцлог хэв шинж бас бий биз?


-     Тэгэлгүй яахав. Манай Тэгшийн хонхорынхон дууг хагасалж дуулдаггүй. Яг бүрэн бүтнээр нь дуулдаг. Одоо  уртын дууг нэг хоёр бадгаас хэтрэхгүй дуулдаг болж. Бүтнээр нь дуулах нь ховордчихож шүү. Манай боржгины хонхорынхон дууг хагасалж дуулбал бүтнээр нь дуулаарай гээд л шогны айргийг арав, хорин литрын хулаар уулгадаг. Найрын энэ дэг биднийг багаасаа дууг бүрэн бүтнээр нь дуулж сурахад нөлөөлсөн гэж боддог юм. Хоёрт гэвэл уртын дууны хэллэг бол  монгол бичгийн галигийн хэллэгтэй зохиогдсон байдаг. Тэр хэллэг нь хоолойд их сайхан тохирч, нугалаа нь цэвэрхэн гардаг юм шүү дээ. Тиймээс уртын дуугаа эртний монгол бичгийнхээ хэллэгээр дуулдаг. Одоо чинь зарим дуунууд арай л богино аялгуутай, үг нь орчин цагийн хэллэгээр болчихож. Орчин цагийн хэллэгээр дуулахаар арай л “модон” дуу сонсогдоод байдаг юм.


-    Нутгийн айзам аялгуутай дуунуудаа хэнээс өвлөсөн тухайгаа та сонирхуулаач?


-    Манай Тэгшийн хонхорынхон чинь нэг нэг дуунд эзэн болчихсон, тэрийгээ маш сайхан дуулдаг. Бүрэн гүйцэд мэддэг улс байсан юм. Цэнд- Аюушийн “Ар хөвч” алдартай. Тэр хүн надад “Ар хөвч”- өө хайрласан. Дорж- Ёнхор, Тавхай гуай нарын “Сэрүүн сайхан хангай” бий.  Даримаа чавганцын “Хээр нь халтар” намайг олонд танилтай болгосон.  Ваанчиг гуайн “Уяхан Замбуутивийн наран” дэлхий дүүргээд л явж байна. Нутгийн хөгшчүүлийн хоолойг би гүйцэхгүй ч гэсэн тэдний дуулдаг тэр агуу сайхан дуунуудыг яг тэр аялгуу айзмаар дуулж хадгалж явахыг хичээдэг.


- Дуулах эрдэмд суралцсан тухайд…?


-    Тэр энэ гээд нэр цохоод хэлчих хүн тун цөөн. Ижий аав хоёр маань уртын дууг их сайхан дуулдаг улс байсан болохоор тэд маань дуулж сургасан. Ер нь тэгээд мал аж ахуй, сүргийн бэлчээр, хээрийн салхи гэдэг сайн багш шүү дээ. Байгаль өөрөө л багшилчихдаг. Малаа хөөе хаая, чааг гүүгэлж явахад л нэг мэдэхэд дуучин болчихдог юм. Төлөө голсон эх малыг тойглох цийглэх, хөөслөх, өөвлөхөд дандаа л дууны аяаар аялгуулж хэлнэ...


- Гийнгоо ч бас дуулах эрдмийн дасгал мөн биз?


-    Тэгэлгүй яахав. Ерөөсөө уртын дууны хамгийн анхдагч том дасгал шүү дээ. Уртын дуу бол ердөө гийнгооноос эхэлж л буй болж байгаа юм. Харин харамсалтай нь одоо гийнгоо гэж бараг үгүй боллоо. Гийнгоолж байгаа боловч морины сэтгэл сэтгэж, чихийг нь сортолзтол гийнгоолдог хүүхэд  байхгүй болж. Энэ бол хүүхдийн буруу биш. Нийгэм, цаг үеийн буруу.


- Ховордчихсон гэх үү, эртний дуунууд таны урын санд нэлээд бий юу?


-    Радиогоор сонсогдохоо больсон дууг л хэлнэ үү гэхээс тэр гээд хэлчихэж мэдэхгүй л байна. Радиогоор сонсогдохоо больсон хэд хэдэн дуу бий. “Шажин түмэн эх”, “Тэгш таван хүсэл”, “Хуурын магнай, “Өргөн туул” гээд төрийн том дуунууд бий.


- Уртын дуу бол хоолойны чадал цараа шалгадаг гайхамшигтай урлаг.  Ямар хэмжээгээр хоолойны цараа шалгагддаг бол?


-    Боржгин дуу бол хоолойд их сайхан тохирдог дуу. Аргалаад эргүүлчихэд арай л амархан. Төв халхын дуу бол хоолойны цараа, амьсгаа их шаардана. Ер нь л хүчтэй хоолойтой хүн л дуулна даа. Аргагүй л хоолойны чадал шалгадаг. Цараа ихтэй. Мэргэжлийн дуулаачид, томчууд боржгин дууг хамаагүй илүү сайхан дуу гэдэг юм билээ. Би бол төв халхын дуу илүү гэж боддог. Цараа ихтэй, хүний чадал чансааг магад нэг шалгадаг. Гүн ухаан ч их шингэсэн байдаг. Түүх шашдир, дэлхий ертөнцийн аж байдал, юмс үзэгдэл тэр чигээрээ багтсан байдаг юм. Хамгийн гол нь үүнийг судлах хэрэгтэй байгаа юм.


Доод тал нь зургаан бадаг цаашлаад 12, 24 бадаг гэхчилэнгээр хоёр дахин нугарсан бадагтай, дээд тал нь дал гарсан бадагтай дуу бий. Үүнийг бүрэн бүтнээр сураад ирэхээр утга учир нь улам сайн тайлагдаад сонирхол эрхгүй татаад ирдэг  л дээ. Тиймээс залуучууд уртын дуугаа бүрэн сурах хэрэгтэй, багш нар нь ч бүрэн сургаасай гэж би хүсдэг юм.
Уртын дуу маань ерөөсөө л морин дэл дээр, хөдөө салхинд, найр наадамд  төрсөн урлаг юм шиг байгаа юм. Тиймээс ийм орчинд л амархан сурдаг. Түүнээс биш ширээний наана цаанаас тийм ч амар сурчихдаг урлаг биш юм шиг байна. Одоо ингээд хүүхдүүдэд зааж байхад илүүтэй мэдрэгдэж байна. Зарим хүүхдийн сонирхол ч дутагддаг тал бий. Уртын дуугаа бүрэн гүйцэд мэдэхгүй учраас сонирхож, шимтэж чадахгүй байгаа юм болов уу гэж боддог.


-Зууны манлай их дуучин Н. Норовбанзад гуайн төрсөн нутаг Дэрэн сум шүү дээ.  Норовбанзад гуайтай уртын дуу, урлагаар холбоотой байв уу?


-Тийм ээ. Норовбанзад гуай надаас үеийн эгч хүн. Бага залуудаа нутгаасаа гараад явчихсан болохоор уртын дууны сангаа нэг их арвижуулж амжаагүй байх гэж би боддог юм.  Өөрөө ч ярьдаг байсан, “Дэрэн сумаас би ганцхан дуутай л хүн” гэж... Тэр нь “Сэрүүн сайхан хангай” дуу юм. “Сэрүүн  сайхан хангай”-гаар фестивалиас алтан медаль авч, дэлхийд нэр алдар нь мандсан хүн шүү дээ. “Алтан медаль авсан “Сэрүүн сайхан хангай”- гаа одоо эргээд сонсоход ичмээр сонсогддог” гэж Норовбанзад гуай ярьдаг байсан юм. Нээрээ ч тэр үеийнх нь бичлэгийг сүүлийн үеийн бичлэгтэй нь харьцуулж сонсоход өдөр шөнө шиг байдаг л даа. Тэгэхээр хүний нас биеийг дагаж хоолойн чадал тогтдог гэмээр...

Норовбанзад гуай амралтаараа ч юм уу хааяа нутагтаа ирнэ. Нэг удаа намайг найранд дуулж байхыг харсан байх. Бид нэг сумынх мөртлөө хоёр өөр хонхорын улс. Норовбанзад гуай Их жасынх би Тэгшийн хонхорынх. Нэг удаа Норовбанзад гуай хэлж байсан, “Би Дэрэнгийн дуутай болмоор байна. Дэрэнгээсээ би ганц Сарьсан Тавхай гуайн зааж өгсөн “Сэрүүн сайхан хангай”- тай л хүн. Энэ ч бас яг мөн үү биш үү. Урлагийн томчууд энд нь тэг, ингэ гэж өөрчилсөөр байгаад  биш л болгочихсон юм шиг санагдаад байдаг юм” гэж ярьж байсан. Тэгээд надаар “Сэрүүн сайхан хангай”- г аялуулсан. Их нарийн ажвал өөр сонсогдсон байх. “Өө шал өөр юм байна. Би чинь Дэрэнгийн ганц дуутай гэж бодоод явдаг байсан чинь огт байхгүй хүн байна шүү дээ. Ядаад Дэрэнгийн ганц дуутай болохсон” гээд надаас хэд хэдэн дуу аялуулж, бичиж аваад явж билээ. Түүнээс “Уяхан Замбуутивийн наран” үнэхээр амьдарсан даа.


- Яг таны дууны сангаас суралцаж, уртын дууг эзэмшиж, таны дуулдаг ая айзмаар суралцсан шавь олон уу?


-    Намайг залууд надаас суралцсан хүн ховор доо. Нутгийнхны найр дээр хөгшин залуу, хөрвө нялхгүй л миний дуулдагаас сурдаг байсан ч албан ёсоор заалгаад байсан юмгүй. Залуучууд нийтийн жишгээр л уртын дуугаа сурч байгаа болохоор нутгийн онцлог айзам аялгууг өвлүүлчих юмсан гэж их хүсдэг юм. Тиймээс уртын дуу сонирхон сурахыг хүссэн хүүхэд залуустаа Тэгшийн хонхорынхоо аялгуугаар  заадаг. Гэтэл бас бодохнээ миний энэ зааж байгаа бусдаас арай өөр учраас хүүхдүүд маань нийтийн дунд ороод ирэхээр саад болчих вий. Мэргэжлийн сургалтаас арай өөр маягаар заагаад байдаг нь зөв үү буруу юу гээд тээнэгэлзээд л байна.
Уртын дуу дуулж сурна гэдэг хамгийн эхлээд сонирхол дээд зэргээр төрсөн байх учиртай. Би “Түмэн эх”- ийг дуулах дургүй байсан. Зургаахан бадаг дуу шүү дээ. Гэтэл манай нутгийн ахмадууд чи заавал сурах ёстой. Найр наадмын эхэнд дуулдаг энэ том дууг заавал сур гэж шаардаад, би дуулах дургүй байсныг ч хэлэх үү тав зургаан жил болж байж сая нэг сурч билээ. Гэтэл “Бор бялзуухай” гэдэг дуу дал гаруй бадагтай. Түүнийг би тав зургаан цагт сурсан. Ийм л зөрүүтэй юм. Үүгээр би юу хэлэх гээд байна гэхээр уртын дууг хэрвээ чин сэтгэлээсээ сонирхож чадвал сурч чадна.


- Та өөрийнхөө дуулдаг арга барилыг үгээр илэрхийлбэл яг яаж ойлгуулах вэ?

- Жишээлбэл “Хэрлэнгийн баръяа” гэдэг дууг төв халх, боржгин аялгуугаар дуулдаг шүү дээ. Төв халхаар бол доошоо буулт нь арай л дутмаг шиг санагддаг. Бадагнууд холилдчихсон байдаг. Дараалалаараа биш, бадаг бадагаас хольчихсон мэт сонсогдоод байдаг. Боржгин аялгуу бол дээшээ маш өндөр явна. Гэтэл тэрийг тайрчихсан юм билээ. Хоолойд тохируулдаг юм уу цаг хугацаанд тохируулсан юм уу. Уул гэж бодоход цаст оргилыг нь хасчихаад байгаа юм шиг сонсогдоод байна. Одоо нийтээрээ л ингэж дуулаад байгаа болохоор тэр жишгийг л дагахаас аргагүй биз дээ. Уг нь тэр уулын цаст оргилыг л байлгамаар байгаа юм. Ер нь уртын дуу дуулна гэдэг жишэхэд монгол хүн морьтойгоо тал газраар давхиж яваад дээшээ агаар мандал руу алгуурхан нисээд уулын оргил дээгүүр агаар мандалаар хөвж хөвж маш аажуухан доошилсоор уужим талдаа бууж ирэх учиртай юм л даа.

Дөчин дөрвөн жилийн өдөр бүрийг тэмдэглэж ирлээ

- Өдрийн тэмдэглэл хөтлөх санаа хэзээ төрөв өө?

-  Би 1966 оны тавдугаар сарын 15- нд Хэрлэнгийн хөвөөн дээрээс цэрэгт анх мордож байсан өдрөөс эхлэн өдрийн бүр тэмдэглэл хөтөлж өнөөдрийг хүртэл тасралтгүй 44 жил үргэлжлүүлж байна. Цэргийн тэмдэглэл нас залуу байсан болохоор гоё ч байдаг байлаа. Зарим нь яруу найраг, зохиол ч болчихоор юм шиг. Үүнээс өмнө хүүхэд ахуйдаа цагаан толгойн үсэг мэддэг бичдэг болсноосоо хойш дурсамж тэмдэглэл бичдэг байсан. Жилд 360 өдрийн тэмдэглэл бичнэ гэдэг асар их намтар түүх үлдээж байгаа юм шиг мөртлөө бас их “новш” бэлддэг юм байна аа. /инээв/


- Бодоход амьдралын бүхий л үе мартагдахааргүй үлдэж байна гэдэг гайхалтай сайхан юм аа.


- Тийм шүү. Тэмдэглэлээс маань тэр үеийн баяр бахархал, гуниг зовлон бүгд л харагдана шүү дээ.  Зарим үед дэвтрээ хараад уйлах үе ч бий. Түсхийтэл инээд алдмаар тохиолдол ч бас байдаг. Өдрийн тэмдэглэлээс мартагдсан бүхнээ сөхөж хардаг. Хүүхдүүд маань хэдний хэд дэхь өдөр хэдэн цагт, ямар од гаригт төрлөө гэдгийг эргээд харах зэргээр  сонин байдаг юм. Өдрийн тэмдэглэл маань хүнийг хилс хэргээс аварч байсан тохиолдол ч байдаг юм.

-Тийм үү?

-Би бригадын даргын алба хашиж байгаад ажлаасаа гараад нэлээд хэдэн жил болсон хойно нэг хүн 11 хонь 10 ямааны төлбөрт унаад шүүхийн асуудалтай болсон байсан. Би ажлаасаа гараад удчихсан байсан болохоор мэдэх зүйл байдаггүй. Тэгээд тэмдэглэлийн дэвтрээ эргэж харахад наадамд зориулаад хуушуур хийлгэхээр 11 хуц, 10 ухныг заазалсан байсныг тэмдэглэсэн байсан. Гэхдээ хүйсийг нь ялгаж бичээгүй, бас гуанзангийн хэрэгцээнд нийлүүлсэн цохоогүй, амьд малын тоонд нийлүүлж тэмдэглэсэн байгаа юм л даа. Тоо бүртгэгч хариуцлага алдсан бөайна л даа. Тэгээд нэг хүнд хилс төлбөр гаргачихсан. Заазалсан малын гэдэс цэвэрлэсэн Агвийжав гэдэг хөгшинд гэдсийг нь хөлс болгож өгөөд наадмын хоолонд хэрэглэсэн гэдгийг би тэр өдрийн тэмдэглэлдээ бичсэн байсан. Тэгээд тэр нэг хүнийг хилс төлбөрөөс аварсан юм.

-Содон содон үйл явдал хэзээ болж өнгөрснийг одоо та өчигдөр болсон мэт санана биз. Нийгэм, улс төрийн өөрчлөлт, улс орны хөгжил дэвшил таны дэвтэрээс харагдахаар юм байна аа?

-    Би содон  үйл явдал тохиосон өдрийн тэмдэглэлдээ анхаарлын тэмдэг тавьдаг юм. Заримыг нь зургаар тодорхойлдог. Хожим нь эргэж харахад хялбар. Тухайлбал энэ дэвтэр дээр 1994 оны 3 дугаар сарын 10- ны өдрийг улаанаар тэмдэглэсэн байна. Учир нь одоогийн ерөнхийлөгч Ц. Элбэгдорж манай суманд ирж байсан юм. Элбэгдоржтой би биечлэн уулзаж, үнэ ханшны хөөрөгдөл хэрээс хэтэрч байгаа, алт диллерийн хэрэг гээд тухайн цаг үед анхаарал татаж байсан 15 асуудлаар ярилцсан. Түүнийгээ нэг бүрчлэн ингэж тэмдэглэсэн юм. Энэ мэт нийгмийн шилжилтийн үеийн улс орны амьдралыг дэвтрээсээ л эргэж харна. Баримтат кино шиг санагддаг юм. Өнөөдөр гэхэд л Монцамэ мэдээ сонин сурвалжлагчтай уулзаад өөрийн тухай яриад сууж байгаагаа яг энэ цаг минуттай нь тэмдэглэнэ.  

-Амьдралынхаа бүхий л үеийн туршид өдөр бүрийнхээ тэмдэглэлийг хөтөлсөн хүн ховор байх шүү?

-Дэлхий дээр өдрийн тэмдэглэл тогтмол хөтөлдөгөөрөө Гиннесийн номд бичигдсэн хүн  26 жил 8 сар хөтөлсөн байдаг гэж ноднин жил монголын радиогоор ярьж байсныг сонссон юм.  Түүнийг сонсоод би бодож байлаа л даа. Би чинь дөч гаран жил тэмдэглэл хөтөлчихсөн болохоор надаас илүү тэмдэглэл хөтөлсөн хүн байхгүй ч юм шиг. Монгол улсын малчин нь хүртэл соёлтой байдаг юм байна гэдгийг дэлхийд таниулах юмсан гэж боддог. Дадьсүрэн гэдэг нэр байх шаардлагагүй. Хамгийн гол нь монголын жирийн нэг малчин хүн дэлхийд тэмдэглэлийн дэвтэр тасралтгүй хөтөлснөөрөө Гиннесийн номд оржээ гэж Монголынхоо нэрийг гаргах юмсан гэж нууцхан хүсдэг дээ. 

Эх сурвалж: "Мандал говь" сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш