Нийслэлийн 31 дүгээр сургуулийн бага ангийн багш долоон настай сурагчийнхаа биеийг хөхөртөл зоджээ. Болсон явдлыг тодруулбал, энэ сарын 11-ний өдөр тус сургуулийн 2А ангийн сурагч С завсарлагааныхаа цагаар ангийнхаа охинтой муудалцжээ. Хүүхдүүд тэрүүхэндээ гар зөрөлцсөн гэнэ. С-тэй муудалцсан охин ээждээ хов хүргэжээ. Охины ээж Г.Сарангэрэл тус сургуулийн бага ангийн багш. Тэрбээр охиноо өмөөрч С-ийг ангийнхных нь нүдэн дээр зодсон байна. Г.Сарангэрэл багш маш их уурлачихсан, охиныг зодож байхад ангид хоёр багш орж ирж салгаж авсан аж. С-ийн ангийн багш Д.Саранцэцэг болсон явдлын талаар “Өнгөрсөн лхагва гаригийн 13.20-13.30 цагийн хооронд болсон явдал. Сургуулийнхаа багштай ангидаа ороод иртэл Г.Сарангэрэл маш их уурлачихсан манай ангийн сурагчийг зодож байсан. Охины гар нь улаан гүвдрүү болчихсон, нүүр нь улайчихаад маш их айсан байдалтай уйлж байсан. Намайг байхад хүртэл охиныг зодох гээд гараа зангидаад дайраад байсан. Ангийнхаа сурагчийг тэр багшаас салгатал Г.Сарангэрэл багш уурлаж над руу дайрч эхэлсэн. Хэрвээ би хамгаалаагүй бол тэр охиныг бүр ч илүү зодох байсан. Бүр над руу “Энэ хүүхдийг дандаа өмөөрч, өвөр дээрээ суулгадаг. Толгой дээрээ гаргачихсан” гэх мэтээр дайрч, давшсан. Уур нь жигтэйхэн хүрчихсэн байна лээ. Одоо С өвчтэй гэх шалтгаанаар хичээлдээ явахгүй байгаа” гэсэн юм.
Харин охины аав “Тэр өдрийн орой нь охиноо зодуулсныг мэдээд эмнэлэгт хандсан. Зүүн гар нь хөхрөлттэй, толгой нь хавдсан, нуруу нь улайчихсан байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна. Бид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Бага ангийн багш өөрийн хүүхэд шигээ хүүхдийг зодож байгаа нь үнэхээр харамсалтай. Тэр багшийг дахиад хүүхэд зодох вий гэж болгоомжилсондоо хуулийн байгууллагад хандсан юм. Сургуулийнх нь багш нарын яриагаар Г.Сарангэрэл багш ганц манай хүүхдийг зодоогүй. Олон хүүхдэд гар хүрсэн юм билээ.
Миний охин Германд амьдарч байгаад ирсэн. Монгол хэл сайн мэддэггүй учраас монгол хэлтэй сургуульд оруулсан юм. Гэтэл хотын төвийн сургалт сайтай гэх сургуулийн багш нь ийм авиртай, хүүхдүүддээ гар хүрч байгаад харамсч байна” гэлээ.
31 дүгээр дунд сургууль циркийн хажууханд байдаг. Тус сургуульд очиход хүндэт самбар дээр Г.Сарангэрэл багшийн зураг байлаа. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт ажил дээрээ байсангүй. Багш нарынх нь яриагаар Г.Сарангэрэл багш 30 орчим настай. Бага ангийн багшаар долоон жил ажиллаж байгаа туршлагатай нэгэн гэнэ. Уурлахаараа дуу ихтэй, ууртай, ширүүн зантай гэж хамт олон нь түүнийг тодорхойлсон. Сурагчаа зодсон түүнийг багш нарын зөвлөлийн хурлаар оруулж, сануулах арга хэмжээ авсан аж.
Мөн хохирогч эцэг, эхийнх нь гомдлоор Г.Сарангэрэл багшийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. Тус дүүргийн цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч Н.Гансолонго “Хохирогч гомдол гаргаад удаагүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийднэ. Гэмтлийнх нь зэрэг ямар байхаас шалтгаална” гэлээ.
эх сурвалж: www.medee.mn