logo
Манай улсын 147 иргэн Хятадад ял эдэлж байна

Манай улсын 147 иргэн Хятадад ял эдэлж байна

2011/06/14
БНХАУ-д манай 147 иргэн ял эдэлж, арваад хүн гэмт хэрэгт холбогдон мөрдөн байцаалтад шалгагдаж байгаа ажээ. Тус улсад ял эдэлж байгаа иргэд эх нутагтаа ялаа эдлэх хүсэлт гаргадаг ч хоёр улсын хооронд ялтан солилцох гэрээ байхгүйгээс дээрх хүсэлт талаар өнгөрдөг байлаа.  Манай улс БНХАУ-ын талтай энэ асуудлаар 2005 оноос хойш ярилцаж эхэлсэн боловч Хятадын зүгээс нааштай хариу өгөлгүй явсаар иржээ. Тэгвэл хоёр улс ялтнаа солилцох тал дээр зөвшилцөлд хүрчээ. "Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээ"-нд гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатарт олгожээ. Гэрээг үзэглэснээр Хятадад ял эдэлж буй иргэдээ эх оронд нь авчран ялыг нь эдлүүлэх боломжтой болох юм. Ялтан шилжүүлэхэд бас тодорхой нөхцөлтэй аж. Тухайн ялтан өөрийн хүсэлтээр эх орондоо ялаа эдлэх өргөдлөө өгсөн байх хэрэгтэй юм байна. Мөн хорих ялаар шийтгүүлсэн байх учиртай. Тийм болохоор ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял сонссон хүмүүст дээрх гэрээ хамаарахгүй нь.
    Одоогоор манай улсын 10 гаруй иргэн эх орондоо ялаа эдлэх хүсэлт гаргасан гэнэ. Ямартай ч гэрээнд ялтанд оноосон хэргийг өөрчлөх эсвэл цуцлах эрхээ ял оноосон улс нь хадгалах учиртай болохоор эх орондоо ирсэн хүмүүс ялаас мултрах, ял завших боломж гарахгүй юм байна. Ялтан өргөдөл гаргасан ч ял оноосон тал нь зөвшөөрсөн тохиолдолд л шилжүүлэх заалттай гэнэ. Ялтан шилжүүлэх тохиолдолд гарах зардлыг хоёр тал өөр өөрийн нутаг дэвсгэрийн хил хүртэл гаргах юм байна.
    Манай улсад гадаадын 16 иргэн хорих ял эдэлж байгаа бөгөөд үүнээс 8 нь урд хөршийн иргэд ажээ.

Г.Бүрэн www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш