logo
Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзлээ

Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзлээ

2012/04/17
УИХ-ын Хуульзүйн байнгын хороо дөрөвдүгээр сарын 16-ны Даваа гарагийн үдээс хойш Төрийн ордны хуралдааны В танхимд хуралдаж энэ сарын 12-ноос 13-нд шилжих шөнө болсон үйл явдал “Монгол Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдалд нөлөөлсөн эсэх асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллуулж дүгнэлт гаргуулах эсэх” тухай хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан, Ц.Шинэбаяр нар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг албадан саатуулах явцад УИХ-ын гишүүний биед халдсан, эд хэрэгслийг эвдсэн зөрчил гаргасан цагдаагийн байгууллагын ажилтнуудын үйлдэл Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан УИХ-ын гишүүний халдашгүй байдалд нөлөөлсөн эсэхийг тогтоох ажлын хэсэг томилон ажиллуулж, дүгнэлт гаргуулах хүсэлтээ дөрөвдүгээр сарын 15-нд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд тавьсан байна.
Байнгын хорооны гишүүд “УИХ-ын гишүүний халдашгүй байдал” гэдэг ойлголтын хамрах хүрээ хязгаар ямар байх, энэ ойлголт ямар нөхцөл байдалд хэрэгжих, ажлын хэсэг байгуулснаар урьдчилсан байдлаар ямар эерэг болоод сөрөг үр дагавар гарч болохыг олон талаас нь нухацтай хэлэлцлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Зөвхөн УИХ-ын Хуульзүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулах нь өрөөсгөл, тал, талын байнгын хорооноос гишүүд оролцсон ажлын хэсэг байгуулах ёстой” гэж үзсэн бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Халдашгүй байдлын дэд хороо асуудлыг хэлэлцэх байсан юм биш үү?” гэж байв. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Халдашгүй байдлын дэд хороогоор ямар асуудал хэлэлцдэгийг та бүхэн бүгдээрээ сайн мэдэж байгаа. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг ярьдаг. Тийм байтал Төрийн байгуулалтын байнгын хороо ч юм уу, Халдашгүй байдлын дэд хороо гэж хаяглах нь учир дутагдалтай. Мөн тус байнгын хороонд УИХ-ын гишүүн Ч.Улаан, Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар харьяалагддаг. Нэг нь гомдол гаргаад, нөгөө нь хариуцлага алдсан болж хувирчихаад байна. Тэгэхээр бас асуудалтай. Дөрвөн гишүүний гаргасан гомдолд гишүүдийн биед халдаж, эд хэрэгсэл эвдсэн гэдэг үндэслэл тавигдсан. Тийм учраас асуудлыг би Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж бодож танилцууллаа” гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Шүүхийн шийдвэрийг хэн ч байсан хүлээн зөвшөөрөх ёстой. Саатуулах шийдвэр гаргасныг буруутгасан зүйл алга. Гагцхүү цагдаа, хүчний байгууллагуудын явуулж байгаа үйл ажиллагаа үнэхээр бохир, ур чадваргүй, хуулийн бус хүрээнд хийгдээд байгаад олон нийт жигшин зэвүүцэж байна. Нэг хүнийг баривчлахын төлөө 300-400 цагдаа, тусгай албаныхныг оролцуулж сүржигнэх хэрэг байсан юм уу? Дээр нь шүүхийн шийдвэрээ эхэлж танилцуулахгүйгээр ажиллагаа явуулсан байгаа. Уг нь эхлээд хаанаас, ямар шийдвэртэй яваагаа танилцуулж ажиллагаа явуулах байсан. Гэтэл баахан энгийн хувцастай, нүүрэндээ баг өмссөн этгээдүүд гарч ирээд дээрэм хийх гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм бүү мэд. Энэ явцад галт зэвсэг хэрэглээд иргэдийн амь нас хохирсон бол хэн хариуцлага хүлээх байсан юм бэ? Тухайн үед телевизүүд үйл явдлыг цаг алдалгүй хүргэж байсан, энд цагдаагийнхан хэргээр зодоон цохион үүсгэж байна гэж хэлж байсан. Магадгүй тэр долдугаар сарын 1-ний хэргийг цагдаагийнхан өөрсдөө энгийн хувцастай очоод өдөөн турхирч нийгмийг эмх замбараагүй байдалд өдөөн хатгасан юм биш байгаа гэх гаргалгаа хийхэд хүргэж байгаа. Хэдий болтол цагдаа, хүчний байгууллагууд ингэж сүржигнэдгээ болих юм. Би л нэг цагдаа, би л нэг тусгайгийнхан гэж хууль зөрчиж иргэнд халддагаа болих хэрэгтэй. Мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж ажиллах ёстой. Энэ баривчлах процессыг хараад монголчууд тэр шөнө унтаж чадаагүй, нэг хэсэг нь хэрэг явдал болж байгаа газарт очсон. Нөгөө хэсэг нь телевизор үзэж юу болж байгааг харсан. Харин ганц хүн унтсан байсан нь Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байсан. Ер нь бид ийм асуудалд үнэн зөв гаргалгаа гаргах ёстой” гэж ярьсан юм.
Ж.Сүхбаатар гишүүний хувьд энэ асуудлыг зөвхөн нэр бүхий гишүүдэд хамааруулахаасаа илүү нийт гишүүдийн асуудал гэж үзэж энэ чиглэлээрх хууль тогтоомжоо нарийвчлан боловсронгуй болгох, “УИХ-ын гишүүний халдашгүй байдал” гэдэг ойлголтын зааг ялгааг тогтоохын тулд асуудлыг ямар боловч авч хэлэлцээд ажлын хэсэг байгуулах нь зөв байх гэсэн саналтай байлаа.
Байнгын хороо асуудлыг ийнхүү хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийнхээ дунд санал хураалт явуулахад тэдний олонхийн саналаар уг асуудлаар ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш