Байртай болохыг хүсч буй бага дунд орлоготой иргэдэд цогц мэдээлэл өгөх зорилготой“ Барилга экспо-2012” үзэсгэлэн худалдаагаар орж, барилгын компаниудын санал болгож буй үнэ ханш болон бусад мэдээллийг танд хүргэе. “Барилга экспо 2012” үзэсгэлэн оролцож буй компаниудаас тун цөөхөн л Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т хамрагдсан байна. “Монгол хотхон”, “Алтай хотхон”, “Green resource” зэрэг цөөн хэдэн компани тус хөтөлбөрт хамрагдсан бөгөөд орон сууцны метр квадрат нь 1,4-1,7 сая төгрөгийн үнэтэй байлаа. “Green resource” компани 264 айлын орон сууцыг “Өгөөмөр” захын хажуу талд барьж буй юм байна. Тус компанийн орон сууц нь 1-2 өрөө бүхий байрууд бөгөөд метр квадрат нь 1.5 сая төгрөг. Тэгэхээр 38 метр квадрат байр авья гэвэл 53,900 сая төгрөгтэй байх шаардлагатай болох нь. Хамгийн үнэтэй орон сууц нь “Номин констракшн” компанийн “River Garden” хороолол. Метр квадрат нь хоёр сая 300 мянган төгрөг бөгөөд Туул голын хөвөөнд сүндэрлэх энэхүү тансаг байрыг бага, дунд орлоготой иргэд жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр авах боломжгүй. Учир нь тус хорооллын хамгийн талбайтай байр нь гэхэд 125 метр квадрат аж. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан гэх “Өндөр буянт холдинг” компанийн “Happy town” хотхон нь 2013 оны III улиралд ашиглалтад орох бөгөөд нэг метр квадрат нь 1,5 сая төгрөг аж. Баянзүрх дүүрэгт орших кино үйлдвэрийн буудлын хажууд баригдаж байгаа тус хотхон 360 айлын захиалга авах гэнэ лээ.
Байрны үнэ хямдрах уу?
Үзэсгэлэнгийн үеэр иргэдээс компаниудын орон сууцны метр квадратын үнэ 996 мянган төгрөг болон буурах уу гэсэн асуултыг хамгийн их тавьж байсан. Аргагүй ч биз. Өнөөдөр бага дунд орлоготой иргэдэд зориулсан байрны метр квадрат нь хамгийн хямдхандаа гэхэд л 1400000 төгрөг байгаа шүү дээ.
Өнгөрсөн долоо хоногт болсон барилгачдын зөвлөгөөнөөр Засгийн газрын тэргүүн “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд баригдаж байгаа барилгуудын нэг метр квадратын үнэ хэт хөөрөлттэй байгааг шүүмжилсэн. Өнөөдөр баригдаж байгаа барилгын өртөгт Сангийн яам, Газрын харилцаа барилга, геодези зураг зүйн газар, Монголын барилгачдын холбоо, Гаалийн ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд шалгалт хийсэн байна. Тус шалгалтаар барилгын компаниудын байрны үнэ хөөсрөлтэй байгааг олж тогтоожээ. Барилгын компаниуд байрныхаа метр квадратыг 990 мянган төгрөгөөр үнэлэхэд л 20 хувийн ашиг унгаж чадна гэсэн тооцоог шалгалтынхан гаргасан байна. Иргэдийн хамгийн ихээр сонирхож асуусан асуултад барилгын компаниуд “Энэ шийдвэр бол манайд хамаагүй. Манайх үнээ буруулах боломжгүй шиг Цаашид барилга барих газар, дэд бүтцийг төр шийдвэрлэсэн цагт байрны үнийг бууруулах боломжтой” гэдэг тайлбар өгсөн.
Барилгын компаниуд нэмсний учир?
Хоёрхон сарын дотор орон сууцны метр квадратын үнэ 100- 400 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Энэ талаар үзэсгэлэнд оролцож буй барилгын компанийн менежерүүд “Барилга дуусах шатандаа ороод гаднах хүлэмж, фассад, хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах зэрэг ажлын мөнгийг нэмж авч байгаа юм. Угаасаа л оны эхэнд байрны үнэ нэмэгддэг. Өнгөрсөн оныхтой харьцуулбал барилгын материал харьцангуй нэмэгдсэн” гэсэн юм. Харин шалгалтаар орон сууцны үнэ барилгын материалаас болон өсөх ямар ч үндэслэлгүй болохыг тогтоосон байна. Үнэн хэрэгтээ Засгийн газрын “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нэг жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгоно гэж зарласнаар эрэлт огцом нэмэгдэж, худалдан авагчгүй болоод байсан барилгын компаниуд ийнхүү үнээ өсгөсөн гэж хэрэглэгчид гомдоллож байнэ лээ.
Д.ЖАРГАЛСҮРЭН