logo
Стратегийн ач холбогдолтой ордуудын асуудлаар мэдээлэл хийлээ

Стратегийн ач холбогдолтой ордуудын асуудлаар мэдээлэл хийлээ

2012/04/18
Төрийн ордны хуралдааны Г танхимд УИХ-ын 2007 оны  27-р тогтоолоор батлагдсан стратегийн орд газруудын ашиглалттай холбоотой гэрээ хэлэлцээр болон Тавантолгойгоос Ухаахудагийг тусгаарласан үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх талаарх маргааныг судалж, санал дүгнэлт боловсруулан гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.
Ажлын хэсгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 2012 оны 12-р сарын 13-ны өдрийн хуралдааны шийдвэрээр 7 хүний бүрэлдэхүүнтэй, УИХ-ын гишүүн Д.Ганхуягаар ахлуулан байгуулсан бөгөөд тэд санал дүгнэлтээ намынхаа бүлэгт танилцуулан, бүлэг түүнийг дэмжсэнээр УИХ-ын холбогдох байнгын хороо, нэгдсэн хуралдаанд оруулахаар болжээ.
    УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуягийн мэдээлснээр бол “2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу УИХ-ын 2007 оны 12-р сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 15 ордын нэрсийн жагсаалт гарсны Оюутолгойн ордоос бусад нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн бөгөөд тэдгээрийн дотор Багануур, Эрдэнэтийн ордоос бусдынх нь лиценз хэн нэгэн этгээдийн нэр дээр ашиглагдаж байна. Тухайлбал, Тавантолгой, Төмөртэй, Цагаансуваргын ордуудын лицензийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд Тавантолгойн орд газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөлд шилжүүлсэн болон уг ордоос Ухаахудагийн орд гэсэн хэсэг нь Засгийн газрын шийдвэрээр эдийн засгийн эргэлтэнд орсон. Эдгээр ордын лицензийг авсан хувийн компаниудыг буруутгахаасаа илүү хууль зөрчин тасалж өгсөн Засгийн газар буруутай. УИХ-ын нэр бүхий гишүүд стратегийн 15 ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, салбарын сайд болон ТӨХ зэрэг хариуцсан газарт нь удаа дараа хандаж ирсэн. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ёстой гэсэн дүгнэлтийг АН-ын бүлэг дэмжсэн” аж.  
Ажлын хэсгийн гишүүн С.Эрдэнэ  ярихдаа:
-Стратегийн ач холбогдолтой 15 ордын асуудлаар Засгийн газартай хариуцлага тооцохыг УИХ-д удаа дараа сануулж байсан ч энэ асуудлыг олонхиороо авч үзэж, үндэсний баялаг болсон уул уурхайн  салбарын асуудал дээр дотоодын аж ахуйн нэгжээ дэмжихээсээ илүү гадны хөрөнгө оруулагчдад давуу эрх олгосон нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна.
Оюутолгойн гэрээ бол анхнаасаа луйврын гэрээ, сүүлийн 3-4 жилийн турш Монголын ард түмэнд ямар ашигтай вэ гэдэг асуудал яригдаж ирсэн. УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Судалгааны төвийн ажилтнууд УИХ-ын гишүүдийн захиалгаар Оюутолгойн орд Монголын эдийн засагт хэр зэрэг үр өгөөжтэй байгааг олон талаас нь судалж үзээд тус ордыг эдийн засгийн ямар ч ашиггүй байна гэж дүгнэсэн. Оюутолгойн ордын гэрээг нэг бол цуцлуулах, үгүй бол Монголд ашигтай хувилбараар нь шийдвэрлэж, Монголын талын эзэмших хувийг 51-д хүргэхийг Засгийн газарт даалгасан ч энэ ажил өнөө хэр нь хэрэгжээгүй л байна. Уг нь бид үндэсний аж ахуйн нэгж, компаниа дэмжих ёстой, ямар үр ашигтай ажилладгийг нь Ухаахудагийн орд дээр Энержи Ресурс компани харуулж байна. 2006 оны Ашигт малтмалын тухай хууль гадны хөрөнгө оруулагчдыг дэмжихэд чиглэж байсан бол өнөөдөр тэгэх шаардлагагүй, үндэсний компаниудаа дэмжих хэмжээнд хүрээнд байна. Гадны компаниуд Монголын ард түмний баялгаар үнэ хаялцан наймаалцаж байгаад дүгнэлт хийх цаг болжээ. Монголын төр өөрөө стратегийн ордуудыг будлиулж, мэдээлэлд ойрхон хэсэг нь л лиценз аваад халаасалж байна. Засгийн газраас өнгөрсөн 5 жилийн хугацаанд аль нэг ордын талаар ямар ч мэдээлэл хийгээгүй нь эргэлзээ төрүүлж байна гэлээ.
Г.Баярсайхан гишүүний хувьд  2006 онд ашигт малтмалын 6000 ордын тухай ярьдаг байсан бол 63, улмаар 40 болоод одоо бүр 15 ордын тухай л ярьж байна. Монголын баялаг ард түмний тогоонд орон ортлоо хэчнээн их гээгдсэнийг эндээс харж болно. ОХУ 2008 онд, Казахстан 2005 онд тус тус стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтынхаа хувь хэмжээг тодорхойлон гадны хөрөнгө оруулалт татахын тулд нээлттэй бодлого явуулж байгаад дараа нь уул уурхайн салбар дахь “үндсэрхэг үзэл” нь гарч ирдэг. Гэтэл манайд УИХ-ын 27, 39, 40, 57 дугаар тогтоолууд хэрэгжихгүй, монголчууд бидний хөрөнгөөр бидний нүднээс далд арилжаа наймаа явж байна гэсэн бол Л.Гүндалай гишүүн “Ер нь Монголын баялаг 1992 оноос эхлэн гадагш урсаж байгаа. Тамсагийн нефть, Бороогийн алт... гээд л хамаг баялгаа гадагш гаргасан нь анхнаасаа гадныханд найр тавьсны уршиг.  Гадныхныг ард түмнийхээ баялгаар хэтэрхий хаяр найргүй тоглуулж байгаа төр арчаагүй байна” хэмээн буруушаагаад “Ашигт малтмалын ордын лицензийг дотоодын компаниудад ч өгмөөргүй байна, тэдний цаана мөн л гадныхан байгаа” гэж ярилаа.    
Гишүүд ийнхүү мэдээлэл хийсний дараа дээрх асуудлаар нэгэнт ажлын хэсэг байгуулагдаж АН-ын бүлгээс уг хэсгийн санал дүгнэлтийг дэмжсэн шийдвэр гаргасан тул олон нийтийн анхаарал татаж түгшүүр төрүүлж буй энэ асуудал одоо байгаа боловч урагш ахих байх гэсэн найдлагатай байгаагаа илэрхийлсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш