logo
Иранд тохиролцоонд хүрэх боломж байна

Иранд тохиролцоонд хүрэх боломж байна

2012/04/18
Өнөөгийн ертөнцөд Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Хэрэв Иран улс барууны гүрнүүдтэй хэл амаа олоцож чадахгүй бол Персийн булангийн дайн мөргөлдөөнөөс зайлхийх боломж бага байна. Барууны ертөнцийн хувьд ч Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос нь наана амжиж зогсоох боломжгүйд хүрнэ. Тэгэхээр аль аль тал нь буулт хийх хэрэгтэй гэж шинжээчид үзэж байгаа юм. Одоо Ираны эрх баригчид барууны гүрнүүдтэй яриа хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа. Барууны улсууд Ираныг цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөж байна гэж буруутгадаг бол Иран улс ямар ч орон энхийн зориулалтаар цөмийн эрчим хүч гарган авах эрхтэй гэж “гүрийсээр” байгаа юм. АНУ Ираны уран баяжуулалтыг 20 болон түүнээс бага хувиар бууруулахыг шаардаж байгаа. Учир нь энэ лимит хэтэрвэл Иран цөмийн зэвсэг хийх бүрэн чадвартай болох юм.  Харин Иран улс 3.5-5 хувийн уран баяжуулах юм бол АНУ хүлээн зөвшөөрч болно. Учир нь энэ бага хувийн баяжуулсан уранаар цөмийн зэвсэг хийх боломжгүй. Харин эрчим хүч гарган авч болно. 2009 онд талууд энэ хувь дээр санал нэгдсэн. 2010 онд Иран улс уран баяжуулалтаа 3.5-5 болтлоо бууруулах санал тавьж байсан. Гэхдээ энэ тохиролцооны шүүмжлэлтэй тал нь Иран хэлсэн амандаа хүрч, уран баяжуулахаа бууруулах болон Олон Улсын Атомын Эрчим Хүчний (ОУЭХА) шинжээчдийг Иранд нэвтрүүлж шалгалт хийлгэх үү үгүй юу гэдэг нь асуудалтай байгаа юм. 2011 онд ОУЭХА Ираныг цөмийн зэвсэг хийж болохуйц хэмжээний уран баяжуулсан байна гэсэн дүгнэлт гаргасан. Хэрэв Иран хэлсэн амандаа хүрч барууны улсуудын шаардлагыг хүлээн аван уран баяжуулахаа бууруулбал АНУ Ираны экспортын хоригийг бага багаар цуцалж эхэлнэ. Гэхдээ Иран улс буулт хийхэд Ерөнхийлөгч Ахмаденижадаас гадна их удирдагч Хамени болон бусад албан тушаалтнууд их үүрэгтэй. Учир нь Иран иргэдийн бараг тал хувь нь их удирдагчийг дагадаг. Гэхдээ Иранчуудын хувьд цөмийн хөтөлбөр бараг үндэсний бахархал, нэр төрийн хэрэг болоод байгаа учир буулт хийх магадлал бага. Иран ОУЭХА-ийн шинжээчдийг улсдаа нэвтрүүлж, шалгалт үзлэг хийлгэн олон улсын хяналтан дор зөвшөөрөгдсөн хэмжээгээр уран баяжуулбал барууны улсууд хоригоо зөөллөх юм. Иранд одоо л эдийн засгаа өөд татах боломж байна гэж шинжээчид харж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш