logo
Нүүрээ нуугаагүй Интернет

Нүүрээ нуугаагүй Интернет

2012/04/18
Хэрвээ чи шударга хүн бол чамд нуугаад байх юм үгүй. Ийм маягаар хятадын эрх баригчид Интернетийг нууц нэрээр ашиглахыг хориглож байна. 3-р сарын 16 –наас эхлэн Хятад улсад  Интернетийн сүлжээнд зөвхөн  өөрийн нэрийн дор  мэдээлэл бичиж байхаар тогтов. Тэрч байтугай, бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, хаяг болон утсаа бичих шаардлагатай болов.

Интернэтийг  зоргоор нь тавина гэдэг бол  дэндүү  их хүч байх  ажээ.  БНХАУ-д аль хэдийнээс иргэний үнэмлэхийг үндэслэн тасалбарыг онлайнаар худалдаж эхэлсэн юм.  Полицын хүсэлтээр провайдер болон гар утасны оператор   үйлчлүүлэгчийн тухай бүхий л мэдээллийг өгнө. Нилээд дээр үеэс  хятадын томоохон хотуудад: Шанхай, Гуанчжоу, Шэньчженьд сүлжээний үйлчлүүлэгчид өөрийн жинхэн нэрээр бүртгүүлэх болсон юм. Бодвол тэр нь туршилт байж. Харин одоо улс даяар нууц нэр хүчингүй болов.

Хятадууд болгоомжлолгүй ярьдаг цорын ганц боломжоо алдаад байна. Тагнуулын өрсөлдөөний шинжээч Евгений Ющук тэмдэглэхдээ: «Нууцлал үгүй үед өөрийн хийсэн хэргээ  хариуцах ёстой. Хүмүүсийн өмнө ч тэр, улсын өмнө ч тэр.  Тиймээс янз бүрийн юмны тухай бага ярих болно. Хошин шог бага ярина, нөгөөтэйгүүр  доромжлол ч бага байна, хараал бага хэлнэ. Бүх юм илүү тайван, гэхдээ уйтгартай байх магад» гэлээ.

Түшмэлүүдийн дур зоргоороо аашилж байгаа тухай мэдээлэл ч бага байх болно. Одоо Хятад улсад дунд дэсийн  түшмэлүүд болон намын зүтгэлтнүүдийн ааш авирыг харуулсан     зураг, дүрсбичлэг, баримт бичгүүд  нууц нэрээр сүлжээнд   маш олноор гардаг юм. Зарим тохиолдолд хүмүүс мэдээллийг гаргахаас айдаг болно.  Ингэснээр эрх баригчид иргэдийг бага ч гэсэн эрхшээлдээ оруулж буй хэрэг юм.

Гэтэл өөр нэг асуудал   байна. Интернет нь  арабын хувьсгалыг хэрэгжүүлэхэд сүүлчийн бус үүргийг биелүүлж ирсэн юм шүү.   Тэрч бүү хэл, АНУ-н Төрийн департамент нийгмийн сүлжээг гадаад бодлогын нээлттэй хэрэглүүр гэж нэрлэж байна. Гэтэл Бээжин энэхүү гадаад нөлөөнөөс дээд зэргээр ангижрахыг хүсч байна гэж улс-төр, дорно-дахины  судлаач Стаснилав Тарасов  хэлээд

«Учир юунд байна вэ гэвэл, Интернетийн янз бүрийн сайтуудыг олонтоо  сурталчилгааны хэрэглүүр маягаар, тодорхой бус санааг тулгах болон  нууц ажиллагааг зохион байгуулах зорилгоор  хийгээд янз бүрийн өнгөт хувьсгалыг хийх зорилгоор ашиглаж   байна. Энэхүү үйл ажиллагааны эсрэг зогсохын тулд үүнтэй хоёрдогч сайтуудыг бий болгох ёстой юм. Гэхдээ энэ нь маш их хөрөнгө шаардана. Боловсон хүчний хувьд ч гэсэн маш өндөр мэргэжлийн байх ёстой.  Ихэнхи орнууд, Хятад ч мөн адил үүний гадуурх биш юм. Тэд радикал арга хэмжээг авч байна» гэв.

Хятадын хэрэглэгчдэд Твиттер, Фейсбуук болон You Tube   хэрэглэх боломж үгүй юм. Хэдхэн өдрийн өмнө “Хил хязгааргүй сурвалжлагч нар”  эрхийг хамгаалах байгууллага жил бүрийн илтгэлдээ Хятад улсыг Бахрейн, Куб, Иран, БНАСАУ, Туркменистаны нэгэн адил  “Интернетийн” дайсан бусад орнуудын хангалттай урт жагсаалтанд оруулжээ.

Гэтэл БНХАУ-ын хууль санаачлагчид цахим сүлжээ нь улсын хяналтан дор үлдэж, улс орны эдийн засгийн цэцэглэлтийн төлөө байх  ёстой гэж үзлээ. Хэрвээ үүний тулд чөлөөтэй үг хэлэх  болон хувийн амьдарлын халдашгүй эрхээ алдахаар болвол хариуцлагатай хятадын иргэн үүнийг  ойлгож тайван хүлээн авна гэж хятадын эрх баригчид үзэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш