logo
Сонгуулийн эрх бүхий 70 мянга орчим иргэн гадаадад амьдарч байна

Сонгуулийн эрх бүхий 70 мянга орчим иргэн гадаадад амьдарч байна

2012/04/19
“Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах тухай журам”-ын төслийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар танилцуулжээ.
Төсөлд Монгол Улсаас хилийн чандад суугаа нийт 40 Дипломат төлөөлөгчийн газарт иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах Комисс, салбар комисс байгуулах, тэдгээрийн чиг үүрэг, сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх, сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах, танилцуулах, санал авах ажлыг зохион байгуулах, саналыг нууцлалыг хангах зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулжээ.
Журмын төслийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Гадаад харилцааны сайдын хамтарсан тогтоол, тушаалаар батлахаар төлөвлөсөн байна. Төсөлд тусгаснаар сонгуулийн эрх бүхий иргэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө тухайн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт ирж бүртгүүлэх ёстой.
Иргэд санал өгөхдөө өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам, эсвэл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэж хуудсаа дугтуйд битүүмжлэн саналын хайрцагт хийх юм. Гэхдээ сонгогч бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс хамаарч саналаа биечлэн өгөх боломжгүй бол итгэмжлэгдсэн, сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар саналаа өгч болохыг журамд тусгаад байна.
Салбар комисс иргэдийн саналыг санал хураалт дууссан өдрийн дараагийн өдрийн дотор Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах Комиссоор дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх зэргийг ч  нарийвчлан тусгажээ. 
Өнөөдрийн байдлаар гадаадад сонгуулийн эрх бүхий 70 мянга орчим иргэн байгаа бөгөөд иргэний шинэчилсэн бүртгэлд 33 мянга гаруй хүн хамрагдаад байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш