logo
Мэргэжилдээ хэт мэргэших нь

Мэргэжилдээ хэт мэргэших нь

2012/04/19
-Алив хүн гуай түр зогсоодох. Бичиг баримт чинь байна уу.
-Байхгүй ээ.

-Юу гэсэн үг вэ.
-…

-Байгаагаар нь энийг чинь авчихъя.
-Яагаад?

-Юу яагаад гэж. Арай эрүүлжүүлэхэд хоносон юм биш биз. Ер нь та нэг л сэжигтэй харагдаад байна даа. Юм хум хулгайлаад явна уу, аан? Тэгээд хэлэхгүй юм биз дээ. За яахав. Хэд хоногийн тэнсэн өгье. Дараа уулзахаараа мэдүүлгээ үнэн зөв өгнө шүү. Одоо ингээд харь хэмээн эргүүлийн цагдаа яах ийхийн зуургүй түрийвчийг минь аваад биеийг минь хөөчихөв. Би архи уух биш. Жаахан бие тааруу. Гэвч хүүхдийнхээ ангийн хуралд суучих санаатай л гэлдэрч яваа царай нь. Ноёнтой сөргөлдвөл толгойгүй. Яршиг цаашаа арай гэж явсаар очтол багш бүсгүй ширүүн байна аа. Дарь эх минь гэж!
-Stop! What’s your name? Unauthorized persons not admitted!
Багшийгаа Англи хэл гээчийг заадаг гэж хүү хэлж байсан нь санаанд орлоо. Харь хэл бүү хэл сулхан хэлсэн монгол үгээ ойлгодоггүй толгой чинь чухам юу гээд байгааг мэдэхгүй ч ширүүн үг, хурц харцнаас нь болохоо байсныг ухамсарлаж тэрүүхэн тэндээ бөртгөнөн хүүгийн хурал хэмээн итгэл муутайхан бувтантал,

-Do sit down гэж байна. Богинохон хуруутай урт хумсаар ширээ рүү заахаар нь дүүрсэн хэрэг очоод л суучихлаа. Ихээхэн зорилготой очсон би асууж, зөвлөх байтугай ганц үг ч зөв сонссонгүй. Хажуугийн авгай “Ухна ишигний зовлонг мэдэх биш дээ. Чимээгүй л сууя” хэмээн шивнэж байлаа.
Дээхнэ бас нэг ингэж баларсан юм. Том хүүгээ ирээдүйтэй, эрэлттэй гээд байхаар нь компуутар гээч сургуульд нь оруулчих санаатай дагуулж очив оо. Захирал нь гээд зурагт ширтэж, хэдэн товч тожигнуулсан хархүү дээш доошгүй сүрхий харснаа,
-Тэгээд хандивын багтаамж хир вэ? гэлээ. Төлбөрийг нь л хэлж бaйгаа болов уу? “Хөдөө хэдэн мал бий. Хүүхээ. Зарж борлуулаад ч болов өгөлгүй яах вэ?”.

-Сайн байна. Танайх ер нь хир том фолдер вэ? Үгүй яахав дээ. Таныг эмгэнтэйгээ хичнээн файл үүсгэсэн бэ? л гэж байхгүй юу? Энэ хүүхэд чинь л лав таныг бүр коопийдчихжээ. За тэр яахав. Та хүүхдийнхээ фотог дижиталаар сайхан татуулаад фото шопоор тордуулчих. Тэгээд тэр хэдэн малаа эртхэн янзалж мөнгө төгрөгөө сэйвэлж бай. Ойлгоо. Ой санамжиндаа хийсэн биз.
Хүүгийн компьютер нь хир юм байгаа юм. Сийг нь сайн цэвэрлэж, маузаар замыг нь олигтой заагаад өгвөл ч хурдтай л байх ёстой доо гэсэн юм. Хөгшин би мөн л юу ч ойлголгүй гарч билээ. Энэ хүүхдүүдийн зөв ч юм уу, буруу ч юм уу? Уг ном нь тэгэх ёстой ч юм уу, мань хүмүүс хэтрүүлж дөвийлгөөд байдаг юм уу? Одоо ч учир нь олдох юм байхаа байж дээ.
Ийнхүү үр хүүхэд гэж хүний өөрийн амьтанд загнуулан нааш цааш шогшсоор бөөрөө өвчлүүлсөн “хэргээр” эмнэлэгт хэвтвээ. Сар орчмын “ял” авав. Эмч хүүхэн өдөр бүр шахам орж ирээд л бүртгэнэ.

-За хэний хэн билээ. Бөөрний асуудалд орооцолдлуу. Хэдэн бөөр гэмтээсэн. Бүтэн болгоход ч амаргүй шүү. Төлбөр мөнгө ч овоо гарна. Энэ хүнд димедрол өг.
-Эмчээ би 7 хоног димедрол уулаа. Миний залууд өвчин намдаах, унтах л гэж уудаг байсан юм. Одоо…

-Тиймээ одоо цаг өөр болсон. Та улирсан баларсан суртал ухуулга битгий хийгээд бай. Тэр өнгөрсөн нийгмийн чинь бүх юм өдөр шөнө шиг эсрэг болчихоод байна. Эмчлүүлж чадахгүй бол гарахгүй юу. Тэртэй тэргүй ор хүрэлцэхгүй байна гээд гарч одов. Би гэж зөнөг толгой мэдэхгүй байж буруу зөрүү юм яриад уурыг нь хүргэчихэв үү дээ. Гэсэн ч сэтгэл нэг л түгшүүртэй, хэт хоцрогдон мунхрахаасаа өмнө нүд аних юмсан ч гэж хааяа бодогдох…
Харин аз болж орой зурагтаар төрийн маань түшээ үг хэлэхдээ “Манай хүүхэд залуусын мэдлэг боловсрол дээд цэгтээ хүрэн алдан өндөрсөж, Монгол орон бар болоход ганц авиралт дутуу байгааг” мэдэгдсэн нь санааг минь бүрэн амрааж, эмчийн заавраар өдөрт хэдэн хайрцаг димедрол уусан ч яахав гэж бодогдсон шүү.

Б.Батчимэг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш