Шалтгаан нь Н.Энхбаярыг баривчлах үед цагдаагийн байгууллага хүний бие, эд хөрөнгө, эрүүл мэндэд бүдүүлгээр хандсан тул үүний хариуцлагыг салбар хариуцсан сайд хүлээн, албан тушаалаасаа огцрох ёстой гэж МАН-ын нэр бүхий гишүүд үзжээ. Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир, Ц.Цэнгэл, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн, Р.Раш, Д.Загджав, Ч.Улаан нарын гишүүд ийнхүү үзэж, ХЗДХ-ийн сайдыг огцруулахаар санал нэгдсэн байна. Тэдний олонх нь Н.Энхбаярын фэн. Ерөнхийлөгч аснаас “насан туршдаа” салж хагацаж чадахгүй яваа улс.
Н.Энхбаярын угсраа мэх
Хамгийн гол нь энэ асуудал зөвхөн Ц.Нямдоржид хамаатай хэрэг биш гэдэг нь анхаарал татаж байгаа юм. ХЗДХ-ийн сайдыг огцруулахаар санал өргөн барьсан нь олон дагалдах асуудлыг хөндөж, улс төр дэх үл ойлголцлыг дэврээх магадлал өндөр. Нэг талаасаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр баривчлагдахдаа зориуд зохион байгуулсан жүжиг тавьж, ингэснээрээ Ц.Нямдоржийг хөлдөө чирч буй нь МАХН-ын даргын угсраа мэх гэлтэй. Н.Энхбаяр өмнөхөөсөө ч илүү хүчээр МАН-д нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсч байна. ХЗДХ-ийн сайдыг огцруулснаараа төрийн өмч хөрөнгөнөөс хэдэн сая ам.доллар идчихэж болдог юм байна, тэгээд цагдаа, мөрдөн байцаагчдыг хоёр жил шахам хойноосоо гүйлгэж бас болно. Адаг сүүлд нь баривчлагдахдаа хөгшдийнхөө гэрт бүгж, баашлаад хэвтчихэж бас болдог гэсэн хамгийн эрсдэлтэй ойлголтыг энгийн олон түмэнд өгч буй хэрэг юм. Н.Энхбаяр баривчлагдана гэдгээ цаг минутаар нь мэдаж байсан гэдэг мэдээлэл бий. Чухам яагаад энэ хүн эл зүй ёсны баривчилгааг мэдэх болов? Үүнд үүрэн холбооны оператор компани хамаатай байж болох уу? Эсвэл Н.Энхбаярын бүрэн техникжсэн, Монголын цагдаагийн байгууллагаас хамаагүй өндөр түвшний систем тоног төхөөрөмжтэй гэх хувийн хамгаалалтын алба үүргээ ийм сайн биелүүлсэн нь энэ үү?
Хүний амь эрсдэж ч болох байв
Ямартай ч хоёр жил шахам цагдаад дуудагдаж, муур хулгана болж тоглосон Н.Энхбаяр баривчлагдахаасаа өмнө улс төрийн чанартай олон ажил амжуулсан байдаг. Төрийн ордонд ажиллаж, хэвлэлийнхэнд өөрийнх нь луйвартай огт хамаагүй Долоодугаар сарын нэгний үймээнтэй холбоотой протоколыг дэлгэн, АН-ын “Алтангадас” фракцынхантай уулзаж, энэхүү улс төрийн идэвхтэй үйлдлээ хэвлэлийнхэнд хангалттай хүргэж амжсан. Ингээд оройхон гэртээ харьсангүй. Гэрийнх нь тэнд баривчлах шийдвэр барьсан цагдаагийнхан хүлээж байгааг мэдсэн болж таараад байгаа юм. Аавындаа ирж “бүгсэн” дүр зураг эндээс харагддаг. Олны анхаарлыг нэг их таталгүй, бусдын адил чимээгүйхэн баривчлах төлөвлөгөөтэй байсан цагдаагийнхан Н.Энхбаярын аавын гадаа очиход хамгаалагч нь буугаа гарган сумласан гэж байгаа. Тэгэхээр хүний амь ч эрсдэж болох байлаа. Баривчлах ажиллагааны үеэр зориуд өөрийн мэдлийн “ТВ-9” телевизийг бэлэн байлгаж, уг үйл явдлыг шууд дэлгэцээр цацаж эхэлсэн нь нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулж, асуудлыг улстөржүүлсэн хийрхэл байлаа.
За, дараа ирье гээд гарах байсан юм уу?
Цагдаагийн ажилтнуудыг телевизийн камераар сүрдүүлэн, ажлаа хэвийн явуулахад нь саад болон дарамталсан хэрэг гэж энэ оройн үйл явдлыг өөр өнцгөөс ойлгож болно. Мэс заслын эмчийн хажууд камер барьсан сурвалжлагч зогсоод байвал амбицтай нэгэн л биш бол сандарч бухимдаж таарна. Буруу зөрүү үйлдэл хийж, өвчтөнөө хохироох магадлал өндөр. Харин ч ийм нөхцөлд цагдаагийнхан ямар ч гэсэн зорьсондоо хүрсэн. Хэрэв буцаад явсан бол өдийд “Эгэл ардын хүүг гөлөг шиг чирээд явж байгаа даа, дарга Ерөнхийлөгч явсан хүнд хууль өөрөөр ханддаг юм байна” гэсэн төөрөгдлийг бий болгох байлаа. Хуулийн дагуу баривчлах шийдвэр гарчихаад байхад баахан улстөрч дуудаж ирүүлчихээд дунд нь пээдийж, телевизийн камер өмнөөс нь буу шиг барьж, хамгаалагч нь гар буугаа сумлан угтаж байхад цагдаа өөрөөр яах ёстой байсан гэ?
-“За, дараа ирье” гээд гарах уу? Монголын нийгэм харьцангуй тайван, цагдаагийн байгууллага нь Америкийнх шиг бүрэн эрхээр хангагдаагүй тулдаа хүндрэлтэй нөхцөлд чадахаараа аядуу ажилласан гэж хэлж болно.
МАН-ын арьс нөмөрсөн МАХН-ын гишүүд
Н.Энхбаярыг баривчлах сургаар үйл явдлын халуун цэгт гүйж очсон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан О.Чулуунбат нар өөрсдийг нь юу хүлээж байгаа гэж бодсон нь сонин. Яваад очингуут гишүүний гэгээн дүрийг харангуутаа цагдаа нь ханарч унаад, иргэд нь намирч ойчоод зам тавин оруулна, мэхэлзэж бөхөлзөнө гэж мөрөөдөөгүй биз дээ. Үйл явдлын ширүүхэн өрнөл дундуур цагдаа тавих ёстой шаардлагаа тавьсан. Гараа шилэндээ аваад хэвт гэхгүй юу гэх байсан гэж? Энэ нь нэг талаасаа тухайн хүнийг хамгаалах нэг хэлбэр байдаг гэдгийг кино үздэг хүүхэд ч мэднэ. “Та энд морилж соёрхоно уу, бид даргыг чинь аятайхан баривчилмаар байна” гэж найр тавина хэмээн эвдүүрээгүй байлтай. Ийм үед ганц хоёр нудруулах юу ч биш. Өдий хүртлээ гар зөрүүлж ганган тавиулж үзээгүй эр хүн гэж баймгүй. Гэтэл УИХ-ын гурван гишүүн сайн дураараа очиж самуунд оролцон, зарим нь төрийн цагдаагийн өмнөөс салаавч үзүүлж “новширчихоод” одоо болохоор нялцганаж, байх юм. МАН-аас гарч, Н.Энхбаярын намд элсэх тухай хэвлэлийнхэнд баатарлагаар мэдэгдэж байсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарыг эдүгээ МАХН-ын өмнөөс Ц.Нямдоржийг огцруулах санал оруулж байна гэж ойлгох уу?
Эсвэл МАН-ын өмнөөс ярьж байна гэж таах уу? Бүр өөрөөр, МАН-ын арьс нөмөрсөн МАХН-ын хүн гэж ухаарах уу?
Ц.Нямдоржийг огцруулж болно. Тэр дураараа нөхрийг огцруулахыг олон дайсан нь хүсдэг биз. Гэвч Ц.Нямдорждоо учир нь байгаа юм биш. Асуудлын учиг болоод зангилаа өөр юманд, улс төрийн ёс зүй, үнэ цэнэд байгаа юм.
Даварсаар даварсаар дарангуйлагч
Н.Энхбаярын урт гар Монголын улстөрд хүссэнээрээ сарвайж сарвайснаа авдаг үеийг эргүүлэн авчрах эхний алхмыг энэ есөн гишүүн Ц.Нямдоржийг огцруулах санал оруулснаараа хийлээ. Өөрөө хэлмэгдсэн хүний дүрд тоглож өрөвчхөн хүмүүсийн өр зүрхийг зурах тусмаа Н.Энхбаяр МАН болоод АН-ыг нэг хэсэгтээ санаснаараа доргиох болно. Н.Энхбаярыг баривчилсан орой буу байсан уу гэвэл байсан. Гэхдээ буу дуугараагүй. Хүний амь эрсдээгүй. Монголын цагдаа хэм хэмжээндээ, чадах хэрээрээ, олдсон боломжийг ашиглан, урьдчилан төлөвлөөгүй нөхцөлд ажилласан. Өөрөөр яах ёстой байсан гэж Ерөнхийлөгч асны шанаанд буу тулгаад аваад гарах байсан юм уу? Долоодугаар сарын нэгний үймээнийг өөр нэг хувилбараар давтах гэсэн Н.Энхбаярын санаархал удаан үргэлжилсэнгүй нурсан. Гэвч ард нь улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт дахиад л давтагдах уу?
Ийм байтал Н.Энхбаярын хөлд Монголын төрийг дахин “дэвсэхийг” нэр бүхий есөн гишүүнд зөвшөөрч болох уу?
Эцэст нь
Ц.Нямдоржийг огцруулж болно. Бүр хүсээд байвал хорьж ч болно. Гэхдээ асуудал үүндээ байгаа юм биш. ХЗДХ-ийн сайдын суудалд ч байгаа юм биш. МАН болон АН-ын байр сууринд ч байгаа гэж бодохгүй байна. Монголын улс төрд Н.Энхбаярын хүмүүс, Н.Энхбаярын үзэл суртал хүчтэй орж ирэх хаалгыг бид дэлгэх гээд байна. Даварсаар даварсаар дарангуйлагч болдог түүний зуршлыг нийгэм мэднэ. Өөрийг нь хүндэлсэн олон түмний итгэлийг дааж чаддаггүйг нь бас мэднэ. Ийм тохиолдолд нэг л үг хэлэхийг хүсч байна.
Төрийн хүн ч гэсэн эрчүүд. Эр хүн шиг бай л даа!
Р.Эмүжин